Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
“Найман шарга энтернэшнл” компанийн БНСУ дахь ажилтнуудыг шалгаж эхэлжээ
Уншсан 635 vote 0 2009.03.17 10:06:41Өнгөрсөн сарын сүүлийн өдрүүдээс БНСУ-аас ар гэрийнхэндээ мөнгө гуйвуулсан иргэд сандарч эхэлсэн юм. Энэ явдал улс хооронд газрын болон агаарын ачаа тээвэрлэж, мөнгө гуйвуулдаг “Найман шарга энтернэшнл” компанийн Монгол дахь салбар иргэдийн явуулсан мөнгийг өгөхгүй, үүдээ барьсантай холбоотой байсан юм. Иргэд тус компанийн үүдийг олон өдөр сахисаар сүүлдээ аргаа баран Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаснаар тус дүүргийн цагдаагийнхан компанийн Монгол дахь салбарын захирал Г.Энхтуяаг шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад тус компани нь албан ёсоор мөнгө гуйвуулах зөвшөөрөл аваагүй байсан нь тогтоогджээ. Хамгийн доод тал нь 50, дээд тал нь 50 мянган ам.долларын авлагатай иргэд сандран мөнгөө алдах нь хэмээн айж цагдаагийн байгууллагын үүдийг одоо хэр нь сахисаар байна. Зарим нэг эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус компанийнхан онгоцоор Монгол руу ирж буй иргэнд мөнгөө дайсан нь алдагдаж, иргэдийн мөнгийг өгөх боломжгүй болсон гэж мэдээлж байна. Гэсэн ч энэ долоо хоногоос иргэдийн мөнгийг өгнө гэж Г.Энхтуяа хэлж байсан юм. Тэрээр байгаа мөнгөнөөсөө их хэмжээний бус багаас нь эхлэн иргэдийн мөнгийг барагдуулж эхэлжээ. Харин 10 мянган ам.доллар авах ёстой иргэн А “Манай хүү энэ компанийн Солонгос дахь салбарт мөнгөө хадгалуулж байсан юм билээ. Гэтэл энэ хүмүүс одоо хэр нь өгөхгүй байна гэж хүүгээ тэндээс ярьсан болохоор уулзах гэж ирээд байна. Энэ компанийг төлөөлж БНСУ-д ажилладаг хүмүүс нь ч мөн шалгагдаж байгаа гэсэн. Хөлсөө дуслуулан байж олсон мөнгийг нь хурдхан олж авмаар байна” хэмээн ярьж байв. Цагдаагийн байгууллага иргэдийн гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгээгүй ч үргэлжлүүлэн шалгаж байна. Ямартай ч тус компаниас их хэмжээний мөнгөө авах ёстой иргэд хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй болсон бололтой.
Х.Сүрэн