-Ер нь Солонгос руу ажилчин илгээх асуудал багасчээ дээ. Энэ нь юутай холбоотой вэ?
-Дэлхийн эдийн засгийн хямрал Солонгос болон бусад оронд нөлөөлж байна. Тиймээс Солонгост олон үйлдвэр дампуурч, ажлын байр алдагдсан. үүнээс шалтгаалаад ажиллах хүч гаргах асуудал нэлээн буурсан нь мэдээж.

-Танайх өөр улс орон руу ажиллах хүч илгээж байна уу? Эсвэл шинээр ажиллах хүч авах тухай бусад улс орноос санал ирэх юм уу?
-Манайх зөвхөн Солонгос улс руу ажиллах хүч илгээх асуудлыг хариуцна. Бид Унгар, Чех улс руу тодорхой хэмжээгээр ажиллах хүч илгээхээр ярьж байна. Гэвч Европын холбоо, Унгар, Чех улс ажилчин авах асуудлыг зогсоосон. Солонгос улс гадаадаас ажилчин авах квот дууслаа гэсэн мэдээлэл авлаа. Энэ нь мөн ажлын байрны хомсдлоос шалтгаалж байна. Солонгосын Засгийн газар өөрсдийн дотоодын ажилчдаа ажилтай болгох дээр анхаарч байна. Гаднаас ажилчин авахаа багасгажээ. Солонгос улс 14 орноос ажилчин авдаг юм. Түүн дотроос Хятад, Вьетнамын иргэд нэлээд хувийг эзэлдэг. Манай улс ч мөн нэлээд дээгүүрт явдаг. Энэ жилийн тухайд 1000 гаруй хүн гарахаас 840 хүн гарсан, ажлын захиалга нь ирсэн 400 гаруй хүн байна. Энэ хүмүүс ондоо багтаад гарах байх. Шинээр ажлын захиалга ирэхгүй. Ирэх жил Солонгосын талаас квотоо зарлах ёстой. Ингэхдээ үйлдвэрийн газруудаасаа захиалга авч, дүнг нь гаргаад, дотоодын ажилгүйдлээ тооцсны дараа гаднаас авах хүний тоогоо гаргана. Ирэх жил ч гаднаас ажиллах хүч авах нь эрчимтэй сайжрахгүй болов уу гэж харагдаж байна. Энэ жилийнхтэй ойролцоо, үүнээс бага ч хүн ирэх жил гарч магадгүй юм. Энэ нь зөвхөн тухайн оронд эдийн засгийн хямрал ямар байхаас л шалтгаална.

-Ажлын санал, явах өдөр нь ирсэн иргэдийн хугацаа хойшиллоо гэсэн яриа гарч байна. Энэ ямар шалтгаантай бол?
-Урилга ирээд явах гээд байтал цаад талын үйлдвэр нь дампуурчихдаг. Тийм тохиолдол цөөн гарсан. Нөгөө талаасаа тухайн өдрөө авч болохгүй, дараагийн ээлж рүү хойшлуулдаг тохоилдол гардаг.

-Солонгост байгаа манай иргэдээс нутаг руугаа эргэж ирэх нь ихэслээ гэж байгаа. Энэ талаар тоо баримт бий юу?
-Ер нь Солонгос руу явж байгаа хүмүүст ч бид нэлээн ярьж, анхааруулж байна. Хямарна гэдэг чинь тухайн захиалга авч байгаа үйлдвэр хэзээ дампуурах нь мэдэгдэхгүй байна. Эндээс дөнгөж очоод байж байтал cap ажиллаад нөгөө үйлдвэр нь дампуурчих магадлал тун өндөр байна. Бид явах хүмүүстээ ч сайн хэлж, захиж байгаа. Энэ хямралын үед гадаад руу гарах гээд байх шаардлага байхгүй гэж сануулж, анхаа¬руулж байгаа. үүнээс шалтгаалаад гадагшаа гарч ажиллая гэсэн хүмүүсийн тоо эрс буурч байна. Манайд бүртгүүлчихээд явах урилга, санал нь ирсэн байхад өөрсдөө ажлын байртай болсон ч юм уу, эсвэл одоохондоо явахгүй гэж татгалзаж байна.

-Солонгос руу та яваад ирлээ гэсэн. Тэнд байдал ямар байна вэ?
-Солонгосын систем нь их боловсронгуй. Тухайн хүн ажилгүй болчих юм бол ажил хайх боломжийг нь Солонгосын талаас өндөр дэмжлэгтэйгээр гүйцэтгэж өгдөг л дөө. Манай монголчуудын хувьд хүндрэл байдаг. Ажлынхаа байрыг их сольдог. Манайхан олноороо ажилгүй болчихсон хүндрэлүүд харьцангуй гайгүй байна. Бид газар дээр нь нэлээн хэдэн дүүрэг дээр очиж үзлээ.

-Манайхан хэрэг зөрчилд хэр орооцолдож байна вэ?
-Солонгост 30 мянга гаруй хүн байна аа гэдэг чинь манайхаар нэг аймгийн хэмжээний юм. Тийм болохоор тэнд хэрэг төвөг гарахгүй байна гэж хэзээ ч байхгүй. Дор хаяж л арван хүн эрүүлжүүлэгдсэн, хоёр хүн хоорондоо нударга зөрүүлсэн байдаг. үүнтэй адилхан яг л тэр хэргүүд гарна. Энэ нь тухайн улсын хууль дүрмээр зохицуулагдна.

-Солонгост манайхны авч байгаа сарын дундаж цалин хэдэн төгрөг байна вэ?
-Солонгост ажлын хөлсийг цагаар тооцдог юм. Хөдөлмөрийн хөлсний цагийн доод хэмжээ нь 4000 вонн. өнгөрсөн есдүгээр сарын нэгнээс үүнийг 4110 вонн болгосон. Энэ нь тогтмол нэмэгдэж байдаг юм. Тэр хүн хэдэн цаг ажиллана уу цалин хөлс нь тэр хэрээр нэмэгдэнэ. Гэхдээ эндээс явж байгаа хүмүүст гэрээний дагуу авах цалинг нь тооцон бичсэн байдаг. Хүмүүс голдуу нэмэлт цагаар ажиллаж байна. Тиймээс цалингаа нэмүүлэх боломжтой. Ер нь нэмэлт цагтай нь нийлүүлээд тооцвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 900 мянган вонн авч байгаа. Зарим нь цалингаа нэмүүлсэн тохиолдол ч байна. Зарим нь хоёр, гурван сая вонн авсан дуулддаг. Тухайн хүний л хичээл зүтгэл мэдэх асуудал юм. Гэхдээ ажиллаж байгаа үйлдвэр нь жижиг хоршоо л байгаа шүү дээ.

-Ажиллах хүчний асуудал багассан энэ үед зуучилж өгнө гэсэн зар их байдаг. Энэ талаар иргэдэд юу анхааруулмаар байна вэ?
-Тийм ээ, ажиллах хүчний асуудал багасч, зогсоод ирэхээр залилан хийгчид гарч ирдэг. Гадаадад зуучилна гэсэн зар энд тэндгүй гардаг. Би бусад улс орнуудыг нь хэлж мэдэхгүй юм. Ялангуяа манай байгууллагаас бусад газар Солонгос руу гэрээт ажилчин буюу ажилчин зуучилна гэсэн зар гаргах юм бол тэр нь луйврын шинжтэй гэдгийг ойлгоорой. Манай байгууллагын гадаа зогсож байгаа, манай ажилчин биш хүнд мөнгөө өгөөд явуулчихаад хохироод үлддэг юм. Бид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж цагдаагийн байгууллагатай хамтарч ажилласан л даа. Одоо харьцангуй багассан.