Үргэлжлэл

Морин уулын энгэрт малын таван цул шиг хэлбэртэй хэдэн бараан толгод оршино.

Элэг ч юм шиг, уушги ч юм шиг харагдах эдгээр уулсын хооронд зүрхэн хэлбэртэй хар уул сүмбэрлэнэ. Түүний наахантайх Хөх нуур саяхан таалал болж тэнгэрт одсон эхийн царай шиг цэлдэн хүйтэн болоод тэс хөлдүү харагдах бөгөөд нилдээ цасанд хучигдан дүнсийж, нүүрэн талынх нь гүвээ толгодыг талын жихүүн салхи өдөр шөнөгүй балбана. Гүн шөнөөр тэнгэрийн од эрхэс хүртэл тэс хөлдүү мэт харагдаж орчлон бүхэлдээ мөсөн хонгил шиг жихүүн жавраар амьсгалж, чөтгөр тогтохын аргагүй хүйтэн ноёлох ажээ. Харин ойрын үед Хэрлэн голын нөмөр шугуйгаас шахагдаж гарсан чонон сүрэг энд цугладаг болсон болохоор ийшээ хүн амьтан зүглэхийн тухайд санахын ч хэрэггүй болжээ.

Үнэндээ бол чонын үүртэй хаяа дэрлэн ойролцоо нутаглах нь хүнд харин ч аюул багатай байдаг билээ. Чоно үүрэндээ өлзийтэй. Хаяагаа хадарч болохгүй гэдгийг тэд муухан хүнээс илүү мэднэ. Чонын энэ хашир, ухаалаг араншинг сайн мэддэг хүмүүс түүнээс холдон дайжих биш ойртон ижилсэн аж төрнө.

“Өнгөрсөн намрын адаг, өвлийн эхэн сараас ойр орчинд чоно олноор харагдах болсон хэдий ч тэд адуу мал үргээж цочоох нь бүү хэл өнчин ишиг ч шоглосонгүй. Энэ орчинд үүрлэсэн бололтой. Магадгүй энд л хамгийн аюул осол багатай газар даа.” Ингэж бодож тооцоолсон хашир нэгэн эр чоно үүрлэсэн толгодоос холгүйхэн ажин түжин, нам гүмхэн амьдарч байлаа. Уул хөндий бүхэлдээ цасанд хучигдсан анир чимээгүй буйдхан энэ орчинд элэгдэж хуучирсан дээлтэй өвгөн шиг, ноорхой бор өмбүүл урц бөөвийн үзэгдэх ажээ. Гаднаас нь харахад амьтан хүн буй нь үл мэдэгдэх бөгөөд харин үүд нь онгойход уур савсана. Гэрийн дотор нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, ер бусын цовоо цолгиун төрхтэй нэгэн хүү сууж байх ажээ.

“Чих хангинаад байх чинь. Уулын хуй салхи бууж ирэх нь энэ үү” хэмээн ганцаараа хэвлүүхэн ярьж суув. Эцэг нь амьд сэрүүн ахуйдаа хэлж байсан үг санаанд нь оржээ. Талын салхины арван хоёр янзын исгэрээг ялгаж сурч байж эр хүн болдог юм гэж захидаг байсан болохоор салхины чимээ, урсгал болгоныг ийнхүү сатааран чагнадаг болсон билээ. Элэгдэж хуучирсан ямааны адсага дээрээ өндийн чагнаснаа дахин суулаа. Ойрын хэдэн өдөр нам гүм байсан тэнгэр хангай улам л чимээгүй дүнсийж байснаа гэнэт салхины амьсгал өөрчлөгдөж хүйс хүйсхэн хүүгэж эхлэхийг тэр анзаарч байлаа. Салхины чимээ үе үехэн тасалдаж байснаа дахин хуурдах үлээх нь гарцаагүй шуурганы үзүүр ирж буй бололтой. Тэнгэр цэлмэг байгаа ч хэдхэн хоног өнгөрөхөд зэвхий саарал хуй салхи уулгалан ирэх нь гарцаагүй. Тэрхүү чөтгөрийн шуурга нөмрөн ирэх мөчид хөх тэнгэрийн доорх, хөрст газрын дээрх амьтай голтой бүхэн айн чичирдэг билээ. Тийм өдөр эмээлт морин дээр дэрвэж явахад эр хүний урам зориг сэргэж, хийморь золбоо бадран тэнгэрийн таалалд нийцдэг юм хэмээн Хуагчин эмгэн хэлж байсныг сонссон удаатай.

Аав нь хорлогдож өөд болсны дараа түүнийг мөн хороох гэж өс өвөрлөсөн хүмүүс хаа сайгүй байсан болохоор хөөрхий эх нь түүнийг бусдын атаат харцнаас далд энэ буйдхан газар нуусан бөгөөд өнөөдөр ийнхүү ганцаараа хөлөө орштол элдэв бодолд нухлагдан суугаа нь энэ.

Үхэл зовлонг олон үзэж, өөрөө үхлийн ирмэг дээрээс буцаж ирсэн энэ хүүгийн цээжинд өшөө хорсол буцлан байлаа. Аав ээж нь үр хүүхдээ хөлийг нь дөрөөнд хүргэж өгсөн. Аавынхаа унадаг байсан чонон чихтэй алтан шарга мориндоо мордсон цагт орчлон ертөнцөд юу болохыг мөнх хөх тэнгэрээс бусад нь төсөөлнө гэж үү. Хэн нэг нь төсөөлж байлаа ч одоо юу ч өөрчлөгдөхгүй. Талын хөх чоно мэт босоо хоёр чихтэй, алтан шарга зүстэй, дэл сүүлээ намируулсан аргамаг хүлгийг харсан монгол эр хүн түүнээс нүдээ салгаж чаддаггүй билээ. Өнөөдөр өршөөлт эцэг минь хөх тэнгэрийн орноос намайгаа харж хамгаалах биз гэж бодон зориг шулуудаж эмээлт мориндоо үсрэн мордлоо.

Яг тэр мөчид Морин уулын зүгээс чоно улих сонсогдлоо. Аяархан аргадан улих ажээ. Уулын хөндий хавцлыг нилд нь цуурайтуулах тэрхүү улиан хэн нэгний сүнс сүлдийг дуудан авчрах мэт ээ. Уулын нөгөө энгэрээс өлөгчин нь хариу улихад уул хөндийн тал бүрээс олон өнгийн дуугаар хариу улив. Чоно улихыг олонтаа сонсож дассан хүнд ч нуруу хүйт оргин чичрэмээр зэвүүн, айдас хүрэм сонсогдох ажээ.

Энэ чухам юу дуудсан улиан байж болох вэ. Чоно бол ижил сүргээ дуудаж улих, гунихарч ганихран улих, адуу малд халдан дайрахдаа улих зэрэг нь бүгд өөр өөр дуутай байдаг гэж эцэг нь хүүдээ байнга сургадаг байж билээ. Чоныг оролдож уур хилэнг нь хөдөлгөөгүй бол тэр болгон хүнтэй дайсагнахгүй. Балчир хүү энэ мэт элдвийг бодсоор хүн амьтны бараа харж гадна орчинд юу болж буйг олж мэдэхээр явж буй нь энэ. Эцэст нь ингэж туулай мэт хулчийж сууснаас үхэх сэхэхээ үзье, үхвэл эр хүн шиг үхээд, амьдарвал эр хүн шиг амьдаръя гэж шийджээ. Энэ үг бол хөх чонын удамт Бодончар Мунхаг өвгийнх нь захиж үлдээсэн үг билээ. Балчир ахуйдаа олонтаа сонсож байсан ч огт тоодоггүй байсан энэ үг одоо бодоход жинхэнэ үнэн үг ажээ. Амь насыг алдаж болох ч эр зоригоо алдвал амьд байгаад ч юу хийж үл чадна. Өнөөдөр тэрхүү сургамжит сайхан үгийг санан хүч тэнхээ орж тэртээ доор цэлийх уудам тал нутгийг харахад эртний сайхан үг шиг л гоёмсог харагдлаа. Би чинь зүүдэлж байна уу даа хэмээн нүдээ цавчилж үзэв.

Гэнэт түүний хурц хараанд орж ирсэн чонон сүргийг хараад алмайран гайхлаа. Тэд сүрэг адууг өртөөлөн хөөж байлаа. Сүргийн зохион байгуулалт нь гайхмаар. Яг л тулаанд уухайлан орохоор зэхэж буй дайчин эрс шиг ажээ. Тоолж үзвэл дөч гаруй юм. Зарим нь далд газар нуугдаж байж ч болох юм. Нэгэн цуваанд орж дугуй тойрог үүсгэсэн байна гээч. Тэр бол дайснаа бүслэн хааж гарах гарцгүй болгодог байлдааны урлаг билээ. Тэгж бүсэлж нөмрөн орж ирсэн дайсан хамгийн осолтой гэж эцэг нь хэлж байсныг эргэн санав. Дайснаа гарцгүй болгож ингэж бүслэн хаахад цэрэг эрс хоорондоо маш сайн ойлголцож дэг журмыг чанд сахих ёстой байдаг гэдэг. Гэтэл үүнийг чонон сүрэг хаанаас яаж сурсан байж болох вэ. Сүргийн ахлагч азарган чоно дохио өгөхөд дайрах бололтой. Ийнхүү чононууд ан хийж буйг гайхан харж байхдаа өөрийн эрхгүй нэгэн үгийг амнаасаа унагаж орхив.
“Үгүй энэ чинь анчин ан хоёр солигдож орхисон юм биш үү.”

Өндөр дээрээс алган дээр байгаа юм шиг харагдах тэгш талын дундах адуун сүрэг хол давхисан бололтой битүү хөлөрч, биеэсээ уур савсуулан цас манарган хуйларна. Умрын нүүдэлчдээс л олж харж болох ер бусын гайхамшигт дүр зураг харагдав. Дээрээс нь цасан шамарга хуйларч морьдын хөлөөр боссон цасан хуйтай холилдон утаа мэт манарна. Улам ойртож лавлан сайн харвал арваад азарга адуу байгаа бололтой, өмнө нь нэгэн морьтон хуй салхи мэт шуурга зүсэн давхиж адууны хойно нум сум агссан нэгэн хүдэр эр морио шавхуурдан давхина. Хэсэг давхисны эцэст хүдэр эр нумаа хөвчилж татан сүрэг чонын зүг харвахад сум нь эрлэгийн элч мэт исгэрэн шунгинаж очсон боловч чоно зайлж дөнгөлөө. Зэвийг нь нүхэлж тусгайлан дархалсан дуут сум цасан хунгарт далд ортлоо зоогдов. Тэрхүү нум сум агссан хүдэр эр яаж яваад сүрэг чонотой ийн тулалдах болсныг үл мэдэвч яах аргагүй амь өрссөн ширүүн тулаан хийж байлаа. Морь чоно хоёрын давхих хурд ойролцоо байж болох ч овор хэмжээний хувьд харьцуулшгүй энэ хоёр амьтны тулаан аймшигтай харагдах бөгөөд чононууд бүслэлтээ улам хумьж эхлэв. Хамгийн гайхалтай нь адуун сүрэг урагш тэмүүлэн зугтах тусам чононууд замыг нь хаах биш харин ч чөлөөлж өгөөд байгаа мэт харагдах ажээ. Чонын бүслэлт нэг талдаа хоосон зай гаргасан байгаа бөгөөд түүгээр дайрч гарч ижлээсээ тасарсан ганц нэг адууг сондгойруулан хөөж барих гэж буй нь тодорхой байлаа. Энэ бол яах аргагүй “урхинд оруулах” тактик байлаа. Айж сандралдсан морьд хаашаа давхиж буйгаа ч үл мэдэн эмх замбараагаа алдаж тарж бутран зарим нь сүргээсээ тасарч байлаа. Урагшлах тусам чонын бүслэлт улам хумигдана. Адуунаас тоогоор цөөн хэдэн чоно ийм гайхалтай байлдааны арга хэрэглэж буйг балчир хүү анх удаа харж гайхан биширч байлаа.

Адуу чоно хоёр холилдож эхлэв. Чөдрөөс салдаггүй хонины хоёр морь нилээд хойно хоцорч явлаа. Гэтэл нэгэн азарган чоно нэг мориных нь хавирганд наалдаж юу юугүй хоолойд нь асахад дөхөж ирэх үед адуу элдэн хөөж явсан хүдэр эр шаламгай хөдөлж чоныг зайлуулж чадлаа. Харин адууны урд түүчээлэн дагуулж явсан Цог зүг чигээ алдан буруу тийш явж байлаа. Ингэж явбал хавцал руу орж жинхэнэ чонын урхинд өөрөө очиж орно.

Энэ бүхнийг өндрөөс ажиж зогссон хүүгийн гарын алга яагаад ч юм хөлөрсөн байлаа. Адууг тойрон бүсэлсэн чононууд одоо зэрэг дайрвал жинхэнэ их хөнөөл учруулна. Чоно ийм боломжийг алдаж болохгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Гэнэт хүүгийн чихэнд “Юугаа хийж мэлрэн зогсоов. Даруй шунган орж тэдэнд туслах нь зүйтэй бус уу” гэсэн ээжийнх нь дуу сонсогдох шиг болоход мориндоо ташуур өгөн ухасхийлээ. Алтан шарга мориных нь хур дэл салхинд намиран хацар шүргэж өөрөө бөхийн мориныхоо дэлэнд нүүрээ наан хурдлав. Алтан шарга ч юу болох гэж буйг ухаарсан мэт сум шиг шуугин давхих. Юу болж буйг хүү сайтар харсан болохоор одоо яах ёстойгоо сайн мэдэж байлаа. Хүү амандаа “гүүг гүүг” хэмээн уухайлахад морь нь улам хурдлав. Цасан шамарга ч нүүр нүдгүй балбаж, хэдэн жил тохиогоогүй талын хүйтэн жавар хацар хайрна. Тэс хөлдүү газрыг доргитол морин туурай бөмбөрдөнө. Хүүгийн зөвхөн цогтой гялалзах хоёр алаг нүд л үзэгдэж, толгой нүүрээр нь битүү цас хуяглажээ.

Харин адууг элдэж буй хүдэр эрийн толгой нүүр битүү хөлөрч зарим хэсэгт нь мөстөн тогтсон харагдана. Ам сулгүй уухайлан, “Мөнх хөх тэнгэр минь намайг таалан болгоо” хэмээн үглэж явлаа. Харин хөх тэнгэр зөвхөн хүчит цасан шамаргаараа түүний хацрыг алгадан амнаас нь хүнгэнэх уухайн дуу агаар салхинд сарнин алга болно. Ийнхүү амь наана, там цаана нүдэлдэж явахад агтчин Цог “Эзэнтэн минь. Би эхнэр ч авч амжаагүй байгаа шүү дээ” хэмээн хашгирсныг эзэн нь сонсох боломж байсангүй.
Ойртож харвал чоно нэг морины хондлойд асаж хумсаа шигтгэн хурц соёогоороо амин газар нь хазах гэж хэд дахин оролдож байлаа. Ингэхдээ мориноос нэг зуурч, нэг тавин холдож, дахин дайрч ноцох зэргээр морийг улам сульдааж байв. Саяхан ум хумгүй давхиж ирсэн хүүгийн нүдэнд зөвхөн чонын араа соёо л ярзалзаж харагдана. Олуулаа нийлж нэгийг унагаад унагаснаа идэх биш дараагийнх руу нь дайрдаг нь чонын гэм биш зан. Шаргал хүрэн сэрвээтэй том гэгч азарган чоно үсрэн дүүлж нэг морины онгон дэлэн дээрээс зуурч үмхэснээ хол шидэгдэн унав.

Өөр нэгэн морь аврал эрсэн дуугаар янцгаалаа. Чонын ам хүрсэн морьдын шархнаас цус шүүрч цасан дээгүүр цусан толбо татна. Уурсаж догширсон морьд чоно руу дайрах гэж ижлээсээ алхам холдоход л нүд ирмэхийн зуур түүнийг бүслэн ноцох болно. Цуваа татсан олон чоно чухам үүнийг л хүлээж өлөгчин эм, хөгшин хөвөө, туршлагагүй бага залуусаа ардаа оруулж туслах хүч болгон дагуулжээ. Гэвч хашир азарганууд ижлээ сайн хурааж чононд тийм сиймхий өгөхгүй байлаа.

Ардаг тарган морьд улам омголон догширч давхилдаж буй хэдий ч адууны сүүл барьж яваа хонины хөгшин морь тун их тамирдаж яваа бололтой шүдээ тас зуун, толгойгоо ганхуулан хир чадлаараа л сунаж байлаа. Гэнэт нэг азарган чоно үсрэн дүүлж хонины хөгшин морийг ноцож эхэллээ. Хөөрхий хөгшин адгуус цусаар уйлах мэт зовлонт дуугаар янцгаав. Чонын соёо тултал шигдсэн шархнаас нь цус садарч цасан дээгүүр цусан зам татлаа. Ийнхүү чонын довтолгоо ширүүсэхэд бөөн явсан адуун сүрэг эмх замбараагаа алдаж эхлэв. Адуун сүрэг тарж бутрах л юм бол бүгд чонын идэш болох нь гарцаагүй. Орчин тойронд үхлийн харанга дэлдэж эхэллээ.

Үргэлжлэл бий


profile