Амраг минь гэлцэн аальгүйтэн эргэлдэх
Алим шиг охидыг үзэм шиг шимж
Жараахайн сүрэг шиг үргээж явсан
Залуухан офицерийг би таньдаг.
Цэмбэн шинелийн дотор ассан гал
Цэнхэр дарсны охинд авалцсан дөл
Исгэлэн идээнд согтуурч яваагүй
Эмс охидын харцанд шоглуулж үзээгүй
Эрийн хуйх ирлэсэн хутга шиг
Эрэлхэг нэгэн офицерийг би таньдаг.
Хийсэж ирээгүй тавиландаа хэгжүүрхэж
Хээрийн омголон салхитай мөчөөрхөж
Дуу шиг уянгалж, дууль шиг гэгэлзэж
Дарс шиг асаж, дурдан шиг намирч
Дурлалын тайзан дээр хамтдаа бид бүжиж
Дуусашгүй хайраа тунхаглаж явсан юм тэр надад
Дасаж хайрласан миний сэтгэлийн хатыг шалгаж
Урлаж суусан дээлийн минь итгэлийн шаглаасыг ханзчин
Хэлж ирээгүй гэсгээл болгон тохиож
Хэврэг нандины хэмжээс болгон зохиож
Гарцаагүй үнэн хайр нь гранат шиг дэлбэрсэн юм,
Ганцхан хоромд сэтгэлийг минь галдан шатаасан юм.
Донж исгэн самнадаг байсан халимаг үс
Доог болгон дэлдийлгэдэг байсан чих
Хамар хацар үрчлээ суугаагүй магнай
Халуун үнсэлт миний цээжин дээгүүр тэнүүчилдэг байсан уруул
Хайр зарлаж нулимс дуслуулдаг байсан нүд
Хормын төдийд бүгд дэлбэрсэн юм.
Нүд минь тэгээд нүүгэлтсэн гунигтай хоцорсон юм.
Нулимсаа дагаж хорссон шархандаа
Зовлонгоо тэвчиж түүнийг би хүлээсэн.
Хэзээ нэг өдөр ирнэ гэж итгэдэг байсан.
Хээнцэр тэр офицерийг би мартаагүй ээ.
Таньдаг байсан цэргийн залуу офицерийг
Тамираа тасартал хүлээн шаналахдаа
Үүмэн сүүмэн харцаараа хайгаад би олоогүй ээ
Үерхдэг байсан цэргийн залуу офицер минь
Үүрдийн үүрд холын холд одсон юм болов уу?
Эрэмдэг зүрх сэтгэл татамгүй харцны минь цаана
Эгнэгт хоригдсон эрх чөлөөгүй залуу офицер байдаг юм.
Харин тэр офицертэй би дахин уулзвал
Хайртай байснаа нуугаад өнгөрнөө.
Харамсал тээсэн сэтгэл амархан үхдэг гэдэг
Хайрлаж явсны минь төлөө тэр зовох ёсгүй.
Итгэл эвдсэн ийм нэгэн офицерийг би таньдаг юм.
   

profile

Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг
Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...

  http://krilleer.blogspot.com/