Бичлэгийн тоо 2,391

УЛАНГАССАН УЛААН ТҮЙМЭРЧИД

Уншсан 5216 vote 0 2008.07.15 19:46:22
МАХН-ын төв байр шатлаа. Баруун, зүүн талаас нь бараг нэгэн зэрэг тавьсан гал нэг дүгээр давхраас хоёрт, хоёроос гурав руу, дөрөв, таван давхарт өрвөлзөн өгсөж юу тааралдсанаа нүүрс болгон түймэрдсээр байшинг бүхэлд нь хамарсан улаан дөл болж тэнгэрт багил хар утаа олгойдон байсан тэр өдрийг эрхэм уншигч танаа дахин сануулж дотрыг тань муухайруулж буй даа хүлцэл өчьюү.
Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг шиг бид ч бас хулгана жилийнхээ наадмыг үзэх хувь заяатай байж дээ хэмээн залбирч суугаа олны нэгэн би билээ. Намын цагаан ордон шатлаа,
Улангассан зэрлэг хүмүүс хэдэн давхар бүчин бүсэлж чулуун мөндөр буулган эвдлэж,, түймэрдсэн тэр байшин дотор амь нас нь дээсэн дөрөөн дээр болсон олон хүн хэрхэн айн балмагдаж, цочирдон бачимдаж байсныг нүдээр харсан гэрчийн хувиар энэхүү тэмдэглэлийг бичив.
Намын аппарат бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллаж байсны дээр сонгуулийн сонин дуулах гэсэн олон түмэн хийгээд сэтгүүлчид, намдаа баяр хүргэх гэсэн гишүүд, дэмжигчид, ахмад залуу олон хүн орж гаран түм түжигнэж бум бужигнасан хөл хөөртэй өдөр байлаа. Намын байрны хамгийн дээд талд орших өрөөнийхөө цонхоор хааяахан харахад Ардчилсан намын байрны өмнө туг дарцаг барьсан хүмүүс цөөн хэдээрээ цуглаж “Хонхны дуу” чангаар эгшиглэнэ. Харин Сүхбаатарын талбайд урьдын адил хөл ихтэй харагдав. Тэгтэл АН хэвлэлийн бага хурал зарлаж байгаа дуулдав. Сонгуулийн баг, хэсгийн дүн мэдээ тасралтгүй цувсаар бараг хоёр хонох гэж байхад таг чимээгүй байсан АН-руу чих тавьсан сэтгүүлчид төдийгүй олон хүн яаран очсон. “Тэр жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхсайхан ялагдлаа хүлээн ард түмнийхээ дийлэнх олонхийн саналыг хүндэтгэн үзэж ялалт байгуулсан Н.Энхбаярт баяр хүргэн утасдаж байсан шиг Элбэгээ дарга утас цохих юм болов уу” гэсэн шивэр авир яриа ч сэтгүүлч нөхдийн маань дунд гарч байсныг нуух юун. Гэтэл Ц.Элбэгдорж дарга “МАХН сонгууль луйвардлаа” хэмээн тун хариуцлагагүй мэдэгдэл хийж олныг хирдхийлгэв. Өглөөнөөс хойш хөгжим чангаар тавин, намынхаа байрны үүдэнд хүмүүс цуглуулаад байсан нь одоо бодоход МАХН-ыг айлган сүрдүүлэхээр жагсаал цуглаан, үймээн самуунд уриалан дуудаж байсан аж.
Доторх хөл хөдөлгөөн, давхацсан их ажлаасаа болоод АН-ын үүднээс эхээ авсан жагсагчид МАХН-ын байрны үүдэнд ирсэнийг тэр бүр анзаараагүй хүн олон байлаа.. МАХН-ын төв байр халдлагад өртөх тэр үед намын хэвлэл мэдээллийн ажилтан бид гадаад дотоодын сэтгүүлчдийг хэвлэлийн бага хуралд урьж дуудсан байлаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бараг бүх хэвлэл мэдээллийн байгууллагаас хүн ирсэн. Дээр нь ахмадууд олноороо орж гарч байгаа тул тэднийг тусгай өрөөнд хүлээн авч санал сэтгэгдлийг нь авч үлдэх даалгавартай хэрэндээ их ажилтай байлаа. Хэвлэлийн бага хурал эхлэх цаг болоход сэтгүүлчдийг танхимд оруулахаас эхлээд хаалга үүдрүү гадны янз бүрийн хүн дайран ихээхэн түвэгтэй болсон байв. “Энэ хүмүүсээ ялгаж салгаж оруулахад туслаач” хэмээн жижүүр, харуулуудын дуудсанаар үүдэнд очвол байдал нэлээд халуурах янзтай байгааг сая анзаарав. Хэд хэдэн согтуу, халамцуу хүн дайран сэтгүүлчдийн хажуугаар орох гэж зүтгэж байлаа. Тэдний хэлж байгаа үг, ааш авир хачин их улайрсан янзтай байв. Ордны тавдугаар давхрын нүүрэн талд орших 502 тоот хурлын танхимд хэвлэлийн бага хурлаа хийхээр товлосон боловч юу юугүй чулуу шидээд эхэлсэнд аюулгүйг бодон гуравдугаар давхар дахь хурлын их танхимд орцгоов.
МАХН-ын дарга С.Баяр тэргүүтэй намын удирдлагууд индэрт суун хурал хийж байхад гадаа хүмүүс хашгиралдан, үе үе шил толь яйран хагарах чимээ сонсогдсоор байлаа. Ажилтан залуус маань хаалганы харуул дээр хүч нэмэн С.Баяр даргын хамгаалалтын албаныхан хурлын заал тойрон зогсож байгаа хэр нь “Дайраад ороод ирвэл яана даа” хэмээн дотроо их л эмээж хурал хурдан дуусаасай гэж яарч байлаа. Гэвч сэтгүүлчдийн асуулт тасрахгүй үргэлжилсээр байв. Тэгтэл Ерөнхий сайдын хамгаалалтын албаны дарга нэлээд сандрангуй дуудаж байна. Яваад очтол “Хурлаа хурдан дуусгаач, байдал түгшүүртэй боллоо” гээд хаалгаа яаран хаав. Би тайзан дээр гарч Ё.Отгонбаяр даргад хэл дамжуулав. Ингээд хамгаалалтынхан С.Баяр даргыг дагуулан танхимаас гаран цахилгаан шат уруу оров уу үгүй юу тэсэрч дэлбэрэв үү гэмээр их чимээ нүргэлэн шатны цаад талын цонхны зузаан шил бутран унаж араас нь чулуун мөндөр шаагив. Ингээд бид дээшээ, доошоо хаашаа ч явах аргагүй болж хурлын зааланд хөл хоригдов.Нэг хэсэг нь дээрээ нөгөө хэсэг нь хурлын заал хавьдаа хоригдсон гэсэн үг. Сэтгүүлчид боломж гарган зураг авахыг хичээж байлаа. Харин камераа барин очсон цонх болгоны цаанаас чулуу нүүлгэж байв. Нэгэнт цонхруу ойртож болохгүй учраас гадаа хэрхэн үймж байгааг тэр бүр харж чадахгүй, хаалгаар гарах нь бүү хэл цонхоор ч шагайх аргагүй хүнд нөхцөл байдалд байсан юм. Төдөлгүй хоолой ам ирвэгнэн, нүд нүүр загатнан хүмүүс ханиалгаж эхлэв. Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч шидсэн бололтой. Халуун бүгчмийн дээр тийнхүү үе үе амьсгалах агааргүй болж хүмүүс ам хамраа даран хурлын заалны булан тохойруу цэвэр агаар хайн хуйларч байлаа. Нэгэн настай хүн дотуур майкаа тайлан толгойгоо битүү боосон харагдана. Сэтгүүлчид, манай ажилтнууд голдуу тэр хүмүүсийн дотор дийлэнх нь эмэгтэйчүүд байсны дээр жирэмсэн бүсгүйчүүд ч хэд байсан. Цөмөөрөө ихэд айж балмагдсан харагдана. Тэдэнд маш их санаа зовж цэвэр ус ч бол дөхүүлж өгөхсөн гэж бодовч ордон дотор хаашаа ч явах аргагүй тул дэмий л царайг нь ажин холхисоор байлаа.
Япон, ОХУ гээд гадаадын хэд хэдэн орны сэтгүүлч хуралд ирсэн. Тэд ордны дотроос жагсагч, дайрагчдын зургийг чамгүй сайн авч байх шиг байсан. Харин бидэнтэй цуг ОХУ-ын хоёр эрэгтэй сэтгүүлч үлдсэн байв. Удаж төдөлгүй байдал улам дордож ордон тал бүрээсээ нэвт цохиулан хаана л бол хаанаас чулуу, шавар, шилэн мөндөр асгарч эхлэхэд оросын сэтгүүлчид амь мэнд гаргаж өгөхийг хэвлэлийн албаны биднээс шаардав. Дэмий самгардан доош бууваас ордны цагаан гантиган шал цусанд будагджээ. Ордон үндсэндээ хаалгагүй болж дайрагчид тугны иш, төмөр, модоор манайхныг хайр найргүй нүдэж,ёврон, сүлбэн давшлах нь нүд халтьтрам байлаа. Техникийн албаны нэг залуу бугуйндаа шархаджээ, шилэнд зүсүүлсэн бололтой. Бас нэг залуугийн маань толгойноос цус гоожиж байна. Боох юм болж энэ тэр гэж байтал дайралт түрхэн зуур намжин, эргэж “цагдаа нар” гэх сонсдов. Би буцаад дээшээ очтол гадаадын сэтгүүлчид маань байдаггүй, хаашаа явчихсаныг сураглаваас намайг юу хэлж байгааг анзаарч, хариу хэлчих сөгөөтэй хүн алга. Буцаад доошоо гүйтэл нөгөө хоёр маань камераа барьчихсан зураг авангаа ёстой л нэг сэтгүүлчийн зөн билгээрээ самбаачлан гарахыг хараад дотор жаахан уужирсан ч юманд өртчихвий хэмээн залбирч араас нь харсаар зогслоо.Тэр хавь нэлэнхүйдээ аюултай болсон учир даруй дээшээ гар хэмээн хамгаалалтынхан хөөж байна. Дээр зургаан давхрын булангийн өрөөнд бичээч бүсгүй маань ганцаар үлдсэн юу болж байгаа бол гээд утасдсанд тэр маань “Дарга орж ирсэн, санаа зоволтгүй” хэмээн шивнэх шахам хэлээд утсаа таслав. Ашгүй дээ ямар ч байсан ханьтай байгаа юм байна.
Настай хүмүүсийн даралт нь ихэссэн бололтой царай нь барайн харвачихвий гэмээр ихэд цочирдсон харагдаж байлаа.Залуус маань ширээ сандал овоолон цонхон талд хаалт хамгаалалт хийн биднийг ордны дээд давхраад гаргахыг хичээж байхад “улангассан улаан хувьсгалчид” галдан шатааж эхэллээ. Охид бүсгүйчүүд “Бид одоо яах юм бэ” хэмээн орлилдож тусламж эрэн утсадаж байна. Зарим сэтгүүлчид редакци руугаа ярьж шаардаж байгаа бололтой “Тэр Элбэгдорж, Магнай, Батзандан, Жаргалсайхан руу яриач, хэлээч, энэ хүмүүсээ болиулаач” гэх нь сонсогдоно.”Бурмаа, Мөнхтуяа нар эмэгтэй хүн байж арай дэндүү юм аа, өнөөдөр Элбэгдоржийн хажууд тэр хоёр л байсан шүү дээ” гэцгээх хүмүүс ч байна. Дэлбэрэлт тэсрэлтийн дуу чимээ, шил толь хагарах, улангассан хүмүүсийн хашгиралдах, утаа май… Урд үзээгүй аймшигт байдалд хүмүүс яах учраа олохгүй улам бүр самгардсаар. Хүмүүсийн гар утас зогсоо зайгүй дуугарч байдлыг зурагтаар харсан гэр орныхон, ойр дотныхон нь амар мэнд эсэхийг нь сураглаж өөрсдөө ч аврал дуудан залгасаар төдөлгүй хүмүүсийн утасны зай сууж бие биенээсээ утас, нэгжтэй эсэхийг сураглаж байлаа. Түймрийн утаа газар авч, ордны үүдний хамгаалалт суларсан тул бид арга буюу шатаар өгсөн бутран цацагдах шилэн суман дундуур ордны дээд давхраад чихцэлдэн өгсөв. Олны дундуур зайчлан гүйсээр өрөөндөө ортол С.Баяр дарга маань тэнд хэдүүлээ байж байна. Үнэндээ намын цагаан ордонд тэр үед хамгийн аюулгүй хэсэг тэр л болоод байсан юм. Би зогтусан буцаж гарах гэснээ болив. Сейф саваа цоожлон, компьютер, цахилгаан хэрэгслээ унтраан цүнхээ аваад гарах гэтэл тар няр хийн өрөөний зэрэгцээ гурван цонхны урд талынх нь хагарч арай ч шил нь үйрч үсчилгүй тэрүүхэндээ тогтов. Цочин нугдасхийнгээ даргыг харвал ер анзаарсан янзгүй гэхдээ маш их бухимдангуй утсаар ярьж байлаа. Ер нь С.Баяр дарга тэр аюул дунд бидэнтэй хамт байсан нь хүмүүсийг тайвшруулж, ямарч байсан мэнд амар гарахдаа л гарна гэсэн их итгэл өгч байсан юм. Тэндээсээ байшингийн орой дээрх задгай талбай дээр гарлаа. Зарим нь хахаж цацан, ханиан огиулж байна. Ерөнхий сайдын хамгаалалтын албаныхан биднийг тайван байхыг сануулж, ордны аль л аюулгүй хэсэгрүү замчлан дагуулж, аюул ослоос бултан зайлуулж “Одоохон галыг унтраана, гал команд ирж яваа, дайралт ингээд зогсоно оо” хэмээн тайвшруулж байсныг дурдахад нэн таатай байна.
Би хувьдаа төдийгүй тэнд байсан хүн бүхэн “Арай ч дээ Элбэгдорж, Магнай…нар, бид чинь монгол хүмүүс шүү дээ” гэж өөрийн эрхгүй халаглаж байсан. Бас ордны маань өмнө намирах тугнуудыг буулган урж, шатаан доромжлоод оронд нь Б.Жаргалсайханыхан намынхаа, Иргэний эвсэл, ИХН-ынхан тугаа өлгөхийг цонхоороо нэг залуу ажилтан маань харсан гэнэ. Түүний яриаг сонсоод хүмүүс их зэвүүцэж байлаа.
Өрөөндөө хамаг юмаа орхичихсон яана аа, цүнхээ хүртэл аваагүй гэж охид, бүсгүйчүүд санаа зовох хэдий ч “Амь мэнд гарч байвал тэр цүнх, юм ч яамай байна аа” гэцгээнэ.Намын хэдэн хүүхнүүд маань сонгууль гээд өдөр шөнөгүй ажиллаж байсан болохоор өнгөтэй өөдтэй солих дээл, гутал хувцсаа хүртэл ажил дээрээ авчраад тавьчихсан нь цөөнгүй байсан.
Цаг их удаан, эсвэл бүр түргэн ч өнгөрөх шиг.Дээшээ, доошоо, хурлын заал, ордны булан тохойруу хошууран гүйлдсээр нэлээд орой болов.
Манай намын аппаратын залуучууд үнэхээр бахархмаар, зүрх зоригтойгоор ажиллаж,хамгаалалтынханд тус дэм болж дотроосоо галыг унтраан, дайралтыг няцаавч аргагүй цөөдөн хүчин мөхөсдсөөр байлаа.Тэд маань шуурхай зохион байгуулж цонх, шатны ойролцоо хамгаалалт босгон зарим нь шилэнд зүсүүлэн, нүүр гараа шалбалсан хэр нь хүнд хүнд ширээ сандал, сейф сав зөөн хориглолт хийж бидний хоргодох орчин, явах замыг аюулгүй болгосоор байлаа. Хэвлэлийн бага хурал санд мэнд тарах тэр мөчид У.Хүрэлсүх гишүүн гаднаас орж ирсэн нь “Тэвдэж явахад тэвнээр” гэдэг шиг л сэтгэлд өег санагдаж байсан сан. Ер нь манай нам ямар сайхан залуучуудтай юм бэ гэж өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа.
Дээр зогсож байхад ордны баруун зүүн урдаас багширсан хар утаа улам бүр нэмэгдэн гал газар авч байгаа нь ойлгомжтой болов. “Галын машиныг оруулахгүй байна, цагдаа нарын хүч хүрэхгүй байна” гэсэн мэдээ бидний айдсыг улам бүр нэмсээр байлаа. “Нисдэг тэрэг ирээд биднийг энэ байшин дээрээс аврах ч юм билүү, Баяр дарга байгаа юм чинь” гэсэн шүү юм үе үе бодогдох.
Хамгаалалтынхан байн байн утсаар ярин, ахлагч нь “За одоо хөдөлгөлөө шүү” гэснээр биднийг буцаан шатаар буулгав. Тэд цонхон талд нь манай залуусын хамт зогсон биднийг биеэрээ халхлан хамгаалав. Үе үе шил бутрах, мөн тэсэрч дэлбэрэх мэт чимээ гарахад орилолдон, дальдарч, бултаж явсаар бид хорин цагийн үед грашаар дамжин гадагш гарав.Улаанбаатар зочид буудлын хажууд машин шатан бөөн гал авалцаж байна. Нүцгэн гараараа толгойгоо даран Ордны зүүн хойд талруу бөгтийн гүйцгээлээ. “Ханаа дагаж гүй, ханаа дага…” гэж хашгиралдсаар залуус маань ард хоцров. Хажууд Б.Даш-Ёндон дарга маань, цаахан талд нь зөвлөх Б.Дагва гуай, хөөрхий настай хүмүүс аюулгүй тийш чадлаараа зүтгэж явна. Тэдний өмнөхөн нь манай хэвлэлийн албаны нэг жирэмсэн охин гүйж байна. Тэр маань толгойгоо биш харин гэдсээ даран бөгтийснийг хараад өөрийн эрхгүй самсаа шархираад ирэв. Сүүлд сонсох нь ээ биднийг тийнхүү мэнд амар гаргах гэж ордны зүүн талыг чөлөөлөхөд цагдаагийнхан маш их хүч гаргасан аж. Юутай ч бид амьд мэнд гарав. Гэвч утаа май, улаан гал дунд С.Баяр дарга, залуус маань үлдсэн. Амжиж гарч чаддаг л байгаа даа гэсэн түгшүүрт хүн болгон автав. Аюулгүй газар бараадан бөөгнөрч бид бие биенээ сураглан бүртгэж байлаа. Утаа улам бүр бараантан олгойдож найдвар бүр тасрах шахаж байтал бурханы авралаар хүмүүс маань бүрэн мэнд гарсан мэдээ дуулдав.
Товчхондоо ийм зүйл болсон билээ.Элэг нэгт монгол хүн монголчуудаа ингэж үхэл, аюул уруу түлхэхийг нүдээр үзсэн гэрчийн нэгэн би болов. Тэнд байсан хүн бүрийн амь нас хутганы ирмэг дээр байсан чин үнэнийг л би уншигч танд баттай хэлж чадах байна. Энэ тухай ярих, бичих бүү хэл дурсах төдийд зүрх шимшрэвч монгол хүний амны билгээр Галын дөл өөдөө байх болтугай л гэж ерөөхөөс…
Я.СУМЪЯА
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/521353/f5d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
96 Монголын тамирчид Бээжингийн олимпод Хятадыг төлөөлж оролцоно [2] daruuhan01 2008-08-01 5358
95 araichdee [1] jaalhuu. 2008-07-31 3351
94 Энэ бол крилээр бичхэд зориулан бутээгдсэн юм шүү. 96843226 2008-07-30 6354
93 Харийнхан монгол газар, [1] 96843226 2008-07-30 6126
92 ЭР ХҮН ТАНАА. [2] Мичидмаа 2008-07-28 6481
91 Mongol hun mongoliin zurh- unshaad uzeerei humuusee [9] Klady 2008-07-28 11869
90 l[] Klady 2008-07-28 3225
89 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-07-22 5110
88 Номын сангууд хаана? хаана? бнаа? [2] halkh 2008-07-20 4316
87 Солонгос дахь Монгол Номын санд ном хандивлах хүмүүс 96843226 2008-07-19 4659
86 AHXAAP. SOS AIDS 96843226 2008-07-19 3604
85 Өмнөд Солонгост байгаа Монголчуудад өөрсдийн юм гэх зүйл бараг байхгүй. [2] 96843226 2008-07-19 5734
84 Өмнөд Солонгост гэрээний ажилчин нэрээр Монголын үнэмлэхүй эрүүл чийрэг залуусыг гарган,. [2] 96843226 2008-07-19 6472
83 mongolchuudiig nomiin cagaan buyan vndesnii vildver avrah boltugai bilgesh 2008-07-19 1882
82 Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж огцрох бодолтой байгаагаа илэрхийллээ 96843226 2008-07-18 4550
81 9-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа арилжаа явагддаг [1] 96843226 2008-07-18 5272
80 ЭРХ БАРИГЧИДАД ГАРГАСАН УРИАЛГА. [1] Мичидмаа 2008-07-17 5337
79 Монголчууд бидэнд өнөөдөр нэг л юм үгүйлэгдээд байна. [1] 96843226 2008-07-16 5471
» УЛАНГАССАН УЛААН ТҮЙМЭРЧИД fgfdg 2008-07-15 5216
77 ХАР, СААРАЛ ӨДРҮҮДИЙН ТЭМДЭГЛЭЛ [1] fgfdg 2008-07-15 4798
76 Юу бодож буйгаа анхаар ч бай , учир нь бодол үг болдог [1] 96843226 2008-07-14 5881
75 naadam байлдагч 2008-07-11 3900
74 크로싱(Crossing) kino [2] 미인 2008-07-11 4285
73 УЛС ТӨРЖӨӨД НЭГ ҮЗЭХ ҮҮ? [2] 96843226 2008-07-10 5836
72 тусгай албаны ажилтны үг baassaa 2008-07-10 4203
71 НААДАМ [1] 이주&#48 2008-07-09 3134
70 butsah zamiin zardal [3] ngerlee 2008-07-09 3395
69 Unen unen777 2008-07-09 3746
68 Намаар талцаж чулуугаар байлддаг дайны талбар монгол минь бишээ!!! daruuhan01 2008-07-08 6568
67 Mongolchuudaa. Khezee ta bukhen bukh zuilsee kharamgui mongoldoo [1] 20080701 2008-07-08 2166
66 Choijilsuren ni [1] namjil 2008-07-07 3816
65 mongol utas solongost WWW>g-tel.mn [1] ebatsan 2008-07-06 5936
64 bair Oddiinzug 2008-07-06 4847
63 Юу болов, юунаас болов, одоо юу болж байна вэ? oronzai 2008-07-06 6818
62 archaagui mongolchuudaa gej???????/? oron_zai 2008-07-05 5236
61 МОНГОЛД СОНГУУЛЬ ШУДРАГА ЯВАГДСАН УУ. [1] Мичид 2008-07-05 5222
60 Huviaraa amjiltand hyreh bolomj [1] amjilt9 2008-07-05 3580
59 mongold xuchirhiilel yavagdaj bna [2] sarmishan1989 2008-07-05 3490
58 oilgoxgvi bn shvv! take it easy 2008-07-05 3407
57 관리자님 [1] narao 2008-07-05 5176
56 ***НААДАМЫН БЭЛЭГ**** MGLгишүүн* 2008-07-05 6854
55 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27564
54 MONGOL FOTO [1] *MGL гишүүн* 2008-07-04 5967
53 ЭРЛИЙЗҮҮДЭД ДАМЖУУЛААРАЙ??? бодох тун ???санахтун??? [1] l am here 2008-07-04 7050
52 Barivchilgaa 96843226 2008-07-04 5311
배너신청
자생병원

배너신청