Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм
Жирэмслэхээс хамгаалах эмээ уухаа мартах, жирэмслэж болох үед хамгаалтгүй бэлгийн хавьталд орох, бэлгэвч цоорч урагдах, умайн ерөндөг унах, хүчиндүүлэх зэрэг санамсаргүй бөгөөд харамсалтай явдлууд амьдралд тохиолддог. Ийм үед жирэмслэхээс хамгаалах зорилгоор уг аргуудыг хэрэглэж болно. Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд дааврын эмийг өндөр тунгаар хэрэглэх замаар жирэмслэхээс хамгаалах арга болгон хэрэглэж иржээ. Уг аргыг үр дүнтэй хэрэглэхийн тулд хамгаалтгүй бэлгийн хавьталд орсны дараа, өндөр тунтай дааврын эмийг 72 цагийн дотор багтаж уух ёстой. Давтан тунг түүнээс хойш 12 цагийн дараа уух замаар жирэмслэхээс хамгаалж чадна. Өөр нэг арга нь умайн хөндийд зэстэй ерөндөг тавих арга юм. Үүнийг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 5 хоногийн дотор багтаж тавьдаг.
Хэрхэн хамгаалдаг вэ?
Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм нь өндгөн эс бүрэн боловсорч, гадагшлахыг саатуулдаг. Умайн хөндийд ерөндөг тавих нь үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдэж, хөгжихийг саатуулна.
Үр дүн:
Хэрэв хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор багтаж эмийг уувал жирэмслэх магадлалыг 75 хувь хүртэл бууруулж чадна. Гэхдээ яаралтай уудаг эм нь өдөр тутам хэрэглэдэг дааврын эмийг бодвол үр дүн багатай. Нэг удаагийн хамгаалалтгүй бэлгийн хавьтлын дараа жирэмслэх магадлал 8 хувь байдаг бол, уг эмийг хэрглэснээр энэ үзүүлэлт 2 хувь хүртэл буурах боломжтой. Тиймээс аль болохоор өдөр бүр уудаг эмээр хамгаалах нь найдвартай.
Давуутай талууд:
- Төлөвлөөгүй нөхцөл байдлын дараа жирэмслэлтээс хамгаалах нөлөө үзүүлнэ.
- Нэгэнт болсон бэлгийн хавьтлын дараа хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах нөлөө үзүүлэх цорын ганц арга.
- Хүсээгүй жирэмслэлтийн тоог бууруулснаар үр хөндүүлэх хэрэгцээг бууруулна.
Сул талууд:
- Яаралтай ууж жирэмслэлтээс хамгаалах эмийг гэр бүл төлөвлөлтийн бусад аргыг орлуулан хэрэглэж болохгүй
- Уусны дараа жирэмслэх магадлал харьцангуй өндөр байдаг
- Гаж нөлөө үүсэх нь элбэг байдаг
- Хөх хөндүүрлэх
- Толгой өвдөх
- Дотор эвгүйрэх
- Бөөлжис цутгах
- Ядрах
Хэрэглэж болохгүй тохиолдол:
- Тархинд цус харвасан
- Цусны бүлэгнэлтийн хямралтай
- Зүрх судасны эмгэгтэй
- Жирэмсэн гэдэг нь тогтоогдсон
Хэрэглэх заавар:
- Бага тунтай дааврын хавсарсан эм “Ригивидон” юмуу “Микрожинон”-ийг нэг дор 4 ширхэгийг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор ууна. Хоёр дахь тун 4 ширхэг эмийг эхний тунг ууснаас хойш 12 цагийн дараа ууна.
- Дан прогестин даавар агуулсан “Постинор”-ыг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор 1 ширхэгийг ууж, 12 цагийн дараа дахин нэг ширхэгийг ууна.
Анхаарах зүйл:
- Толгой өвдөх, хөх хөндүүрлэх зэрэг зовиуруудыг багасгах зорилгоор өвчин намдаах эмийг хэрэглэж болно.
- Эмээ бага зэрэг сүү юмуу хоол идэж уусны дараа хэрэглэвэл бөөлжис цутгах нь багасна.
- Хэрэв эм ууснаас хойш 2 цагийн дотор бөөлжвөл эмээ нөхөж уух хэрэгтэй. Хоёр дахь тунгаа сүүлд уусан эмээс хойш 12 цагийн дараа ууна.
- Эм ууснаас хойш зарим эмэгтэйчүүдэд цус үзэгдэж болно. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүдийн сарын тэмдэг хугацаандаа эсвэл хугацаанаасаа өмнө ирнэ. Хэрэв сарын тэмдэг хугацаанаасаа 7 хоногоос илүү хугацаагаар хоцорвол жирэмсэн эсэхээ магадлуулах шаардлагатай.
- Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цаг өнгөрвөл эм уух хэрэггүй. Нэгэнт жирэмсэлсэн бол эм ууснаар тогтсон үр зулбахгүй.
- Энэ аргыг нэг удаа хэрэглэсний дараа жирэмслэхээс сэргийлэх бусад аргыг сонгох нь зүйтэй.
- Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм нь өндөр тунтай даавар учир ойрхон, олон дахин хэрэглэх нь зохимжгүй.
|