Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Бага ангийн хүүхдэд хичээл заана гэдэг цэвэрхэн цаасан дээр үсэг, тоо тавьж байгаатай л ялгаагүй
Уншсан 3169 vote 0 2010.02.02 17:39:43Ирэх амралтын өдрүүдэд Монголын багш нарын баярын өдөр болно. Бид энэ удаа аав ээжийн жаахан үрд "А" үсэг анхлан заадаг эгэл жирийн багштай ярилцлаа.
Тодруулбал, Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн бага ангийн багш, ардын боловсролын тэргүүний ажилтан Б.Чимэгсайхан юм. Тэрбээр 1986 оноос хойш V сургуульд багшаар ажиллаж байна. Мөн энэ сургуулийн босгоор анх найман настай байхдаа сурагч нь болон алхан орж байжээ.
-Анх сургуульд орж байсан дурсамжаасаа хуваалцана уу?
-Ээж маань энд багшилдаг байлаа. Мөн энэ сургуульд миний сурагч нас өнгөрсөн. Тэгээд сургуулиа төгсөөд багш болохоор шийдлээ. 1984 онд багшийн сургууль төгсөөд 1986 оноос мөн л энэ сургуульдаа бага ангийн багшаар ирсэн дээ. Амьдрал минь энэ л сургуультай нэгэнт холбогджээ.
-Ээж тань бас бага ангийн багш байсан юм уу?
-Тийм ээ. Миний хувьд ээжийгээ хараад л багш болъё гэж шийдсэн хэрэг. Ээжийнхээ мэргэжлийг залгамжласандаа баяртай байдаг шүү. Өдий олон жил багшлаад явж байгаад ээжийн минь хичээл зүтгэл ч их бий.
-Анх энэ сургуульд багш болж ирсэн үеэ дурсахгүй юу?
-Тэр үед хичээл заалгаж явсан багш нартайгаа мөр зэрэгцэн ажиллах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг надад оногдож байлаа. Анхандаа их эмээж байсан.
-Бага ангийн багш бусад багш нараас юугаараа ялгаатай байдаг вэ?
-Бидний хувьд тухайн хүүхдийн мэдлэгийн суурийг нь тавьж өгдөг шүү дээ. Огт юм бичээгүй цагаан цаасан дээр үсэг, тоо тавьж байгаатай л ялгаагүй. Үзгээ ч барьж чадахгүй хүүхдийг хүлээж аваад, эрдмийн их аянд мордуулдгаараа л онцлог юм уу даа.
-Тэгвэл багш мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?
-Хамгийн нэгдүгээрт, мэргэжилдээ дуртай болохоор сайхан байлгүй яахав. Мөн шавь нар маань сайн суралцаж, сайхан бүхний үрийг тарьж явбал багш нь магнай тэнэгэр байдаг шүү. 20 гаруй жил ажиллалаа. Одоо ч хүндрэлтэй гээд байх зүйл бараг байдаггүй дээ.
-Эргээд сурагч нар тань холбоотой байдаг биз дээ?
-Тэгэлгүй яахав дээ. Шавь нар маань А үсэг заасан багш гээд бага ангийнхаа багшид хайртай байдаг шүү. 1988 онд туршилтын долоон настнуудын ангийг авч байлаа. Тэр ангийнхан маань ч холбоотой байдаг.
-Багш мэргэжил таниас ямар зан чанар илүү шаарддаг вэ?
-Хүүхэдтэй л ойр дотно байх хэрэгтэй. Хүүхдийнхээ зан чанарыг нарийн судалж, тухайн хүүхдийнхээ ээж нь юм шиг л харьцдаг байх хэрэгтэй гэж боддог. Нэг хүүхэд өнөөдөр үзгээ мартаад ирлээ гэхэд бид дунд ангийн хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг хандаж болохгүй шүү дээ. Хүүхдүүд маань аав ээждээ эрхэлж байгаа юм шиг л бидэнд ханддаг. Тэднийг эрхлэх үед нь эрхлүүлж, аргадах үедээ аргадаж, зааж зөвлөхдөө зөвлөж байх нь чухал болов уу.
-Тэр болгонтой зохицож ажиллахад хүндрэлтэй байна уу?
-Хүндрэлтэй ч юу байх вэ. Ямар ч байсан миний хариуцсан ажил юм болохоор зохицоод л ажиллаж байна. Сурчихаж ээ.
-Таныг анх багш болж байх үеийн нэгдүгээр анги одоогийн нэгдүгээр анги хоёрын дунд их ялгаа байгаа даа?
-Тэгэлгүй яахав. Найман настай хүүхэд зургаан настан хоёрын дундах насны зөрүү маш их мэдрэгддэг. Харин долоо найман настай хүүхдүүд холилдсон анги дажгүй шүү. Долоон настай хүүхэд маань найман настнууддаа чирэгдээд, харьцангуй хичээлээ сайн хийдэг. Ер нь дээр үеийн хүүхдүүд бие даах чадвар сайн байжээ. Зургаа, долоо настай хүүхдүүд чинь ус авч, түлээгээ зөөгөөд л тусад орсон байдаг. Харин одоо яаж байна. Эрх танхил, эсвэл айлын ганц юм уу, айлын том хүүхдүүд ирж байна даа.
-Та зургаан настнуудын анги аваагүй юу?
-Үгүй ээ. Одоо би гуравдугаар ангитай. Гэхдээ зургаан настнуудын ангийг ажиглаж байхад их хэцүү санагдсан. Биеийн тамирын хичээл ороход хувцсаа өмсөж чадахгүй, үдийн цай өглөө гэхэд бараг юмаа ч идэж чадахгүй хүүхдүүд байгаа. Гэхдээ аяндаа сурч байгаа юм л даа.
-Хичээлд аав ээжийн оролцоо хэр байдаг вэ?
-Хүүхдийг багш дангаараа сурган хүмүүжүүлнэ гэж байхгүй л дээ. Ялангуяа цагаан толгойн хичээл зааж байх үед эцэг эхийн туслалцаа заавал байх хэрэгтэй. Эцэг эхчүүдтэй хамтрахгүйгээр тухайн хүүхдэд үсэг заана гэж байхгүй.
-Бага ангийнхаа багшийг дурсахгүй юу?
-Би Булган аймагт бага ангиа төгссөн. Монголын Улсын гавьяат багш Б.Ганчимэгээр A үсэг заалгаж байлаа. Ээжийгээ болон бага ангийн багшаа хараад л энэ мэргэжилд хайртай болсон доо.
-Энэ жил багш нарын баяраа ямар амжилтаар угтаж байна вэ?
-Саяхан манай сургууль 70 жилийн ойгоо тэмдэглэлээ. Энэ ойгоороо Боловсролын тэргүүний ажилтан гэсэн цол тэмдэг авсан. Хот, дүүргийн аварга гээд л хамт олон маань ажлын бүтээмж өндөртэй байлаа. Манайх багш нарын баяртаа зориулаад багш нарын дунд спортын тэмцээнүүд явууллаа. Мөн сурагчдын дунд "Багш" сэдэвт гар зургийн уралдаан, зохион бичлэг, дууны уралдаан зохион байгуулсан.
Т.Батсайхан
saixan medeelel bn thanks