Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хүүхдийн тоглоом нь зугаацуулахаас гадна хүмүүжлийн асар их ач холбогдолтой байдаг. Тиймээс энхрий үрсийн маань тоглоом аюулгүйн зэрэгцээ сэтгэн бодохчадварыгсайжруулдаг байх ёстой.
Харамсалтай нь сүүлийн үед тоглоомноос үүдэлтэй өвчлөл, осол гэмтэл гарах болсон байна. Энэ нь эцэг эхчүүд хүүхдийн тоглоомын талаарх мэдлэг хангалтгүйтэй холбоотой. Наад зах нь хүүхэддээ тоглоом худалдаж авахдаа эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг мэдсэн байх шаардлагатай. Учир нь хүүхдийн чинь тоглож буй тоглоом түүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой. Тиймээс бага насны хүүхдэд айдас төрүүлэхгүйн тулд элдэв гаж хэлбэрийн тоглоом авч өгөх хэрэггүй. Иймэрхүү тоглоом нь хүүхдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлж, хожим ямар нэгэн муу үр дагавар илрэх аюултай. Мөн хүүхдүүд насанд хүрэгчдийг бодвол хортой зүйлд өртөхдөө амархан байдаг аж. Тодруулбал, хүүхдийн минутанд амьсгалах тоо олон, бодисын солилцоо эрчимтэй явагддаг учраас амархан хорддог байна. Түүнчлэн дархлаа, мэдрэлийн систем хангалттай хөгжөөгүй байдаг тул бага хэмжээний хортой байсан ч хүүхдийн өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлдөг. Түүнчлэн харшилтай болохоос гадна насан туршийн өвчтэй болоход ч хүргэдэг байна.
Хүүхдийн тоглоом ямар байвал аюулгүй вэ
Үүнийг тоглоомын хэлбэр ямар байх ёстой вэ гэдгээс эхэлж тайлбарлая. Хүүхдийн тоглоомыг хурц өнцөг, ирмэгтэй эсэхийг шалгах хэрэгтэй. Учир нь бага насны хүүхэд тоглоомыг амандаа байнга хүргэдэг шүү дээ. Хэрэв тоглоом уяатай бол богино уяатай байх ёстой. Хоолойг боомилох аюултай. Мөн тоглоом бөх бат байх ёстой. Хүүхэд тоглоомоо унагах, шидэх үед жижиг ирмэгтэй болж бутарч хагарахааргүй байх хэрэгтэй. Мөн хэтэрхий жижиг хэсгээс бүрдсэн тоглоомыг хүүхэд задалж амандаа хийх аюултай байдаг. Үүнээс гадна жижиг хүүхэлдэйг худалдан авах хэрэггүй. Учир нь гоёл чимэглэл нэрийн дор худалддаг учраас хүүхдэд хортой нөлөө үзүүлбэл хариуцлага хүлээдэггүйг анхаараарай.
Өнгө
Бяцхан үрдээ хэт хурц тод өнгийн тоглоом бүү авч өг. Хараанд муугаар нөлөөлдөг. Мөн хар болон хэт бараан өнгийн тоглоом хэрэггүй. Цэнхэр, шар, ногоон зэрэг саармаг өнгүүд тохиромжтой. Хүүхдийг тань хүрээлж буй өнгийг анхаар. Хэдий чинээ олон өнгө байна хүүхдийн чинь танин мэдэхүй төдий чинээ сайн хөгжинө. Ой хүрээд хүүхэд өнгө ялгаж, тоглоомын зориулалтыг мэдэрч эхэлдэг.
Үнэр
Хүүхдийн тоглоомонд хурц үнэр байх ёсгүй. Хэрэв ямар нэгэн тааламжгүй үнэр байвал хортой химийн бодис агуулсан байж болзошгүй. Мөн үнэртэй тоглоом нь хүүхдэд харшил өгнө.
Зөөлөн тоглоом
Хүүхдэд байгалийн гаралтай органик бодисоор хийсэн тоглоомыг сонгох хэрэгтэй. Мөн та хүүхдийнхээ тоглоомыг долоо хоногт хоёроос доошгүй удаа угааж байх хэрэгтэй. 0-2 насны хүүхдэд үслэг эдлэлээр хийсэн тоглоом бүү авч өг.
Хуванцар тоглоом
Хуванцар тоглоом нь гормонд нөлөөлөх химийн бодис агуулах магадлалтай тул заавал шинжилгээ хийлгэсэн тоглоом авах шаардлагатай. Тухайлбал, зарим хуванцар тоглоом хүнд метал болон бусад хортой бодис агуулдаг.
Тоглоом үйлдвэрлэгчид аюулгүйн шаардлага хангасан гэдгийг баталсан тэмдгийг бүтээгдэхүүний шошгон дээр тавих ёстой байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тоглоом худалдаж авахдаа шошгон дээр нь хүүхдийн насыг заагаагүй бол бүү аваарай.