02.jpg Хүү маань цэцэрлэгтээ явах дургүй. Хэчнээн сайхан амлалт, уран гоё үгээр аргадаад ч тусыг эс олно. Уг нь дуу шүлэг сурахаас эхлээд, нийтэч, нөхөрсөг болох зэрэг цэцэрлэгт явахын ач холбогдол их.

Гэтэл хүү маань цэцэрлэггээ, багшдаа дургүйдээ биш ердөө л анги дээрээ өлсдөг учраас дургүй гэнэ. Аяганы ёроол дахь багахан хоол, ганц ширхэг бууз, хуушуурхнаар хөөрхий бяцхан үрсийг хуурдаг учраас тэд өлсдөг аж. Аргагүй шүү дээ. Тэд хэдийгээр жаахан ч гэсэн ходоодтой учраас өлсдөг л байж таарна. Хөөрхий жаалууд халбагахан хоолондоо цаддаггүй учраас жаахан биедээ баймгүй нэг л уцаартай, хүүхдээ авахаар очих эцэг, эхчүүдийн гарыг горьдсон нүдээр ширтдэг.

Уг нь биднийг цэцэрлэгт байхад цадтал нь хооллож, тэр ч бүү хэл тарахад нь баавгайтай чихэр өгдөг байсан. Гэтэл өдгөө юун баавгайтай чихэр манатай, аяга хоолныхоо хэмжээг багасгасаар яг "нэг халбага" гэх хэмжээг тогтоожээ. Төрийн өмчит цэцэрлэгүүдийн хоолны зардлыг улсаас даадаг болсноор хүмүүсийн хүүхдээ цэцэрлэгт өгөх нь эрс нэмэгдсэн. Манайхан яахав үнэгүй юманд дуртай болохоороо гэртээ харах хүнтэй байсан ч хоолыг нь хүртэл төр дааж байхад цэцэрлэгт явуулахгүй бол болохгүй гэх маягтай.

Уг нь 2008 оны тавдугаар сард батлагдсан "Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль"-иар төрийн өмчит цэцэрлэгүүдийн хоолны зардлыг улсаас даах тухай тусгасан. Улмаар 2009 оноос эхлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолны мөнгийг төлөхөө больж, улс даадаг болсон юм. Анх нэг хүүхдийн хоолны зардлыг 658 төгрөг гэж тогтоосон бол өдгөө 1300 төгрөгт багтаасан аж.

Махнаас эхлээд хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан өнөө үед өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл 1300 төгрөгөөр хооллоно гэвэл хэцүүхэн сонсогдож байгаа биз. Үүнийгээ тэд жаахан хүүхдэд бол подхийсэн норм гэж үзэж байгаа бололтой. Өдөрт гурван удаа хооллоход энэ мөнгө яасан ч хүрэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Ядахад яр гэгчээр улсаас тогтоосон жаахан хоолоо хүргэх гэж хичээхийн оронд багш нар нь бас хоолноос нь "шомбодно". Өөрөөр хэлбэл бүтэн тогоо хоолноос яг талыг нь багш нар нь идээд та бидний хүүхдэд үлдсэн жаахныг нь өнөөх "нэг халбага" хэмээх нормоороо тараадаг аж. Өөрсдийнхөө ходоодыг борлуулчихаад хүний бяцхан үрсийг өдөржин өлсгөхөөсөө ичдэггүй тэднийг багш гэхэд хэцүүхэн. Төр нь хоолны зардлыг нь дааж байгаа нэртэй, дээрээс нь багш нар нь "шомбоддог" учраас цэцэрлэгийнхэн ийнхүү хагас өлсгөлөнгийн байдалтай өдрийг өнгөрүүлж байна. Ингэж хагас өлсгөлөн өнгөрүүлж байгаа учраас тэд жин хасах нь ойлгомжтой. Бумбайсан хацартай байсан хүү маань хэдхэн сарын дотор эрс турсан.

Ангийнх нь найзууд ч гэсэн "жин хассан". Томчуудын хувьд бол жин хасах нь сайхан ч бяцхан хүүхдүүдийн хувьд байж болшгүй явдал. Тэгээд ч одоо ид өрнөж буй "Эрүүл монгол хүүхэд" аяны үеэр монгол хүүхдүүд 3-6 насандаа өсөлт хөгжлийн хоцрогдолтой болох нь тогтоогдсон тухай эмч нар ярьж байсан. 'Уг нь хүүхэд энэ насандаа бие бялдар болоод оюун ухааны хувьд хурдацтай өсч, хөгждөг аж. Гэтэл цэцэрлэгийн хүүхдүүд арай л туранхай байна" гэх эмч нарын яриа сэтгэлийг маань өвтгөсөн.

Уг нь бид хоолных нь мөнгийг өөрсдөө даадаг байхад хүүхдүүд маань цодойтлоо идэхгүй ч өлсөхгүй болоод л байсан. Ерөөсөө ингэж өөх ч биш булчирхай ч биш байхаар эцэг, эхчүүдээр хоолных нь зардлыг төлүүлээд цадтал нь хоолловол яасан юм бэ.

Х.Өнөржаргал