Бүсгүй минь чи толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.

Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Тэмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнээ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг

Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.

Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг

Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи

Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү.
profile