Тоодгорхон дээлийнхээ өврийг чихрээр гоёсон
Тоглохоо ч мартаж даага зайдалсан
Дэлт хүлгийн нууруун дээр дэрвэсэн дарцаг
Дэнж хотойлгосон наадмийн цээлхэн шуранхайн эзэд,
...Уул ширтэж, ус нутагтаа залбирсан хүдэр аваргууд
Ухаан зангидаж мэх сүвэгчлэх бярт хүчтэнгүүд
Хурсан олноо өндөлзүүлсэн сэтгэлийн гижиг
Хуйлруулж шуугиулж баярлуулах Монгол эрчүүд,
...Дүүрэн сар шиг тэлж татсан нуманд эрхийн эрдэм шингээстэй
Дүүлж харвах сум нь байгаа онох тавилантай
Хараа хурц, ухаан уужим ардын эс бүхний тасархай
Харваа гэдэг бай, нум, хүн гурав хэлхэж тогтсон төөрөг.
Нараа дэвсэж хүлээх нутгийн уулсын нурууг нэг тэнийтэл
Нас насны морьд бөмбөрдөн нижигнээд өнгөрнө дөө
Хураа буулган хайлах хөх тэнгэр нэгэнтээ амсхийж
Хурсан олон, хурдан морьдтойгоо наадмаа үзэж цэлмэнэ дээ
Холын нутгаас охин чинь сураг тавин чагнаж
Хоёр дахь жилийнхээ наадмыг хүний нутагт тосох нь дээ
Амьсгалж буй агаараасаа адууны үнэр эрэн
Асрын өмнө дэвэх бөхчүүдийг сэтгэлдээ харж сууна, хүү чин
Тав давсан бөхчүүдийн цол нэмэх агшин,
Татаж тависан сум онож буух эгшин,
Айрагдаж ирсэн морьдын хөлс хусах мөч,
Амьдрал жаргалын минь хэлтэрхий
Монгол наадмаа хармаар байна,
Харимаар байна.
Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа