Утаа хүүхдийн өсөлтөд нөлөөлж байна.
Улаанбаатарын агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, гамшгийн байдалд хүрээд байгаа билээ. Иймд хотод амьдарч байгаа иргэд яаж ч бодсон эрүүл амьдрахгүй, Эрүүл мэндийн яамны хийсэн судалгаагаар манай улсад жилд дунджаар 90,7 мянган хүн амьсгалын замын өвчнөөр өвчилдөг бөгөөд тэдний эмчилгээнд 4,8 тэрбум төгрөг ойролцоогоор зарцуулжээ. Улаанбаатар хотод нийт иргэдийн 40,2 хувь нь амьсгалын замын өвчнөөр өвчилдөг. Энэ өвчнөөр өвчилсөн 36,4 мянган хүнийг эмчлэхэд 2,4 тэрбум төгрөг зарцуулжээ. Эрүүл мэндийн яамныхны хэлж буйгаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй л бол 2015 он гэхэд агаарын бохирдлын улмаас 42 орчим мянган хүн өвчилж тав шахам тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Улаанбаатар хотын агаарт тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дугуу исэл маш их тул хүүхдүүд гуурсан хоолойн цочмог архаг үрэвсэл, уушигны өвчнөөр нэлээд өвчилдөг. Ялангуяа хотын хүүхдүүд хөдөө орон нутгийн хүүхдийг бодвол энэ өвчнөөр 5-15 дахин илүү өвдөж, 7-8 дахин илүү эмнэлэгт ханддаг байна. Мөн уушиг нь өвддөг хүмүүсийн өвчин өвөл хавар илүү сэдэрдэг байна. Улаанбаатар хотод хийсэн судалгаагаар агаарын бохирдлоос болж өвдсөнөөс үүдэн хүүхдүүдийн өсөлт хөгжлийн хэвийн харьцаа алдагдаж, өндөр жин нь нэмэгдэж цээжний тойргийн хэмжээ багассан байна. Мөн сүүлийн үед өргөн тархаад буй нялх хүүхдийн эндэгдлийн шалтгааны дийлэнхийт ч агаарын бохирдолтой холбон үзэж буй. Үүнд төрөлхийн гаж хөгжлийг мөн нэрлэж байв. Тухайлбал 2005-2008 оны байдлаар нийслэл хотод төрөлхийн гаж хөгжлийн тархалт 1000 амьд төрөлтөд 3,78 болж өссөн үзүүдэлт гарчээ. Хүүхдийн төрөлхийн гэж хөгжлийн хувьд зүрх судас, хоол боловсруулах, төв мэдрэлийн тогтолцооны төрөлхийн гажиг илүүтэй байгаа юм.
Б.Энх