: Ц.Батмөнх   
2009 оны 01 сарын 19

Аавын минь хөлстэй чулуу

1.
Алганы минь хонхорт багтах
Аавын минь хээтэй чулуу
Амин үнэр нь шингэсэн
Аавын минь хөлстэй чулуу

Чулуу чулуу чулуу
Чулуу ч гэсэн амьтай яа
Чулуу ч гэсэн амьдрахыг
Чухалчилан хүсэх гэлтэй еэ...

www.bayanmongol.com
Миний эх орон сэдэвт Амин хайртай аав 3-р уралдаанд

2.
Атганд минь багтах жаахан
Аавын минь авиртай чулуу
Амьдрал ч багтам уужим
Аавын минь хөлстэй чулуу

Чулуу чулуу чулуу
Чулуу ч гэсэн хэлтэй еэ
Чулуу ч гэсэн ярихыг
Чухалчилан хүсэх гэлтэй еэ

3.
Алганы минь илчинд бүлээсэх
Аавын минь амьсгалтай чулуу
Аялгуу дуу нь шингэсэн
Аавын минь хөлстэй  чулуу

Чулуу чулуу чулуу
Чулуу ч гэсэн зүрхтэй еэ
Чулуу ч гэсэн хайрлахыг
Чухалчилан хүсэх гэлтэй еэ

4.
Ширхэг чулуугаар эх орон
Дутна гэж үгүй чиг
Ширхэг чулуу эх орноороо
Дутна гэж байх юм аа

Чулуу чулуу чулуу
Чулуу ч гэсэн үнэртэй еэ
Чулуун ширхэгт гагцхүү
Чухам үнэн орших юм аа

5.
Хайртай хүүгээрээ аав минь
Дутна гэж үгүй чиг
Хайртай хүү нь ааваараа
Дутна гэж байх юмаа

Чулуу чулуу чулуу
Чулуу бүхэн хээтэй еэ
Чанар ангид хэдий ч
Чигчийн адил хээтэй еэ

Хүний хорвоод уйлж ирээд
Хүүтэй болоод дуулж буцсан
Хөөрхий буурал аав таны
Хайр нь шингэсэн амин чулуу

Аав хүүгийн хүйн холбоог
Алаг зүрхэнд сануулж хэлсэн
Алсад одсон аав таны
Атгын чинээ жаахан чулуу

Ашид үнэнийг хатуурч хэлсэн
Алтан нутгийн ширхэг чулуу
Ачийн ачийг сануулж хэлсэн
Амин зүрхний ширхэг чулуу

Аав минь аав минь
Авирч мацсан их уул минь

1.
Ангарай жаахан насны минь
Авирч мацсан уул минь
Ардаг хүүхэд насны минь
Алдуурч тэнэсэн тал минь

Аав минь аав минь
Аминдаа шивнэсэн тарни минь
Амьдрал таниулсан ачтан минь

2.
Алмай гучин насны минь
Асгарч уйлсан тэнгэр минь
Ахих дөчин насны минь
Алсалж буусан газар минь

Аав минь аав минь
Аминдаа шивнэсэн тарни минь
Амьдрал таниулсан ачтан минь

3.
Тэврээд уулзахсан гэхээр
Тэнгэр даанч том юм даа
Тэтгээд амраахсан гэхээр
Газар даанч хатуу юм даа

Аав минь аав минь
Аминдаа шивнэсэн тарни минь
Амьдрал таниулсан ачтан минь

4.
Үнсээд угтахсан гэхээр
Үүлс даанч хоосон юм даа
Үнэрлээд олохсон гэхээр
Салхи даан ч хурдан юм даа

Аав минь аав минь
Аминдаа шивнэсэн тарни минь
Амьдрал таниулсан ачтан минь

5.
Хорвоогийн наран дор
Ганцхан заяах аав минь
Хормын төдий амьдралд
Зүүд шиг сайхан аав минь

Аав минь аав минь
Аминдаа шивнэсэн тарни минь
Амьдрал таниулсан ачтан минь

6.
Харах нүдний үзүүрт
Үзэгдээд замхарсан солонго минь
Хувилсан дүрээ үлдээгээд
Хуураад одсон зэрэглээ минь

Аав минь аав минь
Аминдаа шивнэсэн тарни минь
Амьдрал таниулсан ачтан минь

profile

ТАНЫ    АЯЛАХ    ЗАМ    ТАНЬ    ДАРДАН,    ЗОРЬСОН   ҮЙЛС   ТАНЬ БҮТЭМЖТЭЙ  САЙХАН   АЯЛААРАЙ