БНСУ-д хууль бусаар зургаан ажиллаж, амьдарч байсан монгол залуу өнгөрсөн сарын 27-нд цагаачлалын албаныханд зодуулж амиа алдсан билээ. Тэрээр өнгөрсөн наймдугаар сарын 24-нд Солонгос улсын цагаачлалын албаны шалгалтанд өртөн, гурван монгол залуугийн хамт баригдсан юм. Харин гурав хоногийн дараа түүнийг уусан архиндаа хордон амиа алдсан хэмээн мэдэгдсэн. Тиймээс талийгаачийн гэрийнхэн түүнийг нас барснаас тав хоногийн дараа БНСУ-д очсон юм. Гэвч ар гэрийнхэн нь талийгаачийн нас барсан оношийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд камерийн бичлэгт ямар нэгэн засвар орсон байх боломжтой гэж үзэж байгаа билээ.
Мөн талийгаачийн цогцост ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авалгүйгээр, тэднийг Монголоос ирэхээс өмнө задлан шинжилгээ хийсэн зэргийг сэжигтэй хэмээн үзэж байгаа юм.
Тиймээс уг асуудлаар БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд УИХ-ын гишүүн О.Баасанхүүд ханджээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь хоёр жилийн өмнө буюу өмгөөлөгч байхдаа Н.Ганцэцэг хэмээх монгол эмэгтэй БНСУ-ын иргэний гарт зэрлэгээр амиа алдсан хэрэгт хуульзүйн туслалцаа үзүүлж байсан билээ.
Б.Чимэг