Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлдэг бөгөөд энэ удаа төрийн туг хийгээд туг цэнгүүлэх дэг жаягын тухай сонирхоё. Монгол Улсын төрийн туг нь Монгол нутагт төр байгуулагдан ирсэн түүхтэй нягт холбоотой ба. төрийн тугийг эртний Хүннү улсын үеэс хэрэглэж ирсэн түүхтэй бөгөөд хамгийн их сүрлэг боловсронгуй болсон үе нь 13 дугаар зууны үе ажээ.
Уламжлалт туг сүлдний хэлбэр нь дээд талд нь монгол угсаатны овог, аймаг, улсын эрхэмлэдэг зүйл болох нар, сар, гал, зэр зэвсгийн дүрсийг үйлдэн доор нь монгол хүний эрхэм хүлэг болсон адууны хялгасыг туглан цогцлуулж бас торгомсгоор чимэглэн, голоор нь ишинд бэхэлсэн байдаг билээ. Сүлд тугийг улс гэр, цэргийн хүчийг бадруулах цог хийморийн бэлгэ тэмдэг хэмээн үздэг байна.Цагаан сүлдийг төрийн туг хэмээж, хар сүлдийг цэргийн туг болгон, алаг сүлдийг энхжин ба дайны үед хэрэглэж байжээ. Монгол улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэжээ. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ. Догшин хар сүлдийг Чингис хааны эцэг Есүхэй баатраас эхлэн Мандухай Цэцэн, Батмөнх Даян хааныг хүртэл цэргийн сүр хүчийг бэлгэдэн хэрэглэж иржээ. Түүнийг мянган хээр азаргын хөхлөөр хийдэг нь сүр хүчийг илтгэдэг бөгөөд сүлд орой дээрээ ганц хурц илдтэй байдаг нь "Дайсныг ялъя гэвэл нэгэн үзүүрт сэтгэл бодлоор тэмцье" гэсэн санаатай. Доор нь байгаа ган дөрвөн цэцэг нь "Ган мэт бат, цэцэг мэт дэлгэрч байг "гэсэн утга санааг бэлгэджээ. Сүлдний туурга нь ес есөөр байрлуулсан 81 сүвэгчтэй ба энэ нь 81 сүвэгчээр дайсныг оруулахгүй гэсэн утгатай. Бидний дөрвөн зүгт ямар санаатан байна гэдгийг харахыг бэлгэдсэн дөрвөн тийшээ харсан тольтой. Энэ сүлд нь дайны талбарт цэргийн сүр хүчийг бадраана. Их Монгол Улсын 800 жилийн ойн баяр наадмаар эзэн Чингисийн есөн хөлт цагаан тугийг 32 морьтон баатар төв талбайд залсан билээ. Төрийн тугийг цэнгүүлснээр ард иргэд амар тайван байхыг билэгддэг байна. Урьд жилүүдэд төрийн тугийг зөвхөн баяр наадмын өглөө л цэнгүүлж байсан бол 2006 онд бүтэн нэг өдрийн турш ард түмэнтэй цэнгүүлэхээр төв талбайд ёслол төгөлдөр залсанаар төрийн тугандаа мөргөж, хүндэтгэл үзүүлэх боломж монголчуудад бий болсон юм. Төрийн туг цэнгүүлэх ёслолыг монголчуудаас гадна гадаадынхан ч хошууран сонирхдог билээ. Дашрамд сонирхуулахад Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр дэлхийг донсолгон байлдан дагуулж байсан Эзэн Чингисийн хөшөөний нээлт давхар болсон бөгөөд Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдогийн шороо чулуу, Онон гурван нуурын ус, Бурхан халдуны хөрс шороо гээд түүхт газруудынхаа рашаан, хөрс шороог шингээн байж төрийн ордны өмнө шав тавьж,. Уг шав дээр нь манай ур ухаантай уран бүтээлчдийн оюун ухаан шингэсэн сүрлэг хөшөө сүндэрлэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлд заахдаа: 1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. 2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ. 4. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн гэжээ....Төрийн сүлд туг хийморьлог байж, монгол төрийн үйл ариун байх болтугай. |