Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Зарим эмэгтэйчүүд нөхөрт гарсан цагаасаа л эхлэн өөрийн бие даасан байдлаа бага багаар алдаж эхэлдэг. Тэднээс “таны мөрөөдөл юу вэ” гэхэд би зүгээр л гэрийн сайн эзэгтэй байхыг хүсч байна гэж хэлдэг. Ингээд л болоо юу?
Би өдөржин хүүхдээ харж, гэр орны ажил хийж, тэгээд оройд нөхрийгөө ирэхийг хүлээгээд л, ирэхээр нь хоолыг нь хийж өгөөд л, өдөр бүр ер нь иймэрхүү л өнгөрдөг. 2 хүүхэд дараалж гаргаад 5 жил гэртээ суучихаар одоо бүр өөрийгөө мартчихсан гэж хэлж болно.
Өмнө нь би юу ч мөрөөдөж байсан юм бол мэдэхгүй, бүх л зүйлсээрээ нөхрөөсөө харьяат болохоор сүүлдээ бүр нөхрийнхөө хувьд үнэ цэнэгүй нэгэн болж хувирч байгаа юм шиг санагдах боллоо гэж нэгэн эмэгтэй бичжээ.
Энэ удаагийн нийтлэлээрээ бүсгүй хүн нөхөрт гарч, ээж болсон байлаа ч өөрийн бие даасан байдал, үнэ цэнээ хэрхэн хадгалах вэ гэдэг сэдвийг хөндөх болно. Хосуудын үерхэж байх үе, дөнгөж гэр бүл болох үе, гэрлээд хэдэн жил болсон үеүд хоорондоо мэдээж ялгаатай байдаг. Энэ ялгаатай байдал нь ч гэсэн хосуудын харилцаанд сайн муу олон өөрчлөлтүүдийг авчирч болно.
Зарим эмэгтэйчүүд нөхөрт гарсан цагаасаа эхлээд л өөрийнхөө бүхий л анхаарал халамжаа зөвхөн гэр бүлдээ зарцуулж эхэлдэг. Ингэснээр өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарал тавихаа больж, ихэвчлэн жин ихээр нэмж, дөнгөж нөхөртэйгээ сууж байсан шигээ үзэсгэлэнтэй бүсгүй биш болж хувирсан байдаг.
Мөн санхүүгийн хувьд ч, хувь хүний хувьд ч гэсэн бүхий л талаараа нөхрөөсөө харьяат болж эхэлдэг ба энэ нь өөрийн хүсэл мөрөөдлөө орхих, ямар ч хоббигүй болох, найз нөхөдгүй болох, бие дааж шийдвэр гаргах чадваргүй болох зэрэг өөрчлөлтүүдийг амьдралд нь авчирч байдаг.
Энэ нь тодорхой хэлвэл “өөрийгөө гээж” эхэлдэг гэсэн үг ба гэрлэлтэнд хоёр тал хоёулаа тэгш эрхтэй байх ёстой байтал нэг талын эрх ашиг давамгайлсан хандлагатай болдог гэсэн үг юм. Ингэснээр тухайн эмэгтэйн үнэ цэнэ гэр бүлд буурч, айлын эзэгтэй гэдэг байр суурьнаас биш шударгаар хэлэхэд “гэрийн үйлчлэгч маягтай” хандах хандлагыг үүсгэдэг гэж хэлж болно.
Энэхүү гэр бүл дэхь эмэгтэйн үнэ цэнэгүй байдал нь цаашлаад гэр бүлийн ноцтой асуудлуудыг үүсгэж эхэлдэг ба гэр бүлийн хүчирхийлэл үүсэх нөхцөл ч болох нь бий.
Тиймээс эмэгтэйчүүддээ өгөх миний зөвөлгөө бол өөрийн үнэ цэнэ, бие даасан байдал, хүсэл мөрөөдөл, кариераа хэзээ ч бүү орхи! Өмнө нь та нөхрөөсөө хайр халамжыг ихээр хүсдэг байсан бол өнөөдрөөс эхлээд өөрийгөө хайрлаж, халамжилж эхлээрэй.
Хүнтэй сууна гэдэг нь өөрийн үнэ цэнийг үгүй хийж, бүхнийг бусдын төлөө зориулна гэсэн үг биш ба та ч гэсэн үнэ цэнэтэй, ирээдүйтэй, бие даасан, хүчирхэг эмэгтэй гэдгээ хэзээ ч бүү март.
Гэрийн сайн эзэгтэй, хүүхдийн сайн ээж, хүний сайн хань байхын сацуу мөн та өөрийн гоо сайхан, эрүүл мэнд, бие галбир, хувь хүний хөгжилдөө ямагт анхаарал тавьж, өөрийгөө хайрлаж, үргэлж өөртөө итгэлтэй байхыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд ч гэсэн аль болох харьяат, бие даасан байдлыг эрхэмлэж, боловсрол мэдлэгээ үргэлж дээшлүүлж, хувийн кариертаа анхаарал хандуулж байх нь зүйтэй юм.
Эцэст нь та бол үзэсгэлэн төгс эмэгтэй хүн тул өөрийг тань үл хүндлэх хандлагыг хэзээ ч бүү хүлээн зөвшөөрөөрэй. Яагаад гэвэл та энэ дэлхийд хайрлуулах гэж, эргээд бусдад хайрыг түгээх гэж ирсэн хүн юм шүү. Өдөр бүр хүчирхэг бүсгүй байгаарай. Монголжингоо.