4сарын 15-наас орон даяар "Хүний хөгжлийн сан"-гаас хишиг хувь олгож эхэлнэ
Уншсан 1536 vote 0 2010.04.10 13:33:59Энэ сарын 15-наас орон даяар "Хүний хөгжлийн сан"-гаас хишиг хувь олгож эхэлнэ. Бэлтгэл хэр хангагдаж байгаа талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Баярсайханаас тодрууллаа.
-Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Өмнө нь хишиг хувь олгоход ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 0-18 насны хүүхдүүдийн судалгаа, нэрс нийгмийн халамжийн байгууллагуудад байсан тулдаа шуурхай өгсөн. Энэ удаа 18-аас дээш насны Монгол Улсын иргэдэд олгох тул судалгаа, нэрс гаргахад нэлээд цаг хугацаа зарцуулж байна. Нэрсийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас аваад бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, кодын хөрвүүлэлт, шинээр "Хүний хөгжлийн сан"-гийн бүртгэлийн программ нэвтрүүлж байгаа тул үйлчилдэг банкуудтай программын тохиргоо хийж байгаа. Бэлтгэл ажлаа энэ сарын 15-наас өмнө дуусгаж заасан хугацаандаа олгож эхэлнэ.
-Энэ удаа олгох 70 мянган төгрөгийг хэдэн хүн авах вэ?
-Монгол Улс хоёр сая 743 мянган хүн амтай. Үүний 1.6 сая гаруй иргэн 70 мянган төгрөг авах юм. Мөн жилд 65-70 мянган хүн мэндэлдэг. Тэднийг нэмээд 1.6 сая гаруй гэж тооцсон.
-Тэгэхлээр хэчнээн төгрөг шаардлагатай гэсэн үг вэ. Банкинд хэзээ байрших вэ?
-115 тэрбум төгрөг шаардлагатай. Төгрөг байршуулах тооцоо, хуваарийг гаргасан. Тиймээс ирэх долоо хоногийн даваа гариг гэхэд байршуулж дуусна.
-Дараалал үүсгэхгүйн тулд хуваарь гаргаж олгоно гэж байсан. Хуваарь гарсан уу?
-Нийслэлд өмнө нь олгоход урт дараалал үүсч хүндрэлтэй байсан. Тиймээс дараалал үүсгэхгүй байх тухай нийслэл, дүүргүүдийн Засаг дарга нарын захирамж гарсан. Хороодыг хэсэг, хэсгийг дотор нь орон сууц, орц, гудамж зэргээр ирэх ачааллыг жигд байлгахын тулд хуваарилсан. Ирэх даваа гаригт хуваарийг хороодын байранд томоор хэвлэж нийтэд ил болгох үүргийг дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийнхэнд өгсөн. Тэгэхлээр даваа гаригт хорооныхоо байранд очиж мөнгөө хэзээ авч болохыг хуваарь дээрээс хараарай.
-18-аас дээш насны иргэдэд 70 мянган төгрөг олгож дуусахад залгуулаад эхний ээлжинд хувь хишиг авсан иргэдэд 50 мянган төгрөг өгч эхэлнэ гэсэн яриа байна. Энэ бодитой юу?
-Долдугаар сарын нэгнээс улсын хэмжээнд иргэний шинэчилсэн бүртгэл хийгдэнэ. Бүртгэлд хамрагдсан хүн бүр 50 мянган төгрөгөө авах эрх нь үүснэ. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн нэрс 14 хоног тутамд Улсын бүртгэлийн ерөнхий газар манайх руу ирүүлэх юм. Тиймээс бүртгэлд хамрагдаагүй бол өгөхгүй гэсэн үг.
-Энэ сарын 12,13,14-нд хишиг хувь олгож байгаа дөрвөн банк ажиллахгүй гэсэн. Мөнгө өгч эхлэхийн өмнө үйлчилгээгээ яагаад хааж байгаа юм бэ. Байршуулсан мөнгө нь дууссан юм уу?
-Энэ өдрүүдэд банкууд программын тохиргоо хийх тул төрөөс олгож байгаа 70 мянган төгрөгийг өгөхгүй. Тиймээс иргэд энэ өдрүүдэд банк явах хэрэггүй гэсэн үг.
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 0-18 хүртэлх насны хүүхдүүдийн хэдэн хувь нь 70 мянган төгрөгөө аваад байна вэ?
-95 хувь нь мөнгөө авсан. Аваагүй байгаа хүмүүс нь гадаадад суралцаж, амьдарч байгаа иргэдийн хүүхдүүд отор нүүдлээр явж байгаа иргэд, тэдний хүүхдүүд багтаж байна.
-Алба хааж байгаа болон ял эдэлж буй, тэнэмэл хүүхдүүдэд хишиг хувийг яаж олгох вэ. Үүнийг шийдсэн үү?
-Хоригдлуудад хишиг хувь олгох ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. Харин армид алба хааж байгаа иргэд цэргээс халагдсаныхаа дараа тухайн орон нутагтаа очиж эрхээ үүсгээд авч болно. Иргэний бичиг баримтын зөрчилгүй байна гэсэн болзолтой олгож байгаа учраас газар газраас ирсэн цэргүүдэд өгч болохгүй байгаа юм. Орон гэргүй, тэнэмэл иргэдийг зохион байгуулалттайгаар бичиг баримтын зөрчлийг нь арилгах ажлыг эхлүүлж байна. Үүний дараа тусгайлан бүртгэж, нэр дээр нь хадгаламж нээх, бэлнээр олгох зэргээр өгнө.
-Хоёр дахь ээлжийн хүмүүст олгох 70 мянган төгрөгийг тухайн банкинд харилцах данстай бол шилжүүлэх боломжтой гэж сонслоо?
-Энэ нь иргэдийн өөрсдийнх нь сонголт. Иргэд мөнгөө аваад хадгаламж нээгээд хийлгэж болно. Дараа жил олгох мөнгийг тухайн данс руу хийлгэх боломжтой.
-Нас барсан хүний мөнгийг олгож эхэлсэн үү?
-2010 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нас барсан бүх хүн хишиг хувь авах эрхтэй. Одоогоор нас барсан иргэдийн мөнгийг итгэмжлэгдсэн хүнд өгч байгаа.
Ниймгийн толь