Moderator: mgl_300
Хөх бол энгийн хөлсний булчирхай боловч хувьслын явцад шинэ үүрэгтэй болжээ. Эрчүүд голдуу том хөхтэй хүүхэнд дуртай гэдэг ч жижиг хөх таалагддаг эрчүүд цөөнгүй. Иймээс хэмжээ чухал биш хамгийн гол нь хөх эрүүл, өвчингүй байх ёстой.
Хөх булчирхайлаг эдийн 15-20 хэлтэнцрээс бүрддэг, тэдгээр нь усан үзмийн молцог мэт бөгөөд өөхөн ба фиброзон эдээр хучигддаг тул зөөлөн бумбагар ажээ. Хэлтэнцэр бүр сүүний сувагтай, маш эмзэг бүтэцтэй бараг хамгаалалтгүй учраас хөхийг хүчтэй базан, цохиж болохгүй. Хэрэв хэлтэнцэр гэмтвэл хөх хатуурч, эсүүд өөрчлөгдөн, хавдар үүсэх магадлалтай. Иймээс охид бүсгүйчүүд өсвөр наснаасаа эхлэн, хөхөө цохилтоос сэргийлж, цээжиндээ гараа зөрүүлэн барьж хамгаалж сурвал зохино. Хөлбөмбөгчид эрхтнээ хамгаалдаг шиг эмэгтэйчүүд хөхөө хамгаалах хэрэгтэй. Сайн чанарын хөхөвч зүүх хэрэгтэй, таарсан хэмжээтэй барьдаггүй, синтетик бус, мөн элдэв төмөргүй хөхөвчийг сонгоорой. Зах дээр зардаг хаанахынх нь мэдэгдэхгүй хямд үнэтэй хөхөвч худалдан авч болохгүй.
Яагаад гэвэл зарим синтетик материал халуунд формальдегид ялгаруулдаг, уг бодис шууд хөхөнд шингэдэг учир тун аюултай. Пролон дотортой хөхөвч өмсөж болохгүй, хуучин пролон мөн элдэв хортой нэгдлүүдийг ялгаруулдаг. Нарны хурц гэрэлд хөхөө ил гарган, биеэ шарж болохгүй. Ультра ягаан туяа ер нь арьсанд хортой нөлөөлдөг, эмзэг булбарай хөхөн дээр туссан ультра ягаан туяа гүн нэвтэрч эсүүдэд сөргөөр нөлөөлдөг. Ийм учраас цээжин биеэ наранд шарах дуртай хүүхнүүд ирээдүйд хавдартай болох магадлал өндөр. Шөнө унтахдаа хөхөвчөө тайлж унтаж заншаарай. Ер нь хөхөвчийг хоногт 12 цагаас илүү зүүх хэрэггүй.
/Хань/