БНСУ-ын Цагдаагийн байгууллагынхан Ц.Элбэгдоржийг гүтгэсэн гэх гурван солонгос иргэнийг илрүүлэн байцаалт авч, тэд Монголоос ирсэн хүмүүсээс тус бүр гурван сая вон авч ярилцлага өгснөө хүлээсэн тухай Ардчилсан намынхан мэдэгдээд буй
........................................................................................................
Өнөөдөр 11.00 цагаас СЕХ-ныхон БНСУ-ын Сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзахаар болов. БНСУ-ын төлөөлөгчид удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн явц байдлыг ажиглахаар иржээ. Сүүлийн өдрүүдэд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж солонгосчуудаас хандив авсан гэсэн дуулианыг МАХН-ын зүгээс дэгдээж, БНСУ-ын Цагдаагийн байгууллагынхан Ц.Элбэгдоржийг гүтгэсэн гэх гурван солонгос иргэнийг илрүүлэн байцаалт авч, тэд Монголоос ирсэн хүмүүсээс тус бүр гурван сая вон авч ярилцлага өгснөө хүлээсэн тухай Ардчилсан намынхан мэдэгдээд буй. Ийнхүү солонгосчууд ямар нэг байдлаар Монголын сонгуультай нэр холбогдсон тул Сонгуулийн байгууллагын төлөөлөгчид нь ажиглагч хийхээр ирсэн бололтой. Энэчлэн гадаадын хэд хэдэн орноос ажиглагч, сэтгүүлч сурвалжлагч ирж манай Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах байх гэж албаны хүмүүс хэлж байна. Үүнд АНУ, Канад, Япон, ОХУ болон ХБНГУ-ын Конрад Аденауерийн сангийнхан албан ёсоор ажиглах эрхээ авчээ. Түүнчлэн Английн BBC, Японы NHK болон ОХУ, Хятадын хэвлэл мэдээллийнхэн ирж сурвалжлах юм байна.
Д.ОЮУН