Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөрлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй

Гуниглаад л байвал, уйлаад л байвал залуу нас чинь үргээд нисчихнэ
Гандсаар байгаад, шарласаар байгаад навчис хатаад намар болчихно
Хараад л байвал, хүлээгээд л байвал сэтгэл чинь эзгүйрээд надад гомдчихно
Хайрласаар байгаад, итгэсээр байгаад зүрх чинь шархлаад эдгэхээн больчихно

Хоног өдрүүд ээлжлэн цаг хугацаа урсаад л өнгөрнө, тэгээд хавар болно
Хонгорхон бүсгүйн сэтгэл хүлээснээс алдуурч, тэгээд ахиад л дурлана
Амандаа тамхи зуун гуниг суунаглуулсаар над шиг л нэг нь яваад өгнө
Алчуур нөмрөн цонхоор ширтсээр чам шиг л нэг нь хүлээгээд үлдэнэ

Дурсамж бүхэн чинь амттай санаад л санаад л суумаар байвч
Дурлалынхаа зүүднээс нэг л өглөө сэртэл чинь би эзгүй байна
Өдөр өдрөөр учрах мөч ойртоод л ойртоод л байх шиг боловч
Өвчинд шаналсан хүйтэн сар шиг гуниг л чамайг нөмрөөд үлдэнэ

Хагацан холдсон дурлал яг л салхи шиг, яг л гал шиг
Хайртаа хүлээсэн сэтгэл яг л бороо шиг, яг л нулимас шиг
Салхи үлээхэд дурлалын гал унтарна, зарим нэг нь дүрэлзэн асна
Санан хүлээсэн сэтгэлийн бороо түлэгдсэн зүрхийг чинь дэвтээнэ. 
                                                                                      Бүү гуниглаарай

 Б. Батзаяа  

profile