Үнэнхүү муу чанарт хүнийг дэмий бүү сурга,
Үнэхээр сайн санаагаар хэлэвч харин гэм болюу.
Үлгэрлэвэл эрт цагт нэгэн хэдэр сармагчин
Өчүүхэн Галандагын үүрийг эвдсэн мэт,
хэмээн айлджээ.
Өрөвч Галандага ба хэдэр сармагчингийн үлгэр
Эрт цагт нэгэн бич хийгээд Галандага шувуу дотносон нөхөрлөөд өндөр модны дунд хэсэгт Галндага үүрээзасч харин модны оройд бич хонодог байжээ. Зунхж цагийн нэгэн их аадар бороонд бич шалба нороод биеэ сэгсэрч байлаа. Үүнийг үүрэндээ тухлам суусан Галандага үзээд санаа зовниж хэлсэн нь:
-Нөхөр өө, чиний хүчит гар чинь уран, түргэн шаламгай биеийн чадал чинь их, саруул ухаан чинь сэргэлэн тул модны оройд бороонд норж суулгүй минийх мэт сайхан үүр барьж суу.Чи ч жаргалтай, би ч санаа зовних зүйлгүй болно гэсэнд бич **Энэ өөрийн үүрээр бардамнан онгирч байна** хэмээн уурлан хилэгнэж,
-Чиний мэт шувуу намайг сургах болоо юу? Тэгвэл чиний тэр сайхан үүрийг би авна гээд өр зөөлөн, сайн санаат гэмгүй шувууны үүрийг эвдлэн хэмхэлж, тараан бутаргаж хаялаа хэмээмүй.
Тиймийн тул үнэнхүү муу чанарт хүмүүнд сайныг санаж зөвлөвөөс хэлсэн үгийг үл тоон сонсолгүй харин ч дээр нь буцаан хорлож болох тул муу хүнд олон үгийг өгүүлж бүү үйлд хэмээсэн утга болой.