Э.Үржинханд : Эх орон таныгаа

Дээдлэе, эх орон таныгаа дээдлэе
Дэлгэрч бас хагдарч түмэн намтраа үлдээхдээ
Дээр орших гэгээн, хурмастын дайтай дээдлэе би

Дэврэн хуйлрах амьдралын шуурганд аргахад минь
Дэргэдээс тэтгэх хайрын рашаанаас ундаалж
Дуулж уйлан таньдаа зоргоор эрхэлсэний учир
Дэндүү уужим эх орноо эцэг шигээ дээдлэе би

Энхрийлье, эх орон чамайгаа энхрийлье
Эвлэрч бас эвдэрч мянган түүхээ шивнэхдээ
Энэрэлийн их далай ижий шигээ энхрийлье би


Эгшиг дуутай хослох гэгээн дурлалд учруулж
Эгэл нэгэн насныхаа хамаг нууцыг хуваалцаж
Энэлэл баяслын алинаас нь ч ухаарал өвлөсний учир
Энгүй хайрын ундраа амраг шигээ энхрийлье би

Аргадъя, эх орон чамайгаа аргадая
Алдаж бас онож өвөр дээр чинь танхил өсөхдөө
Андуу гишгэлсэн цэцэгсийн тоогоор аргадъя би

Амьтан бүхэн чам дээр дураараа туучиж
Амьгүй нь хүртэл элгэнд чинь нойрсож
Арван мянганы хатуу бэрхэд зүдэрсэний чинь учир
Алив эх орон минь чамайгаа эрх хүүхэд шиг аргадъя би

Сөгдөе эх орон танаа мэхийн сөхөрье
Сөрж бас уруудаж буман зовлонгоо тоочихдоо
Сүр хүчит эх орон танаа сүслэн мөргөе би

Санаан зоргоор бүтээгүй өчнөөн юманд гоморхож
Сайн муугийн шалгуурт нь тэнцэж ядан дэнжигнэж
Сар нарны алинд ч өлмийд тань оршихын учир
Сайхан эх орон танаа бишрэн сөгдөе би

profile