Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Дуучин Т.Баясгалан ханьтай,  үртэй болсон цагаасаа хойш  олны нүд чихнээс далдхан амьдрах болсон  тул   фэнүүд нь, сонсогчид нь  түүнийг үгүйлсээр удаж байна.  “Хүүхэд нь том болсон баймаар юм”, “Уран бүтээлээ хэзээнээс хийж эхлэх юм бол оо” гэсэн жижүүрийн асуултууд дуучин бүсгүйг ээрч байгаа бол бас “Хүүхэд гаргаад жин нэмсэн болов уу яагаа бол” гэсэн саваагүй асуулт ч хариу  нэхнэ.  Тийм ээ,  түүнээс асуух юм олон  бий. Учир нь тэр хүний гэргий хүүхдийн эх болж  гэр бүлийн аз жаргалд умбасаар удлаа шүү дээ.  Ингээд  МУГЖ Т.Баясгаланг “Улс төрийн тойм” сонин “Ярилцах танхим”-ынхаа VIP зоч­ноор урилаа. 

- Дуучин Т.Баясгаланг хамгийн сүүлд “Би хайж явсан хүнээ олсон” гэж ярилцлага өгөөд чимээ алдарснаас хойш фэнүүд нь  их  саналаа. Хоёр жил өнгөрсөн байна.  Тэр үед та УИХ-ын гишүүн Кёкoшюзан Батбаярын  сүйт бүсгүй байсан бол  одоо Батбаярынх гэдэг айлын эзэгтэй төдийгүй голомт залгах үрийнх нь эх  болчихоод сууж байна.  Тийм болохоор танд баяр хүргэе. 

>

- Фэнүүдийн чинь өмнөөс асуултаа эхлэх нь зөв байх аа. Та ямар хүүхэдтэй болсон бэ, хэн гэж нэр өгсөн бэ гэдгийг хүмүүс хамгийн түрүүнд сонирхох болов уу?
- Би хүүтэй болсон. Хүүдээ Элбэгбаяр гэж сайхан нэрийг аав нь хайрласан. 

- Хүү тань одоо хэдэн сартай вэ?
- Ой гарч байгаа.

- Ид хөөрхөн дээрээ байгаа юм байна. Ганц нэг гишгэж байна уу?
- Одоо л яг хөлд орохын даваан дээр байна даа. 

- Хүү тань та хоёрын хэнтэй нь илүү  адилхан бэ?  
-Аавтайгаа дэндүү адилхан. Намайг ер нь дуурайсан юм одоогоор  мэдэгдэхгүй л байна даг.(инээв)

- Кёкүшюзан хэр сайн аав бэ?
- Сайн, ёстой онц аав шүү. Миний хүү намайг дагахаасаа илүүтэй аавыгаа л дагадаг. Орой аавыгаа ороод ирэхээр хамгийн хурдан дээрээ тавиад л өмнөөс нь мөлхөөд очдог. Өглөө сэрэнгүүтээ  аавынхаа хамар амаар оролдоод  шулганаад эхэлнэ шүү дээ. Аав нь хүүдээ надаас илүү хувцас тааруулна. Размер, биед эвтэйхэн даавуу, өнгө, донжийг нь яаж тэгж тааруулж сонгодог байна вэ гэж гайхмаар.  Голдуу Япон явахдаа хүүдээ хувцас хунар, тоглоомыг нь аваад ирдэг юм.  Би ханиа биширдэг.  Үнэхээр сайн аав байгаа биз дээ. 

- Улстөрч хүн мэдээж цаг наргүй их ажилтай байдаг биз. Эрхэм гишүүн маань  Баясаа, хүү хоёртоо тэгээд  зав гаргаж чадаж байна уу?
- Ажлаа ч хийнэ, гэр бүлээ ч анхаарна. Аль, алийг нь хослуулж чаддаг сайн аав байгаа юм. Миний хань жаахан хүүхэд байхдаа л Японд очиж  18 жил Монголынхоо нэрийг гаргаж сайхан барилдаад ирэнгүүтээ амрах ч чөлөө авалгүй Монголын төрийн төлөө зүтгэж эхэлсэн хүн шүү дээ. Ийм сайхан хүнийг бурхан надад бэлэглэсэн дээ. Би бурхны бэлгийг байнга  авдаг азтай, жаргалтай эмэгтэй.  

- Урлагийн хүн бол байнгын бэлтгэлтэй байх ёстой.  Тэдэнд амрах гэсэн ойлголт байх ёсгүй гэж би боддог. Тийм болохоор та яг хэдэн сарыг хүүдээ бүрэн зориулсан бэ?
- Одоогийн байдлаар  хоёр жил гаруй хугацааг би  хүүдээ зориулаад байна. Жирэмсэн болсон эхнийхээ өдрөөс л би тайзан дээр гараагүй.  Өөртөө байгаа бүх л хайр халамжаа, эрч хүчээ, нандин сайхан бүхнээ хэвлийдээ байгаа үрийнхээ төлөө бүрэн зориулсан. Хүүгээ төрүүлснээс хойш ч гэсэн нэг ч өдөр хажуугаас нь холдолгүй өнөөдрийг хүрлээ. Хамгийн сайн сайхан бүхнээ хүүдээ зориулж яваа болохоор “Би жирэмсэн болоод, хүүхэд төрүүлээд тайзнаасаа холдлоо” гэж бодсон нэг хором,  мөч ч надад байхгүй.  Тийм болохоор яарах ч хэрэг байхгүй. Би чинь бурхны өмнө хүн эрдэнийг хэвлийдээ тээж төрүүлсэн эх хүн шүү дээ.  

- Гэхдээ та тайзаа  мартаагүй биз дээ?
- Яалаа гэж, би тайзандаа, урлагтаа хайртай.  Гагцхүү бурхны ерөөлөөр учирсан сайхан ханиа дээдэлж, хүүгээ асарч халамжлах хэрэгтэй шүү дээ. Тэдэндээ цаг заваа зориулах ёстой үед нь харамгүй зориулах болно. Би тэр хоёртоо маш их хайртай. Тэдэнгүйгээр амьдарч чадахгүй.

- Тэгвэл фэнүүд чинь гомдох нь дээ. Нэг хэсэгтээ та дахиад л эзгүй байх нь. Баясгалан эзгүй байх нь онцгүй, бас уянгагүй  байна шүү дээ?
- Нэг нууц хэлэхэд мөдхөн шинэхэн дуугаа клиптэйгээ өргөн барина аа. Удахгүй, амлаж байна.    

- Гэр бүлгүй, ганц бие дуучин бүсгүйгээс хүний гэргий, хүүгийн ижий Баясгалан болоход хамгийн түрүүнд ямар мэдрэмж төрсөн бэ?
- Хамгийн нандин мэдрэмж. Үгээр өгүүлэхийн аргагүй. Өөрөөсөө илүү, аминаасаа илүү хүнийг хайрлах тэр мэдрэмж. Энэ яваа насандаа хэзээ ч амсаж яваагүй тийм их нандин,  гэгээн,  торгон мэдрэмж төрсөн дөө.

- Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхдээ хамгийн түрүүнд ээжийгээ хайрладаг, ээжийгээ үгүйлдэг юм гэсэн.
- Тийм ээ, хамгийн түрүүнд ижий гэдэг бурхнаа санан дуудаж уяран хайлдаг юм билээ. Хүүгээ төрүүлснийхээ дараа өлгийтэй үрээ бүүвэйлээд суухдаа өөрийнхөө дуулсан ээжийн тухай дууг fm радио, телевизээр явахаар нь сонсч суугаад  уйлчихдаг байсан. Шүлгийнх нь мөрүүдийг санах тусам нулимс урсдаг байлаа. “Би ямар сайхан дууг дуулж байсан юм бэ, ямар үнэн үгтэй сайхан  дуу вэ” гэж  өөрийн эрхгүй бодогддог байсан. Тэгээд л утсаа шүүрч аваад л ээж рүүгээ ярина. Ер нь төрсний дараа нулимс их задгайрдаг юм байна шүү.

- Ялангуяа таны “Мөнхийн дэргэд ээж минь “ их  сайхан үгтэй дуу шүү дээ.
“…Зулай дээр минь залбирсан бурхан ч юмуу даа ээж минь
Заяа буяны минь тэгшилсэн хорвоо юм уу даа ээж минь…гээд л үнэхээр гоё  үгтэй. Ээжтэй хүн бүрийн дуртай дуу байх аа?
- Тийм ээ, энэ дуугаа сонсохоор,  үгийг нь бодохоор уйлчих гээд байдаг юм.

- Бүсгүй  хүн хүүхэд төрүүлс¬нийхээ дараа ертөн­цийн бүх л эмэгтэйчүүдийг хайрламаар, бүх хүүхэд хөөрхөн  санагдаад,  энэ хорвоо дээр ядуу, өнчин хүүхдүүд байдаг гэж бодохоор сэтгэл урагдаад байдаг юм.  Та ч бас  ийм сэтгэлийн үүднээс “Баясгалантай дэлхий” эмэгтэйчүүдийн эмнэлгээ байгуулсан байх гэж би санадаг юм ?
- Тийм ээ, би жирэмсэн байхдаа энэ эмнэлгийг байгуулсан. Би ер нь их уярамтгай зөөлхөн хүн юм шиг байгаа юм. Тэгээд хөл хүнд болсныхоо дараа бүр ч их уярсан байх. Жирэмсэн эхчүүдийг аятайхан амраачих ч газар олдохгүй, төрөх дөхсөн бүсгүйчүүд гэртээ уйтгарлаад л сууж байдаг юм билээ. Эмнэлгүүдийн тоног төхөөрөмж ч бас шаардлага хангахгүй. Тэгээд л энэ эмнэлгийг байгуулах санаа төрсөн. Жирэмсэн эхчүүд маань очиж амарч тухалдаг газартай байг, бас хоорондоо жаргал зовлон, нарийн нандин нууцаа ярьдаг, зөвхөн эмчээс төдийгүй өөр хоорондоо зөвлөгөө өгч авдаг   тийм сайхан газар байгуулъя гэж бодсон юм. Тэгээд ханьдаа хэлж тийм эмнэлэг байгуулж өгөхийг гуйсан даа.  Гэхдээ бүр жирэмсэн эхчүүдийг өндөр шат руу гаргахгүй байхын тулд нэгдүгээр давхарт байгуулж өгөхийг ч аминчлан захисан. Хань минь миний энэ санааг сайхан хүлээн авч “Кёкүшюү tower”-ын нэгдүгээр давхрыг сайхан тохижуулж орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулж өглөө.  Эмнэлэг гэхээсээ илүү жирэмсэн эхчүүдийн амрах төв гэж явдаг юм.  Үр хөндөлт огт хийхгүй.  Эхчүүд маань амраад тухлаад,  дасгалаа хийх нь хийгээд, коктейлоо уугаад, зөвлөгөө аваад унтаад явдаг байгаасай гэж хүсдэг.  Ер нь ийм их агаарын бохирдолтой, стресстэй, ядуу  нийгэмд амьдарч байж Монголынхоо хүн амыг өсгөхөд хувь нэмрээ оруулж хүн эрдэнийг хэвлийдээ тээнэ гэдэг эмэгтэй хүнээс гаргаж буй том зориг юм шүү. Тэд маань л энэ улсыг цааш нь авч явах ухаантай, эрдэм чадалтай,  олон сайхан хөвгүүдийг төрүүлэх учраас хайрлах хэрэгтэй.    Монголынхоо сайхан ээжүүдийг баярлуулъя л гэж бодсон. Сайхан сэтгэлийн үүднээс байгуулсан юм болохоор хүмүүс баярлаж байгаа л гэж санадаг шүү.

- “Бүүвэй аялсан бүсгүй хүний харц нь дандаа зөөлхөн байдаг аа” гэж МУГЖ Батсүхийн дууны сайхан мөр байдаг. Дуучин  Баясгалан ээж Баясгалан болсон. Энэ бол асар том ялгаа. Тиймээс энэ мэдрэмж, энэ ялгаа  таны уран бүтээлд бас тусгалаа олсон байх гэж бодож байна. Ойрын үед фэнүүддээ барих  уран бүтээлийг чинь асуухгүй өнгөрч боломгүй санагдана.
- Өнгөрсөн 20 жилд би тайзан дээр дандаа алга ташилт дунд ард түмнийхээ хайранд өлгийдүүлж ирсэн. Сүүлийн  жилүүдэд халуун дулаан гэр бүлийнхээ дунд, халамжит сайн ханийнхаа хайранд, нялх үрийнхээ ход ход инээх дуунд жаргалтай байна. Би аз жаргалтай явна. Уран бүтээлийн хувьд хамгийн сүүлд “Өвөлжих хун” гэдэг дуу дуулсан байгаа. Дуугаа бичүүлчихсэн. Поп опера стилийн дуу. Их сайхан дуу болсон гэж бодож байгаа.  Одоо клипнийхээ зураг авалтыг төлөвлөчихөөд байна.  Өнгөрсөн наймдугаар сард Өвөр­монголын Засгийн газрын урилгаар очиж дуулсан.  Ханьтайгаа хамт яваад ирсэн. Бид хоёрыг урьсан юм л даа.  Тэнд очоод тайзан дээр нь дуулж байхад үнэхээр сайхан байлаа. Бүр 10 -аад жилийн өмнө дуулж байсан дуугаа дууллаа. Өвөрмонголчууд  миний “Ботгоны дуу”-нд их хайртай юм байна.  “Мартагдаж байсан монгол хэлийг минь танай нийтийн дуучид болон та дахин сануулж өгсөн шүү” хэмээн баяр хүргэсэн. Түүнд нь би баярлаж омогшсон. Миний хувьд  одоо Монголд маань гурван сая орчим монголчууд байна. Харин дэлхий дээр Чингисийн монголчууд гэж долоон сая гаруй хүн байна гэж би сонссон. Тийм болохоор би Чингисийн монголчууддаа, 10 сая монголчууддаа зориулж  дуулна. Уран бүтээлээ ч тэдний төлөө туурвина. Чингисийн цус судсаар нь бургилж байгаа халуун сэтгэлт монголчууддаа би бүтээл шиг бүтээл хийж өргөн  барина гэсэн  чин хүсэлтэй байна.  Агуу их Чингис хааны цус хаана үсэрсэн байна тэнд  л миний дуу хүрэх болно.  Дуучин гэдэг энэ сайхан мэргэжлийг эзэмшсэний хувьд, 20 жил урлагт зүтгэсний хувьд даацтай том уран бүтээлүүд хийхээр төлөвлөсөн байгаа. Клипийг нь ч гэсэн дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхөөр багахан хэмжээний кино бүтээлийн дайнд  хийх болно. Тэгэхээр удахгүй фэнүүддээ шинэ уран бүтээлээ хүргэх байх аа.

- Та бол хэтэрхий залуугаараа урлагийн тэнгэрт өөрийнхөө зам мөрийг дурайтал зурсан дуучин. Хэн ч маргахгүй. Бас хэн ч таныг басахгүй. Одоо шинэ уран бүтээлээ бэлтгээд завгүй л байгаа юм байна. Хоногийн хэдэн цагт нь ажиллаж байна даа?
- Зарим үед хоногийн 24 цаг багадах үе ч бас байна аа. Гэхдээ би багаасаа л ачаалалтай ажиллаж сурсан хүн. Өнгөрсөн 20 жилд заримдаа шантраад өвдөг сөхрөөд суучихмаар үе ч тохиолдож байсан. Тэр бүхэнд нугарч сөхрөөгүй юм чинь одоо бол ухарна гэж бүр ч байхгүй. Ганцаараа явах үедээ халширмаар, сонин хэвлэлүүдэд гүтгүүлж элдвээр бичүүлж, зарим үед орцондоо ч орохоос айдаг харгис цаг үеийг би туулсан.   Тэр он жилүүдэд би нугарч хугараагүй. Дуугаа дуулсаар л байсан. Би нэр шигээ сайхан амьдарна гэж бурхны өмнө тангарагласан.  Бас өсгөж хүмүүжүүлж,  хайр энэрлээ харамгүй зориулсан ээжийнхээ ачийг заавал хариулна гэж боддог байлаа.   Олон шөнө нойроо хугасалж намайг хөхүүлсэн ачийг нь би сайн сайхан амьдрал, алдар нэрээр хариулна гэж зүтгэсэн.  Тэр үед хоногийн 24 цаг ч багадаж байлаа. Харин одоо бол хань ижилтэй  болж халуу дүүгсэн хайранд нь өлгийтэй  байгаа болохоор бүр ч санаа зовохгүй байна. Үүрэх ачаа маань багаслаа. Тийм болохоор харин ч одоо амрах завтай болжээ.
 
- Баясгаланг элдвээр муулж янз бүрээр бичих  тусам Баясгалан улам л хүчирхэг, улам гоё болоод, улам л сайн сайхан амьдрах юм. Энэ үнэхээр гайхалтай шүү?
- Би бурханд хайртай.  Бурхан ч надад хайртай гэж боддог. Миний амьдрал бурхны зурсан зургаар л яваа. Намайг муулах хүмүүс  орчлон дээр байдаг бол тэгж л заяагдсан хүмүүс байх. Түүгээрээ хэдэн төгрөг олдог  бол  тавилангаараа л амьдарч яваа биз. Гэхдээ “Тэнэг хүн тэнгэртэй тэрсэлдэнэ”гэж нэг үг бий. Намайг муулаад надаас нуугдаж чадсан ч тэнгэрээс нуугдаж чадахгүй. Намайг муулж олсон тэр мөнгө нь үйлийн үр болоод өөрт нь хэд дахин муугаар тусна гэдгийг ухаараасай, тэд.  

- Та нэлээд сүсэг бишрэлтэй юм аа. Ямар шашин шүтдэг вэ?
- Би монгол хүн. Тийм учраас буддагаа, мөнх тэнгэрээ  шүтдэг. Надад хувь заяаны учралаар ирсэн олон сайхан багш нар бий.

- Таны дууны үгнүүд их үнэн бөгөөд  утга уянгатай байдаг. Ямар шалгуураар дуугаа сон­годог юм бэ?
- Би дуу бүхнийг шүүрч дуулдаггүй. Аль болохоор ард түмэнд таалагдах, үнэн үгтэй, жинхэнэ яруу найраг байгаасай гэж хүсдэг. Тэр хүсэл маань ч дуугаа сонгоход их нөлөөлдөг байх.  Би бас ардын дуу дуулах дуртай. Ардын дууны үг нь хүртэл гайхалтай ухаарал шингээсэн аялгуу  сайхантай байдаг шүү дээ. Тэр чигээрээ амьдралын философи. Би дуулах гээд үгийг нь цээжилж байхдаа үнэхээр гайхсан. Буруу бүхнийг өөрөөсөө хайсан, бусдын сэтгэлийг дээдэлсэн, дотогшоогоо ариуссан  байдаг. Дуу бүхэндээ  уужим сэтгэлээ   бясалгаж байж шингээж дээ, миний ард түмэн гэж бодогдохоор.  Ийм сайхан дуу зохиож дуулдаг ард түмний дуучин байна гэдэг амаргүй даваа.  Би бас жирэмсэн байхдаа бурханд зориулж бурхны тарниудаар  шинэ CD  гаргасан.   Яагаад гэвэл бурхан надад ийм сайхан хүн эрдэнэ хайрлаж  байхад би хариуд нь баярласан сэтгэлээ илэрхийлж  бурхдын  зүрхэн тарниудыг аялгуулан дуулж “Баяр баясгалан” хэмээх CD бичүүлсэн дээ.  Тарни дуулна гэдэг дуу дуулахаас огт өөр юм. Студид ороод дуулаад эхлэхтэй зэрэг эх газраас салаад явчих шиг, жингүйдээд ч байх шиг сайхан мэдрэмж төрдөг юм билээ. 

- Хөл хүнд байхдаа та тэгвэл үнэхээр том ажил амжуулжээ. Бурхны зүрхэн тарниудыг дуулж CD болгоно гэдэг асар их буян байх аа?
- Тийм байх гэж бодож байгаа. Ер нь тэгээд хэвлийдээ үр тээсэн бүсгүй хүн гэдэг их л уяхан болчихдог юм билээ. Сайн сайхан олон зүйлийг хийж буян үйлдмээр ч юм шиг. Би бас Баруунхараад  30 мянган чацарганы мод тарьсан.

- Хэр ургаж байна вэ?
- Сайхан ургаж байгаа. Ирэх жилээс жимсээ өгнө. Чацаргана чинь бас хэдэн жил болж байж жимсээ өгдөг юм байна шүү дээ.  Бас Шар буурцагны холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа. Хүн төрөлхтөнийг хүнсний хомсд­лоос аврах цорын ганц ургамал бол шар буурцаг юм байна. Далай лам “Шар буурцгийг ихээр тарь. Хүнсэндээ хэрэглэж заншаарай” гэж айлдсан байдаг юм билээ. Аюурзана хэмээх шар буурцагны бараг загалмайлсан эцэг гэж хэлж болохоор эрдэмтэнтэй хамтарч Дорнодод олон  сортын шар буурцаг тарьж бас үзлээ.  Их сайхан ургалаа. Тэгэхээр Монголд шар буурцаг ургаж байна шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Эх орныхоо цөлжиж буй талаар шар буурцаг таривал хичнээн сайхан байхав.

- Уншигч фэнүүд чинь таныг амаржсаныхаа дараа ямархуу байгаа бол гэж сонирхож байгаа байх. Та ерөөсөө жин нэмээгүй байна. Бас их залуужиж улам гоё болчихож. Нууц нь юундаа байна вэ?
- Хүн дотроосоо л гэрэлтдэг, хүний гаднах төрх өөрийнх нь сэтгэлийн толь болдог гэж манай ард түмэн ярьдаг. Сайн сайхныг үйлдээд, бодоод, бусдад хэрэгтэй үйл хийгээд үүнээсээ сэтгэлийн баяр баясгалан аваад явж байхад хүн хөгширнө гэж үү. Төрсний дараа монгол ээж нарын л адил жаахан жин нэмсэн. Харин ажил төрлөө амжуулаад гүйж явахад аяндаа л бие маань урдынх шигээ болсон шүү дээ. Харин миний том ээж хоолонд маань их анхаарч сайн зөвлөдөг байсан.

- Уучлаарай, том ээж гэж хэн бэ?
- Миний хадам ээж. Бид хоёрын хоёр ээж маань адилхан нэртэй. Бас адилхан овогтой. Тийм болохоор насаар арай ахмадыг нь хүндэтгэж том ээж, хэдэн насаар дүүг нь бага ээж  гэж авгайлдаг юм. Том ээж маань өөрөө цагаан хоолтон, бясалгагч хүн учраас бидэндээ дандаа л ухаарал, энэрлийн үлгэр жишээ болдог юм.

- Ингэхэд хадмууд чинь таныг анх хэрхэн хүлээн авсан бэ?
- Маш сайхан хүлээж авсан. Ер нь миний хадмууд их сайхан бурханлиг  хүмүүс. Бид өнгөрсөн зун ах дүүгээ дагуулаад  телевизийнхээ хамт олонтой хамт Ховдод очиж амарсан. Ханийнхаа төрж өссөн, тугал хариулж явсан, хөл нүцгэн гүйж явсан тэр  нутаг устай танилцаж Буянт голын эрэг дээр өнжиж хонон алжаалаа тайлсан.  Уул ус нь тэгширсэн тийм үзэсгэлэнт нутагт төрсөн хүн ийм сайхан хийморьлог байхаас өөр яах билээ гэж өөрийн эрхгүй бодсон.  Би их сайхан, бурханлиг  хадмуудтай азтай хүн шүү.

- Ингэхэд та өөрөө хаана төрж өссөн хүн бэ?
- Би хотын хүүхэд. Гэхдээ Баянхонгор аймгийн Бууцагаан суманд өвөө, эмээгийнхээ гар дээр эрхэлж өссөн. Тугал, ишиг хариулж, аргал түүж явахдаа аль байдгаараа дуулаад л явдаг байлаа. Тийм сайхан нутаг усыг хараад өөрийн эрхгүй дуулдаг байсан маань ирээдүйд  дуучин болох эхлэлийг минь тавьсан болов уу гэж боддог юм.  Миний буурал аав тэр нутагт төрж өсөөд амьдарч,  насан өөд болсон хүн. Одоо буурал ээж минь эсэн мэнд амьдарч байгаа.

- Буурал аав чинь ямархуу хүн байсан бэ?
- Миний өвөө нэгдлийн адуучин хүн байсан. Бас  үлгэр домог, түүх шастир их мэддэг, шүтлэгтэй хүн  байлаа.  Би ер нь үлгэрээр л хүмүүжсэн хүн.   Сайхан дуулдаг, сайн барилддаг хүн байсан.   Миний буурал аавыг хүнтэй хэрэлдэж, муудалцаж, архи ууж, тамхи татаж байхыг энэ ертөнц дээр харсан хүн нэг ч байхгүй. Би буурал аав шигээ л хүнтэй суухсан гэж боддог байсан. Тэр хүсэл маань ч биелсэн.  Буурал аав минь насан өөд болоход ханьтайгаа би учирсан. Тэгээд л миний буурал аав надад ханийг минь явуулж дээ гэж хааяа боддог юм шүү. Унтаж байгааг нь харахад адилхан ч юм шиг. Их өндөр, том биетэй бор хүн байсан юм даа. 

- Тэгээд л  та ардын дууг их сайхан дуулдаг юм байна. Хэр баргийн дуучин ардын дууг амилуулж чадахгүй шүү. 
- Би ардын дуу дуулахдаа нэг тоглолт дээрээ буурал аавыгаа баярлуулах гэж гэнэтийн бэлэг болгон ”Лоолой” дууг дуулсан чинь үзэгчид намайг хэд хэд дахиулсан. Буурал аав минь ч их баярласан. Тэгээд л би ардын дуу дуулсан даа. Сонсогчид маань, ард түмэн маань надаар ардын дуу дуулуулахыг хүсч байгаа юм байна гэж бодоод л дуулж эхэлсэн. Тэгээд л “Арван тавны сар” гээд 19 дуутай CD  гаргасан даа.  

- Би таныг хүүхдээ монгол аргаар өсгөж байгаа болов уу гэж бодох юм. Сүүлийн үеийн хатагтай нар  хүүхдээ аль болохоор өрнөдийн аргаар өсгөх болж. Хөхний хэлбэр алдагдана гээд хөхүүлэхээ байж. Асрагч авчихдаг болохоор шөнө босч хуурайлахаа ч байсан гэнэ. 
- Би хүүгээ яг л монгол аргаар нь өсгөж хүмүүжүүлж байна гэж бодож байгаа.  Миний хүү ийм сайхан тал нутагт Чингис хааны цусанд төрчихөөд монгол ёсоороо л өсөх ёстой. Удамт бөхийн хүүг төрүүлсэн би хүүгээ хөхүүлэхгүй байх эрх алга. Бас монгол хүний багадаа авах ёстой хамаг л шим тэжээлтэй бүхнийг хөхний сүүгээрээ дамжуулан өгөх ёстой.  Бөх хүнд сүүний бяр гэж байдаг юм байна.  Би бөх хүний гэргий. Магадгүй ирээдүйн их аваргыг төрүүлсэн ижий ч байж мэднэ. Тиймээс монгол хүн яаж өсөх ёстой тэр аргаар нь л би хүүгээ өсгөж байна даа. 

- Хүүгээ бөх болоосой гэж боддог уу. Кёкүшюзаны хүү юм чинь заавал бөх болох ёстой гэж бодох хүмүүс олон байх ?
- Аавынх нь удамд ч, миний удамд ч бөх байдаг болохоор хүү маань удамт бөхийн үр. Тэгэхээр бөх болох байх.    Миний хүүг хараад л бөх болох хүү төржээ гэдгийг хүн болгон хэлнэ дээ. Аав шигээ булган сүүлтэй, монголчуудаа баярлуулсан, дэлхийд нэрээ гаргасан  сайхан бөх болоосой гэж эх хүний хувьд хүсэх юм даа. 

- Эсвэл ээжийгээ дуурайсан дуучин ч болох юм билүү?
- Магадгүй. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай эр хүнийг л би өсгөж байгаа даа.

- Баясаа маань  айлын ямархуу эзэгтэй болсон бэ?
- Тэрийг одоо миний хань л хэлэх байх даа. (инээв)

- “Танайд хоноё” нэвтрүүлгээр гарсныг чинь хүмүүс одоо хүртэл ярьдаг л даа…?
- Намайг өглөө босоод цай чанаж өгсөнгүй, дайлж цайлсангүй, ийм хүн амьдралдаа үзсэнгүй гээд л хүмүүс нэлээд шүүмжилсэн байх.  Тэр үед би хэлж байсан.  “Цаг нь ирэхээр би хань ижил, үр хүүхдэдээ өглөө бүхэн цайг нь чанаад, хоолыг нь хийгээд өмнө нь гүйнэ ээ. Одоо бол би бүхнээ уран бүтээлдээ зориулж байна. Уучлаарай, би тоглолттой учраас эртхэн амрах хэрэгтэй. Тиймээс таныг дайлж чадахгүй нь ээ” гээд л унтаад өгсөн.

- Энэ чинь л Баясгалан байхгүй юу. Ямар ч баггүй, худлаа жүжиглэлгүй.  Бие даасан тоглолт хийх гээд завгүй явсан хүн  тэр сэтгүүлчид хар үүрээр босч цай чанаж өгөх юм гэнэ дээ. Тийм юм амьдрал дээр байхгүй шүү дээ?
- Тэр үед би маш их ядарч байнгын бэлтгэлтэй байсан юм.  Жаахан л цаг гарвал унтаж хоолойгоо амраах хэрэгтэй байдаг. Тэгээд ч манайд урилгагүй зочин болж  ирсэн шүү дээ. “Өглөө 07 цагт босоод явчихаарай” гэж хэлчихсэндээ тухайн үед жаахан  ороогдож л байсан юм шиг байна лээ. (инээв)

- Тийм болохоор л уншигчид маань Баясгалан хэр эзэгтэй болоо бол гэж бодож байгаа л даа?
- Яахав манай гэр бүл ундтай устай, хоолтой цайтай, өнгөтэй өөдтэй л явна.

- Тийм ээ, аз жаргалтай эмэг­тэй хүн царайнаасаа л андашгүй байдаг юм.  Та яг л тийм байна.  Харин энд, аз жаргалыг  чинь нулимах гэсэн, танд атаархсан үйлдэл бас энэ тэндээс ажиглагдах боллоо. Тухайлбал, сүүлийн үед зарим нэг сайт дээр таны эвлүүлэг зураг гарсан.  Таныг их эмзэглэсэн байх гэж бодсон? 
-Би тэр зургийг хараагүй. Хальт сонссон. Хаа сайгүй байж л байдаг сайтууд дээр элдэв худал үнэн юм гарахад тэрийг сонирхож хардаг хүмүүс байдаг гэж үү. Байдаггүй байх аа. Би ерөөсөө эмзэглээгүй. Надад  ямар ч сэтгэгдэл төрөөгүй. Яагаад гэвэл хүмүүс тэрийг тоогоогүй шүү дээ.  Тийм болохоор энэ тухай ярих хэрэг байна уу.

- Улстөрч хүний гэргий байх хэцүү юм уу. Угаасаа л Баясгалан бүхний нүдэн дээр,  тайзан дээр ил амьдарч байсан хүн. Гэтэл бас л олны танил төрийн түшээтэй гэрлэнэ гэдэг ард түмний анхаарлыг хоёр дахин их татна гэсэн үг. Энэ бүхэн заримдаа ядаргаатай санагддаг уу?
-Улстөрчийн гэргий гэдэг утгаараа биш ер нь хүний эхнэр болно гэдэг чинь эрх хэд дахин хасагдаад л үүрэг нь төдийчинээ нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тийм болохоор үүрэг хариуцлагаа ухамсарлаж сайхан л амьдрах хэрэгтэй.  Бид хоёр тэртэй тэргүй л олны нүдний өмнө амьдарч сурсан болохоор айж ичих зүйл байхгүй. Санаа зөв бол заяа зөв гэдэг шүү дээ. 

- Гэр бүлдээ бүхнээ  зориулдаг  ээж яаж энэ “Эх орон” телевизийг авч явж байна вэ. Сэтгүүл зүй  бол асар их цаг, дааж давшгүй их хөдөлмөр шаарддаг онцгой салбар шүү дээ? 
- Манай “Эх орон” телевизэд сайхан сэтгэлтэй,  чадварлаг баг бүрдсэн юм. Тийм учраас би телевиздээ огтхон ч санаа зовдоггүй. Түүнээс гадна Монгол Улсын хамгийн нэр хүндтэй, чадвартай, ухаантан мэргэд бүгд манай телевизтэй хамтран ажиллаж, заавар зөвлөгөө өгч байдаг. Тийм болохоор би энд байнга байх  шаардлагагүй. Хааяа л ирдэг. Бага байхдаа хүндэтгэж шүтдэг байсан тэр  алтан үеийнхэндээ санал тавиад тэдэнтэйгээ  хамтран ажиллаж байгаадаа үнэхээр баярлаж бахархаж яваа шүү.     

-Таныг дуучин хүн байж  сэтгүүл зүй рүү орж ирэхэд атаархдаггүй юм гэхэд амбицлах хүн олон байсан. Телевиз тэгээд бүр  соён гэгээрүүлэх телевиз нээнэ гэхэд бараг өмнөөс чинь халгаж  байлаа.   Өнөөгийн нийгэмд улс төр,  эдийн засаг,  гэмт хэрэг, Солонгосын олон ангит кино, болсон болоогүй реалити шоу, хэлээ зажилсан хэдэн охидоор манай телевизүүд дүүрсэн байдаг. Харин танайх бол өөр. Нууц биш бол ийм телевиз байгуулах санааг та өөрөө бодож олсон өөр хэн нэгэн зөвлөсөн үү?
-Би багаасаа л олны дунд зовлон жаргал бүхнийг нь туулж хамт байж ирсэн. Тэдний урсах нулимс, баярлах сэтгэл бүхнийг нь би мэдэрч өссөн.  Тиймээс “би дуулахаас өөр юу хийж чадах вэ, олон түмэнд хэрэгтэй юу хийх ёстой вэ” гэж байнга өөрөөсөө асуудаг байлаа. Аль болохоор олон түмэнд хүртээмжтэй, тэдэнд хэрэгтэй зүйлийг нь олж хийх юмсан гэсэн бодлоос минь ургаж телевиз байгуулъя гэсэн санаа төрсөн. Тийм санаа төрсөн цагаас эхлээд юу гаргах вэ, юуг хүмүүс хүсэн хүлээж байгаа бол гэж боддог байлаа.  Ардчилсан нийгэм байгуулагдсан энэ 20 жилд ард түмэн үнэхээр их зовж ядарсан. Хүнд хэцүү он жилүүд байлаа. Олон сайхан сэхээтэн амьдрахын тулд ганзагын наймаанд явж, эрчүүд нь гадаадад хүнд хүчир ажилд нухлагдаж, олон сайхан гэр бүл салж,  хүүхдүүд өнчирсөн.  Тэр үед би хүний сэтгэлийн гүнд байгаа харуусал гунигийг яаж хуваалцах вэ гэж боддог байлаа. Тэгээд ч зарим дуунуудыг сонгож дуулдаг байсан. Зовсон үед нь миний энэ дуу хань болоосой, жаргасан үедээ энэ дууг минь  дуулаасай гэж хүсдэг.  Тэгээд ч ард түмэн маань гэгээлэг,  сайн сайхан зүйлийг хүсч мөрөөдөж байх шиг санагдсан. Бас 500-800 хүний дунд судалгаа хийж үзсэн.  Тэгэхэд ард түмэн маань сайн сайхан зүйлийг хүсч байна гэдэг нь улам бүр тодорхой болсон.  Түүнээс гадна манай улс чинь олон сайхан эрдэмтэн мэргэдтэй, Монголд төдийгүй дэлхийд гайхагдаж  танигдсан оюунлаг хүмүүстэй.   Тэр сайхан хүмүүсийн үгийг сонсгох, бүтээж туурвисан бүхнийг нь ард олондоо хүргэх нь чухал байсан. Тийм үүднээс л манай телевиз соён гэгээрүүлэх телевиз болж мэндэлсэн хэрэг.  Телевизийн маань нэрийг Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж ах маань өгсөн. “Эх орон” гэж үнэхээр сайхан нэр. Бид энэ нэрэндээ хайртай. Хэрвээ ийм сайхан нэр өгөөгүй бол өдий дайны явахгүй байсан байх аа. Тиймээс  тэр  сайхан нэрийг хайрласан  Бямбадорж ахдаа танай сониноор дамжуулаад “Ийм сайхан нэр хайрласан урмыг чинь бид хугалахгүй ээ. Тандаа баярлалаа. Энэ нэртэй дүйцэхээр сайхан телевиз байх болно. Итгэл найдварыг тань хугалахгүй ээ”гэж хэлмээр байна.

- “Эх орон” телевиз байгуулагдаад найман сар болж байна. Мэдээж энэ хугацаа бол ашиг олох хэмжээний хугацаа биш. Тэгэхээр энэ телевизийг байгуулсан хөрөнгө хаанаас гарсан бэ. Ямар нэгэн төсөл, гадны байгууллагын тусламж бий юү. Эсвэл цэвэр Кёкүшюзан та хоёрын хөрөнгөөр бүтсэн телевиз үү?
- Ямар нэгэн байгууллага,   хэн нэгний дэмжлэгээр байгуулаагүй. Энэ бол бидний өөрсдийн маань л хөрөнгө.  Гэр бүлийнхээ идэж уух, өмсөх зүүхээс хасан байж телевизийнхээ 60 гаруй ажилт­ныг цалинжуулж, техник технологио суурилуулаад ажлаа явуулж байна. Монголын хэвлэ-лийн хүрээлэнгээс явуулсан су¬дал­гаагаар манай телевиз  98.6 хувиар дотооддоо өөрсдөө бүтээг­дэхүүнээ боловсруулдаг гэж теле¬визүүдээс нэгдүгээрт жагслаа. Тийм ээ, одоохондоо ашиг орлого байхгүй нь үнэн. Гэхдээ манай телевиз хүнийг муу муухайгаар гаргадаггүй, дандаа сайн сайхан зүйлийг нэвтрүүлдэг учраас буян нь хэзээ нэгэн цагт заавал ирнэ гэж боддог. 

- Хамгийн хүнд салбар руу ийм зоригтой орсонд чинь үнэхээр гайхаж байна.  Хэн таныг зоригжуулсан бэ. Эсвэл та өөрөө ийм зоригтой бүсгүй юү?
- Телевизийнхээ багийг маш сайн бүрдүүлсэн. Би Монголын урлагт сүүлийн 20 жил салхи шуурган дундуур сөрж морин дэл дээр дарцаглах мэт зүтгэсэн.  Урлагт хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэхэд тодорхой хэмжээний зориг, сэтгэлийн хат байсан гэж бодож байна. Тиймээс  сэтгүүл зүйн салбар руу зориглож орсон. Хүүгээ төрүүлчихээд дөнгөж 11 хоногтой байхдаа толгойдоо алчуур зангидаад л телевиз дээрээ  ирж байлаа. Манай телевизийн захирал Хишигсүрэн бол миний найз.  Найздаа телевизэд ажиллах санал тавиад л анхны шангаа татаж байлаа. Телевизийг удирдаж яваа хүн маань нүүдэлчдийн гүн ухааныг шимтэн судалдаг, өвөг дээдсийн өв уламжлал, оюуны үнэтэй болгоныг өнөө цагт монгол түмэндээ түгээн дэлгэрүүлэх чин зорилготой учраас бидний хийж яваа бүхэнд монгол хүн бүр хайртай болж байна.  Ийм хүн л “Эх орон” гэдэг сайхан телевизийг авч явж чадна.   Би энэ хүнтэй ард түмнээ соён гэгээрүүлэх их хувь заяагаар учирч, хамтдаа багаа бүрдүүлж, шинэ Монголыг байгуулах үйлст  ханцуй шамлан орсон доо. Ингээд л телевизээ байгууллаа.   Одоо бол сайхан байна аа. Монголын цагаан сарын битүүний билэгт сайн өдөр албан ёсоор нээж эфирээ цацсан.

- Та саяхан “Эртний сайхан” чуулгын тоглолтыг үзэж харагдсан.
- Энэ чуулга бол Монголын урлагийн цаст ноён оргилууд, амьд домог болсон хүмүүс байдаг агуу том айл шүү дээ. Мөн миний эцэг тэнгэр болсон хайрт аав минь энэ чуулгад уртын дуугаа дуулсаар яваа. Тийм ч учраас урлагийн алтан үеийнхэндээ болон аавдаа хүндэтгэл үзүүлэхээр очсон юм. Миний аав надад дуучин болж Монголын урлагт зүтгэх удмын үүргийг оноосон. Тийм ч учраас хайртай аавдаа чуулгынх нь хорин жилийн ойгоор мөнх тэнгэрийн өнгөтэй цэнхэр тэрлэг, малгай бүс хүндэтгэн барьсан. Аав минь охиныхоо бэлгэнд жигтэйхэн их баярлаж дараа нь утсаар залган Европт болох урлагийн том наадамд чиний өгсөн дээлээр гоёно гээд л баярлаж байна лээ. Мөн “Эртний сайхан” чуулгыг байгуулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Лувсаншарав гуайдаа гэр бүлийнхээ зүгээс хүндэтгэл үзүүлсэн. Монголын орчин цагийн урлагт насаараа зүтгэсэн агуу хүмүүс өнөөдөр хүссэнээрээ элбэг дэлбэг амьдарч чадахгүй байгаад өр минь өмөрдөг. Лувсаншарав гуайд мэхийн ёсолж сая төгрөг гардуулахад жигтэйхэн их баярлаж байна лээ. Ийм агуу хүн амьдралынхаа сүүлийн он жилүүдэд сайнгүй амьдарч байгааг Монголын төр анхаарч тэр уул уурхайгаас орж ирж байгаа их мөнгөнөөсөө жаахан ч гэсэн өгч урлагт зүтгэсэн урмыг нь битгий хугалаасай гэж өөрийн эрхгүй хэлмээр санагдсан.

- Таны цаашдын хамгийн том төлөвлөгөө юу вэ?
- Эзэн богд Чингис хааны үр садад Монголын урлагийг түгээн дэлгэрүүлэх үйлст үргэлжлэн зүтгэж, ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болсон уран бүтээл хийнэ. Шинэ цагийн монголчуудыг соён гэгээрүүлэх үйлстээ журмын нөхдийн хамт тууштай зүтгэнэ. Аз болж намайг энэ цагийн агуу эрдэмтэд, мундаг багш нар дэмжиж хүрээлж байгаад маш их баярлаж, ирээдүйн амжилтууддаа итгэл дүүрэн байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3788727/261/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210461
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
19821 ӨӨРИЙГӨӨ АНХААРАХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ БҮСГҮЙ МИНЬ .ЯЛДАМ УРУУЛАА БУД... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-19 529
19820 ӨМХИЙ СОЛОНГОСЫН ГАРТ АМИА ЗОЛИОСОЛСОН МОНГОЛ БҮСГҮЙН....... [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-19 896
19819 hi humuusee yum asuuy ..?? [3] brave me 2010-10-19 812
19818 solongosoor yu gdg be ???? [6] tach 2010-10-19 1019
19817 xuuxdiin xatig [3] duck duck 2010-10-19 1016
19816 nyarai xuuxdiin jivx asuuy [1] duck duck 2010-10-19 645
19815 uzeerei!!! nowpc 2010-10-19 470
19814 Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөр өргөнөөр үйлчлүүлнэ үү ӨДРИЙН МЭНД 2010-10-19 469
19813 Та бүхэн Монгол руу мөнгө явуулахад анхаарах зүйл shinhan bank 1577-8380~5 2010-10-19 751
19812 medeh hun bwal helj ogch tuslaach [5] АНТОЛКАА 2010-10-19 900
19811 СОЛОНГОСТ УНАХ БОЛОН МОНГОЛ РУУ АЧУУЛАХ БОЛОМЖТОЙ ҮЗЭМЖ САЙТАЙ ХЯМД МАШИНУУД ЗАРЖ БАЙНА DEVSHILT-CAR 2010-10-19 633
19810 klizmiig you gedeg ve [7] babyma 2010-10-18 931
19809 AMORE~~HERA фирмийн витамин бэлдмэл гоо сайхны бүтээгдэхүүн танд санал болгож байна . file ssamii 2010-10-18 452
19808 Hi hariylj tyslach??? [1] zahirma 2010-10-18 1025
19807 huuhdiin vaktsin asuuya [1] *2010* 2010-10-18 2314
» БИ ҮНЭХЭЭР ЖАРГАЛТАЙ БАЙНА БҮГДТЭЙ ХУВААЛЦМААР ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-18 1029
19805 ЯМАР АЙМШИГТАЙ ...ЭХ ХҮН ГЭХЭД ...ДЭНДҮҮ МУУХАЙ .... [4] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-18 927
19804 Hi energiin disk bolon energitei ayga gej baIdag yumuu? haanaas avahuu? [7] ev_negdel 2010-10-18 1037
19803 madanbadrahaa asuuya [3] have a nice day 2010-10-18 896
19802 ind-s asuuy [2] abvgd 2010-10-18 583
19801 ** БҮХ МОНГОЛЧУУДДАА СОЛОНГОС ЭМНЭЛЭГҮҮД ** HI***KOREA 2010-10-18 529
19800 BUSGUICHUUDEE.... [2] SU:M37 2010-10-18 2067
19799 medeh hvn bbal helj ugch tuslaach [3] tsek1234 2010-10-18 755
19798 hodood ovdood bainaa tuslaach [6] hulan79 2010-10-18 1534
19797 barilgiin material zardag sait meddeg bol helj ogooch? [1] *jargalmaa* 2010-10-18 949
19796 eejvvde xariulj tus bolno uu ... 1 sartai xvvxdin xacran deer ulaan [2] Lizaa 2010-10-18 977
19795 xvvxdiin site ??? [1] goops 2010-10-18 780
19794 gertee uidaad bnaa nzuud bolii [4] nandin2 2010-10-18 1507
19793 asuultand hariulj ogno uu [2] nandin2 2010-10-18 1074
19792 hubtsasnuu buunduj baina hashaaa 2010-10-18 571
19791 medeh hvn bval zowlooch [2] odgko 2010-10-18 786
19790 hi asuuy? [2] abvgd 2010-10-18 736
19789 vtgvn hataad hetsvv bnaa [3] ebaxan11 2010-10-18 735
19788 МОНГОЛЧУУД МААНЬ СОЛОНГОС ГАДААДАД ИЙМЭРХҮҮ Л БАЙНА **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-18 834
19787 БИ МУУ БҮСГҮЙ ГЭЖ ҮҮ ???ҮГҮЙ ДЭЭ ХАРИН Ч ... **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-18 597
19786 dahiad asuuya [2] mex5 2010-10-18 763
19785 humuusee heleed ogooch [4] MR ESUDER 2010-10-18 2617
19784 yaraltai asuuyaa [2] namdag 2010-10-18 937
19783 ELCHINGIIN HAYGIIG HELJ OGOOCH YARLTAI [2] mex5 2010-10-18 611
19782 buh turliin hubtsas buundunu hashaaa 2010-10-18 466
19781 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII SHINE KATLOG EHELLEE HVMVVSEE YARAARAI dabaa3 2010-10-18 486
19780 ORIFLAMIIN GOO SAIHNII BVTEEGDEHVVNII ZAHIALGA ABNA dabaa3 2010-10-18 490
19779 sain baitsgaanuu bvsguichvvdee.bi jiremsen 1sar garamtai... [8] 사랑 2010-10-18 2167
19778 결혼식... [5] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-10-18 1055
19777 yaj turah ve [1] jeonju-s 2010-10-18 2361
배너신청
자생병원

배너신청