Амьдын Нандин Шүтээн Ижий Минь PDF Хэвлэх И-мэйл
 
 Ц.Батмөнх   
2009 оны 09 сарын 27
Ээж минь ээ. Энэ гуравхан үг юутай эгшиглэнтэй юутай яруухан сонсогдоно вэ. Анисга нүдээ анихуйн агшинд зүрх сэтгэлийн гүнд ижий та орших билээ. Хүний хорвоогийн хамгийн нандин эрдэнэ юу билээ. Эх хүн. Бурхан гуйсан ч солихгүй эх хүн. Цаг хугацааг зогсоож чаддагсан бол таньтайгаа үргэлж хамтдаан инээж эрхэлж оршихсон. Уулс бууралтах цагаар шувууд буцахын гуниг тээн намрын тэнгэр сүүмийхийн цагт ЭЭЖ минь сэтгэлдээ үгүйлж хүний сэтгэл уймрах юмдаа. Ижий минь улаан цусаа, ариун сэтгэлээ зогсоо зайгүй урсгасаар амрах чөлөөгүй явжээ. Санахын гурван гуниг, ухаарахын гурван гуниг шингээсэн ИЖИЙ таны нандин хайрыг цаглашгүй ачийг бодохгүй байхын аргагүй. Тийм ээ. Мэлмий дүүрэн нулимстай санан үгүлж явна, мөч бүрийд үгүйлж элгэндээ бэтгэрч яваа. Цагаан цайлган сэтгэл цагаан сүү хоёроор баян Монгол эх таны өмнө сөгдөн бохирч мөргөе.

Амьдын Нандин Шүтээн Эхийн минь мойног гар хив хадаг мэт зөөлхөн
Ээдрээт амьдралын нууц үрчлээс бүхэнд нь шингэсэн
Эвэршиж хатсан арьс нь даахинд зөөлнөө үлдээсэн
Эвдэрч бяцарсан хумс нь хатуу бүхнийг билүүдсэн
 
Гэгээ шагайх зайгүй сүмбэн цагаахан байсийм
Гилтэгнэн сэвлэг илбэсэн сэвгүй булбарайхан байсийм
Гялбарлага солонго наадсан толин ягаахан байсийм
Гэрэлт амьдралаа зориулсан бүсгүйн заяа байсийм
 
Эхийн минь гал буурсан нүд их мөрөн лүгээ дөлгөөхөн
Ээрэмтэн тогтсон нуух нь зовлон бүхнээ нууцалсан
Эрвийсэн цөөхөн сормуус нь тоотойхон насыг илчилсэн
Эвхэрч атирсан магнай нь энэрэл хайраа үгүйлсэн
 
Нарыг цоо ширтсэн бүргэдийн нүдтэй байсийм
Навчит ойн согоо мэт дүрэлзсэн тунгалаг байсийм
Үүлээ хөөсөн тэнгэр мэт бүртийх ч судалгүй байсийм
Үнэнч амьдралаа зориулсан эхийн заяа байсийм
 
Эхийн минь буурал үс нялхын сэвлэг шиг анхилхан
Халцарч унасан үс нь ачлаагүй ачийг сануулсан
Хагтаж хогжруутсан хуйх нь ухааны сорилтонд ядарсан
Харгүй мөнгөн сор нь цагаан сүүндээ шингэсэн
 
Нарны туяа наадсан хилэн хархан байсийм
Намалзан тослог дааварласан сэвхгүй зөөлхөн байсийм
Бэлхүүс гоолиг нуруунаа сулдаа асгарч байсийм
Буурал суусан үсэндээ орчлонгийн тоосыг аргадсийм
 
Эхийн минь үрчгэр царай сарнайн дэлбээ мэт зөөлхөн
Эмсийж унасан шүд нь цагийн саалтанд суларсан
Ээдэрч бувтнасан хэл нь хайрын бүүвэйнд ядарсан
Эндүүрч сонссон чих нь насны сүүдэрт хатуурсан
 
Үрийн зулай үнэрлэсэн бадмын дэлбээ байсийм
Өргөн шанаагаа тэгшилсэн яралзсан цагаахан байсийм
Өндөг дарам хонхойсон инээмсэглэлийн оромтой байсийм
Өлмийн чимээнд сонордсон янзаган сонор байсийм
 
Эхийн минь бөгтөр бие согоон зоо шиг гоолигхон
Атийж давжийсан бие нь ачааны хүндэд түүртсэн
Агшиж бөгтийсөн нуруу нь айлгамч үрээ үүрсэн
Алхайж бохирсон хөл нь амьдралын аянд эцсэн
 
Эхийн минь эгэлхэн бие эгэлгүй гоолиг байсийм
Сойлгийн морь мэт жавхалзсан гилгэрэм зүслэг байсийм
Согоон зоо мэт тэвхэлзсэн суман гоолиг байсийм
Сэтгэл зүрхээ золиослосон залуу халуухан байсийм
profile

ТАНЫ    АЯЛАХ    ЗАМ    ТАНЬ    ДАРДАН,    ЗОРЬСОН   ҮЙЛС   ТАНЬ БҮТЭМЖТЭЙ  САЙХАН   АЯЛААРАЙ