АНУ-ын сенатын дэд хороо цагаачлалын шинэтгэлийг эхний удаад хэлэлцэж, АНУ дахь нууц цагаачдыг өршөөх зорилготой үйл явцыг эхлүүлэв. “Ийм шинэтгэл хийхээр амласан нь Барак Обамагийн сонгуулийн өмнөх нэг гол амлалт байсан бөгөөд ардчилсан намынхан сенат, төлөөлөгчдийн танхимд олонхи болсон учир энэ шинэтгэлийг бүр энэ жил хэрэгжүүлж болох юм” гэж цагаачлалын хэргээр мэргэжсэн нэрт өмгөөлөгч Борис Палант ярив.
Обама Ерөнхийлөгч болмогц бараг 12 сая нууц цагаачдыг АНУ-ын харьяат болгох төлөвлөгөө хэрэгжүүлэхээ өөрийг нь идэвхтэй дэмжсэн испани хэлээр ярьдаг омгуудын удирдагчдад амлажээ.
“12 сая гэдэг нь хамгийн наад захын тоо. Америкийн консалтингийн нөлөө бүхий компаниуд 30 сая хүртэл нууц цагаач бий гэж байна. “Миний бодлоор, АНУ-ын нутагт лав 20 сая орчим хүн хууль бусаар аж төрж байгаа” гэж Палант үзэж байна.
Харьяат болгох механизм аяндаа хэрэгжихгүй. Энэ механизмд аж төрсөн хугацаа, торгууль,татварыг хожуу боловч төлсөн, урьд нь хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзаж үзнэ.
“Нууц цагаачид шинээр орж ирэхгүйн тулд харьяат болгохыг дуусгах хугацааг ч тогтоох нь гарцаагүй” гэж Палант үзэж байна.
“Эл шинэтгэл Америкийн төрхийг эрс өөрчлөнө. Шинэтгэлийг энэ жил хэрэгжүүлбэл 2015-2020 он гэхэд манай орны хүн амын ихэнх нь латин америкчууд болох юм. Ийм үйл явц гарцаагүй өрнөнө. Энэ зууны дунд гэхэд испани хэлээр ярьдаг бүлэг зонхилно гэж үүний өмнө ч таамаглаж байсан юм” гэж Палант ярив.
П.Шагдар