/Үргэлжлэл/


Хүү ганц морины төлөө сүргийн сүүл рүү очих хэрэг байсангүй. Толгойд яваа морьд хэтэрхий хурдалвал сүүлд яваа нь хоцорч чонын идэш болно.

Алтан шарга морь нь ч үүнийг гадарлаж байх мэт. Хүү урагш цойлон сүргийн түрүүч морьдыг гүйцэж очин ташуураа эргүүлэн чимээ өгч хурдыг нь сааруулж чадав. Тасарч эхэлж байсан адуун сүрэг дахин нийлж бөөгнөрхөд чоносын довтолгоон саарав. Сүргийн манлай жигүүр цагаан морь уртаар янцгаахад ижил сүрэг нь дуу дуугаа авалцан үүрсэн янцгаалдаж шагай шиг хуран зүү орох зайгүй бөөгнөрч эхлэв. Одоо харин энэ адуун хэрэм дундаас чононууд хэрхэн зайлж гарах ухаанаа олохгүй байлаа.

Ингэж хоромхон зуур байдал өөрөөр эргэх нь тэр ээ. Айж ширвээдсэн морьдыг шахамдуулан тал бүрээс нь уулгалан байсан чононууд харин ч шахаанд орж торонд орсон засаг мэт гурилзан эвхэрч, бараг зугатан зайлах ч гарцгүй болжээ. Олон адууны төвөргөөн, олон өнгийн янцгаах чимээ орчлонг нөмөрнө. Зарим чоно омголон адууны хөлд өртөн өшиглүүлж тэрий хадан ойчиж, ульж гаслан эрэмдэг болж байлаа. Сүр хүчиндээ омогшсон азарга урт дэлээ намируулан хуухирдан янцгааж чоныг эгц урдаас нь дайран хазангаа урд хөлөөрөө цавчилж, огцом эргэж хойд хөлөөрөө тангарна. Шархадсан чоно цусан мөр татуулан гаслантай улихад амнаас нь уур савсаж, араа шүднээс нь адууны хөөвөр бутарна. Өөр нэгэн чоно далбисхийн зайлж одоход уурсаж хорссон азарга хөөн очиж гийнатал хазаад эргэж тангарав. Өөр нэгэн азарга чонын улаан сэрвээн дээрээс хазан хол шидэж дээгүүр нь саадаглан гишгилж гарч одов.

Чонын ухаан хурц бөгөөд гүймэг. Хоёр азарган чоно гэнэт урагш цойлон түрүүч морьдын зүг сунаж хүрч дүүлэн ноцож эхлэв. Ингэхэд адуун сүрэг дахин бутарч замбараагаа алдаж байлаа. Үүнийг харсан хүү урагш дүүлж адууны манлайд гарч ирлээ. Хоёр том, нэг багавтар, нийт гурван чоно шарга морьт хүүг бүслэн дайрлаа. Чонон чихт алтан шарга морины дун бүрээ хамраас уур савсаж, хоёр нүд нь гал асах мэт гялалзан чоныг ардаа орхин шунган дүүлэхэд хүү баярлаж зориг орж “чамдаа гялайлаа, алтан шарга минь” хэмээн шивнэж явлаа.

Энэ үед авралын бурхан болсон нэгэн хүн сүргийн урд амь сөрсөн тулаан хийж буйг анзаарсан хүдэр эр морио шавхуурдан дөхөж ирэв. Тэрээр зүүн гараараа жолоогоо бат атган баруун гартаа том гэгчийн суран ташуур далайн хүүгтэл эргүүлж явна. Чонотой нүүр тулан тулалдахаар шийджээ. Тал нутгийн дайчин эрсийн арга тасарсан үед хэрэглэдэг энэхүү ташууран зэвсгийг зэрлэг хөх чонос хэрхэн мэдэх билээ. Хүдэр эрийн гарт эргэлдэх бухын зооны арьсаар гурамсалж сүлжсэн эр хар суран ташуур үзүүр хэсэгтээ цусан толботой харагдах ажгуу.

Хэдэн чоно хүдэр эрийг бүслэн ирж тал талаас нь дайрч эхлэхэд тэрээр ташуураа бат атган чонын сарьсан хоншоор ойртож ирэх мөчийг хүлээн ухаанаа төвлөрүүлж явлаа. Чоно амаа ангайлган, урт улаан хэл унжуулж араа шүдээ ярзайлган ойртон ирэх үед энэ мөчийг анаж байсан хүдэр эр ташуураа далайн түүний хамгийн эмзэг цэг болох сарьсан хоншоор хавьцаа нь буулгаж орхив. Араа соёоныхоо ид хавд эрэлхэн, хар хоншоор дээрх арьсаа атиралдуулан дайран ирсэн чоно ташуурын хүчтэй буулганд ганхийсэн чимээ гарч дунгуй хадан ойчив. Лав үүдэн шүд нь соёотойгоо чихэгдсэн бололтой. Соёо бол чонын урдаа барьдаг зэвсэг билээ. Чоно амь сөрсөн тулаанд арьс мах нь зулгарч, яс хугарч болох боловч амиа хамгаалах, олз авынхаа амин газарт шигтгэх ганц зэвсэг болох соёо шүднээсээ сална гэдэг бол үхсэнээс өөрцгүй билээ. Хүдэр эрийн хүчит ташуур бас нэгэн чоныг газар хэвтүүлж, гурав дахь чонын сарьсан хоншоор дээр тасхийн буухад хөөрхий зэвхий цасан дээр дунгуйлдан ойчив. Хэсэг хугацаа өнгөрөхөд үймж бужигнасан адууны үүрсэн янцгаах чимээ, үхлийн шарх олсон чоносын улин гаслах чимээ, олон агтны туурай газар дэлхийг бөмбөрдөх их чимээ орчлон дэлхийг доргиож байлаа. Энэ үед нүүрээрээ газар шаан унаж цусанд будагдсан нэгэн чоно галзуурсан мэт уурсан өндийж ирээд хүүгийн хөдсөн дээлийн хормойноос зуурч авлаа. Чонын амнаас үлээх халуун уур хүйтэн агаарт дэгдэн цан хүүрэг болон манарч, түүний дундаас цусанд будагдсан сэрвээ нь ухаа шаргалтан үзэгдэх ажгуу.

Чонын хамгийн аймшигтай уурсал нь үр зулзага, ижил сүргээ алдах үед л илэрдэг ажээ. Адуун сүргийн сүүлд боргож явсан нэгэн чоно ижил сүргээ алдаж хорссондоо тэр үү, шүд ам нь яралзан ойролцоо явсан нэгэн морийг ноцон дайрсан нь нөгөө муу хонины хөгшин морь байлаа. Хөгшин морины нимгэн цавиас зууран үмхлээ. Ингэсэн нөхцөлд чоно эрчээрээ давхиж яваа морины хойд туурайд өртөн өшиглүүлж хүнд бэртэх юмуу гэдсээ хүүлүүлмээр харагдана. Гэтэл харин чоно тавилгүй улам зуурч чирэгдэх тусам морины нимгэн цавь хүү татагдаж хүч нь сульдан ижлээсээ тасарсан ч эцсийн хүчээрээ урагш хүчлэн зүтгэтэл гэдэс дотор нь цувран гарч ирэв. Цааш харахад нүд хальтрам, морь давхиан дундаа өөрийнхөө гэдэс ходоодон дээр зад гишгэж цустай холилдсон ногоон хүрэн сэвс цасан дээр цацагдан нэлийх зуур чоно ч бас морины хөлд гишгэгдэн сийчүүлж ганхийн эцсийн амьсгалаа татав бололтой. Гэдэс дотроо юүлж барсан хөөрхий адгуус амь нь тасарч тэрий хадан ойчиход орчны цас нил цусанд будагдаж адуун сүрэг нэгэнт талийж одсон байлаа.

Чонын аманд хүү татуулах шахсан залуу хүү алтан шарга морио улам шавдуулж “чүү чүү” хэмээн ухасхийхэд чоно зуурснаа алдан ард хаягдлаа. Энэ агшинд дээд хөх тэнгэрээс “овоо доо, сүрхий” гэх аавынх нь дуу дуулдах шиг болж билээ. Чоно арын морьдын хөлд гишгэгдэв бололтой ганхийн гаслах сонсдов. Галзуу чонын амнаас дөнгөж мултарсан хүү адууны манлайд гарч сүргийг зүүн тийш эргүүлэн чонын “урхи”-наас гарч одлоо. Нэгэн том азарган чоно адууны түрүүг амдан архирч ирэхэд хүү нумаа эвшээлгэн татаад сумаа тавихад зэвхий саарал ганхийх шиг болоод хамраараа газар хатган ойчив. Адуун сүргийг хойд уулын энгэр лүү аваачиж гарцгүй болгох гэсэн чонын санаа ийнхүү бүтэлгүйтэх шиг болов. Сүргийн түрүүч морьдтой зуузай холбон, дуртай зүгтээ залж явсан чонын зүтгэл талаар болох нь тэр. Үхэл ёрлосон аймшиг дундаас арай чамай мултарч гарсан морьд бага зэрэг тайвшрав бололтой нэгэн хэмийн жигд хатираагаар голын баруун чигт зүглэлээ. Ямар ч байсан голын ам хүрч чадвал араас шуурах салхиа даган зорьсон газраа амархан хүрч болно гэдгийг тэд мэдэж байлаа. Доош хэвийсэн нарийн зөрөг даган адуун сүрэг хөнгөн хатируулж ороход газрын хөрс эргэтэл нүдэж байсан саарал хуй салхи ч намдаж эхлэв. Адуун сүрэг улам эрэмших мэт хуйлран давхилдахад уул нурж, ус цалгилж байна уу гэлтэй их чимээ гарган түчигнэн давхилдсаар удалгүй Хэрлэнгийн шугуйд орж ирлээ. Аюул ард хоцорчээ.

Хэр хугацаа өнгөрснийг бүү мэд. Зүүн хойд хаяанаас нүүгэлтэн ирсэн бараан үүл аажмаар тэнгэрийг бүхэлд нь нөмрөв. Хүдэр эр даарч чичирсэндээ эмээл дээрээ тогтож ядан өндөлзөнө. Айдас хүйдэс нэгэнт ард хоцорсон хэдий ч голын хөндийн тасхийм хүйтэн жавар угтан авлаа. Хол давхисандаа туурай битүү хөлөрсөн морьдын биеэс уур манан савсаж удалгүй цан хүүрэг болон цавцайж, хар зүсмийн морь цагаан буурал болж харагдах ажгуу.
“Цогоо. Адуугаа гол руу шахъя” хэмээн хашгирах үед түүний ард ганц нэг чоно бүртэлзэн харагдсанаа голын зүүнтэйг чиглэн одов. Морьд дахин чонын бараа харсандаа айж үргэн, хуйлран эргэлдэнэ. Гэвч тав зургаахан чоно байсан тул зориг орж эрэмшсэн агтач Цог наанаас нь амдан дайрахад нөгөө шарга морьт хүү хорьж болиулан чоносыг зүгээр л мөрөөр нь явуулж орхилоо. Одоо сагсуурч эргэж чоно руу дайрах нь илүүц хэрэг. Чоно бол амиа зольсон ч хамаагүй өс хонзонгоо заавал авдаг амьтан. Хэсэг хормын дараа дахин сүрэг чоно гүвээний цаанаас гарч ирээд цасан манан дунд сарнин алга болов. Хүдэр эр нумаа хөвчилж татаад чонын зүг тавилаа.

“Муу зэвхийнүүд чинь нуугдаж орхив шив дээ” хэмээн өгүүлэх хооронд бөөн цасан манан нөмрөн ирж нүүр нүдгүй шавхуурдав. Нэг сэхээ аваад харвал босоо цасан угалз эрчлэн хүүгэж голын мөсөн дээгүүр хуйлран дэгдэхэд тэнгэр газар хоёрыг ялгахын аргагүй боллоо. Хүдэр эрийн хөлөрч норсон хувцас нь одоо л жиндүүлж эхлэхэд даарсандаа өөр бусдыг анхаарах сөхөө байсангүй. Чонын аманд өртөж хүнд шархадсан морьд цасан хунгар дунд толгойгоо савчин тийчигнэж өрөвдөлтэй дуугаар муухан үүрсэх ажээ. “Одоо боохой дахин дайрч зүрхлэхгүй байх. Ийм амь сөрсөн тулаантай урд нь учир байв уу” хэмээн асуунгаа эргэж алтан шарга морьт хүүг лавлан харлаа.

Ийм гайхамшигт учрал байх гэж. Жамуха үнэндээ тэрхүү цовоо хүүгийн үйл хөдөлгөөн, моринд эрэмгий байдал, эр хүний нүд булаасан алтан шарга морь зэргийг түрүүнээс хойш л шохоорхон, бас бахдан харж явсан билээ. Энэ үед хүү ч бас арьсан малгай хулгавчилсан хүдэр эрийн царайг харахыг тун их хүсэмжилж байсан юм. Хоёул харц тулгарах агшинд биесээ танин дуу алдацгаалаа.

“Энэ чинь Жамуха анд уу даа?”
“Үгүй энэ чинь хэн бэ?” хэмээн баяр хөөртэйгөөр биесээ дуудацгаалаа. Эзгүй өргөн тал нутагт сүрэг чонотой ийм хатан зориг гарган тулалдаж чадах хүн энэ хоёроос өөр тийм олон бий гэж үү.
- Хээрийн нохойг хэмхэртэл ташуурдах хүн андаас минь өөр байхгүй дээ гэж би төсөөлсөн юм аа. Тэмүжин чоныг хээрийн нохой хэмээн цээрлэн дууддаг билээ.
- Нэг далавчтай хоёр шувуу энд учирдаг байжээ. Ха ха ха хэмээн Жамуха бахдалтайяа чанга инээхэд түүний дуу хавийг доргиом сүрлэг бөгөөд нүүрэнд нь жинхэнэ баатар эрийн шинж цогцолсон харагдлаа. Тэмүжин гүйж ирээд андыгаа тэврэн авлаа. Жамуха хормын өмнө талын зэрлэг хөх чоностой үхэх сэхээ умартан тулж байсан нөгөө сайн эр балчир анд Тэмүжин нь байсанд гайхаж балмагдан, бас бахдан баярласандаа түүнийг чангаас чанга тэвэрсэн билээ. Эн бол эрчүүдийн ховорхон тохиох халуухан учрал байлаа. Тэмүжин балчир жаахнаасаа л нэр алдраа дуурсгаж одоо ханагар том эр болсон Жамуха андыгаа хараад үнэхээр гэнэн цагаахнаар атаархаж байлаа. Жамуха хөл нь дөрөөнд хүрсэн цагаасаа л том эр болох гэж яарсан билээ.

Үргэлжлэл бий

profile