Залуу явсан би ийм л явсан юм аа
Нэрэлхэж гайхалгүй чинийхээ гараас хөтлөөд
Инээд хөөр цалгин хүзүүдэн тэвэрч 
Ирээдүй болоод ганцхан чамдаа итгэж явсан
Алдрайхан чамтайгаа амьдралыг хамт туулах юм шиг
Амраг сэтгэл уйдахгүй 
Яваад л байх юм шиг андуурсан
Алдхан хоёр гараа жигүүр мэт дэлгээд 
Айсуй салхи шуурганд хацараа тавьж өгөөд 
Алслан холдох чиний зүг гүйхдээ 
Асгарах борооны нойтон нударганаар 
Алгадуулахдаа хүртэл инээж явсан
Тэр бүхнээс одоо юу үлдэв
Тэнгэрлэг биш газрын амьдралд дасаад
Тэртээ дээр ч юм шиг дурлалынхаа далавчийг тайрч
Тэрэгний морь шиг сажилсан ертөнцийн хоногийг 
Барсаар дуусах цагт өөдөөс минь........
Бас дахиад нэг залуу хос, өөр нэг хос
Гар гараасаа хөтлөлцөн инээлдэж одно
Гайхахын хэрэггүй цагтаа би ч ийм л явсан юм аа

profile
Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.