Монголын өмнөд хэсгийн дэд бүтцийн стратегийн тайланд Монголын өмнөд бүсийн нүүрс, зэсийн уурхайнуудын үйлдвэрлэл жилд таван тэрбум ам. доллар хүрэх боломжтойг Дэлхийн банк тооцон гаргасан бөгөөд үүний тулд наад зах нь тав орчим тэрбум долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн хөгжилд зарцуулах шаардлага тулгарч байгаа аж. “Өнөөдөр Монголын эдийн засгийн жилийн нийт үйлдвэрлэл нь ойролцоогоор тав орчим тэрбум доллар байгаа нөхцөлд дэд бүтцийн хөгжлийн эхний хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх гэдэг нь нүсэр асуудал юм” гэж ноён Саиед тэмдэглээд “Тийм учраас үүнийг ажил хэрэг болгохын тулд чухам аль хөрөнгө оруулалтыг чухалчлах,хэн төлөвлөгөөг бэлтгэх, хөрөнгө оруулалтуудыг хэрхэн санхүүжүүлэх зэрэг асуудлууд тодорхой байх хэрэгтэй юм” гэжээ. “Илтгэлийн зарим нэг зөвлөмжүүд маргаантай, гэхдээ энэ нь тайланд тусгасан аргачлалаас хамааралтай. Тайлангийн аргачлал нь хамгийн чухал” гэж Дэлхийн банкны ахлах эдийн засагч, тайлангийн багийн ахлагч Майкл Уолтэрс тэмдэглэв. “Олон төсөөлөл дэвшүүлсэнээр Засгийн газар магадгүй өөр өөр дүгнэлтэнд хүрч болно” гэхдээ энэ тайлангаар гол шийдвэрүүдийг гаргахад нь Засгийн газар эдийн засгийн нухацтай дүн шинжилгээ бүхий мэдээлэлтэй болно гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлэв. Эдийн засгийн дүн шинжилгээний үндсэн дээр энэхүү өмнөд бүсийн дэд бүтцийн хөгжлийн стратегийн тайланд Монголын өмнөд хэсгийн нүүрсний үнэ цэнэ түүнийг зөөвөрлөх төмөр замыг аль хэсгээр барихтай шууд холбоотойг дурьдсан байна. Хамгийн хямд төмөр зам нь Таван толгойгоос Баоутоу-руу холбох төмөр зам бөгөөд энэ замаар жилд 20 сая тонн нүүрс борлуулсанаар 1460 сая ам долларын ашиг олох боломжтой. Харин Орос руу гарах шинээр барих төмөр замаар ижил хэмжээний нүүрсийг зөөж, борлуулах нь жилд ойролцоогоор 246 сая ам долларын ашиг авчрах тооцоотой байгаа юм байна.