...Төлөөлөгч Сэрээтэр: Соёмбо үсгийн утга нь юу, хэрхэн учир улсын тамга ба далбаанд энэхүү үсгийг оруулдаг вэ?

Ерөнхий сайд Цэрэндорж: Соёмбо үсгийн тухай дэвтэр бичигт тайлбарласныг олж үзсэнгүй боловч, өвгөчүүдийн хэлэхийг сонсвоос, урьд Өндөр гэгээн энэхүү үсгээр бүрэн эрхт Монгол улс хэмээн тэмдэглэсэн хэмээдэг бөлгөө.

Дөчин наймдугаар зүйлийг уншсанд,

Элбэгдорж: Тэмдэг хэмээх үгийг сүлд хэмээн соливоос ямар?

Дарга Жадамбаа: Алинаар болгохыг асуусанд Сүлд болгохоор тогтов.

Элбэгдорж: Далбааны соёмбо үсгийн өнгийг ямар өнгөөр үйлдэх вэ?

Төлөөлөгч дотроос: Алтан үсгээр хийсүгэй.

Дарга Жадамбаа: Олонхийн саналаар алтан үсгээр /өнгөөр/ хийхээр тогтов.

Дарга Жадамбаа: Нийслэл Хүрээг Нийслэл хот хэмээн нэрийдэх эсэх хэмээснийг алинаар болгохыг санал эрсэнд, олонхи нь, Нийслэл хот хэмээсүгэй,

Элбэгдорж: Хот нь ч хот юм биз, чухам ямар нэртэй хот юм бэ?

Төлөөлөгч дотроос: Янз бүрийн нэр өгч байна

Дарга Жадамбаа: Зарим нь Баатар хот хэмээгээд, олонхийн саналыг эрсэнд, Баатар хот болгохоор тогтов.

 

...Үнэхээр, Нийслэл хүрээ лүгээ бидний монголчуудын сайн муу зүйл машид холбогдсон нь тийнхүү нэрийг солисугай хэмээсэн нь зүй мөн. Тийм боловч одоо шинэ өгөх нэрийг эрх үгүй, энэ цагийн явдал байдалд нийлүүлэн Улаанбаатар хот хэмээвээс ямар бол хэмээвч олон ард хэрхэн үзэж хүлээх...Улаанбаатар дарлагдсан буурай ардын эрх чөлөөг олгоно.

Төлөөлөгч Даутбай: Тус хотыг шинэ нэртэй болсонд их баяр хүргэж, хүсэж ерөөх нь энэхүү Улаанбаатр хот дарлагдсан олон ардын эрх чөлөөг олгогч Төв газар болж мандтугай.

Төлөөлөгч нар машид их алга ташивай.

Ерөнхий сайд Цэрэндорж: Би нэг хэдэн үг айлтгасугай. Европын олон улсууд болбоос аргын улирлын тоог баримтлан атал бидний монголчууд хуучин Чин улс ба түвдийн цаг тоог баримтлан ирсэн нь элдэв дор будлиан бүхий бөгөөд ялангуяа эдийн засагт харшлах зүйл байлтай, учир нь илүү дутуу сарын уршиг мөн бөгөөд нэгэнт бид нийтийн байдлын шинэ ёсонд дэвшин буй атал, бусад Европын олон улсын адилаар мөн аргын улирлыг баримтлан явуулбаас ямар бол хэмээсэнд мөн ёсоор явуулахаар зөвшөөрөн тогтож Улсын Үндсэн хуулийг Үдийн хойно дөрвөн цаг арван таван минутад баталбай.
БНМАУ-ын анхдугаар их хурал
/1924 оны XI сарын 26 -ны өдөр
14-р хуралдааны тэмдэглэлээс/

http://www.soronzon.blogspot.com/