Дууны увидас

Нялхас бүүвэйн дуу аялахад тайтгаран нойрсдог. Хөдөөх эр морио унаад ухасхийхдээ дуу аялдаг. Тээврийн жолооч машин нь хурдаа аван хүнгэнэхэд өөрийн эрхгүй бүхээгтээ дуучин болдог. Хэдэн хүн нийлээд жаахан суувал нэг л мэдэхэд дуулж эхэлдэг. Их, бага ямар ч найрыг дуугүйгээр төсөөлшгүй бөгөөд монгол найр бол ерөөсөө найрал дуу л байдаг. Ийм найр хонон өнжин үргэлжлэх нь бий. Урлагийн олон тоглолт шил шилээ даран болсоор байхад үзвэрийн танхим дүүрэн хүнтэй байсаар л байдаг. Үзэгчид 3-4 цаг үргэлжлэх тоглолтоос уйдаад гараад явчихана гэж үгүй. Радио телевизийн ихэнх цагийг дуу, хөгжмийн нэвтрүүлэг эзэлдэг.

Хөгжмийн зохиолч, яруу найрагчид хэний ч албадлагагүйгээр дуу, хөгжим зохиосоор, дуулсан дууг нь дуучид дуулсаар байдаг.

Урлагт насаараа зүтгэсэн буурлууд үе тэнгийн буурлуудаасаа хавьгүй илүү толиотой, залуу, хөнгөн шингэн байдгийг 80 насны өндөр босгыг аль хэдийнэ алхсан ч энэ наснаасаа хориод насаар залуу харагдан гялалзаж яваа өнөө цагийн Б.Зангад, Л.Цогцолмаа, Л.Хайдав нараасаа бид харж байна. Тэрчлэн урлагийнхнаас хорд хавдар гэгч муу ерын өвчнөөр өвдөөд бурхан болсон гэсэн яриа тун бага сонсогддогийн мэдэж байна. Монгол хүний малтайгаа харьцах харьцаа тэр чигээрээ дуу хуур. Хургаа гүүргийлэх, хонио тойглох, адуугаа гурийлах, ингээ хөөслөх нь бүгд л дуу хуур бөгөөд мал дуунд уярч, эзэн хүнийхээ санааг ойлгож, номхон дөлгөөн болно. Ботгоо голсон ингэ морин хуурын аялгуунд уяран нулимс унаган унаган ботгоо хөхүүлдэг. Дуу, хуур найр, бөхийн цол тэргүүтэн байгаль, дэлхий, уул усны лус, савдгийг баясган, оюун мандалд эерэг сайхнаар нөлөөлдөг тухай санааг миний бие "Наадам ба бороо" өгүүлэлдээ бодит баримтаар  хэлсэн. Энэ мэтээр дуу, хөгжмийн тухай олныг хэлж болох бөгөөд дуу хөгжим нь ганц монгол хүний хэрэгцээ, монгол ахуйн онцлог биш бүх хүн төрөлхтний язгуур чанар юм. "Дуугүйгээр хүн амьдарч чадахгүй" гэсэн мэргэн үг байдаг нь агааргүйгээр, усгүйгээр амьдарч болохгүй гэдэгтэй утга нэгэн сонсогддог.

Энгийн ажиглалтын хүрээнд энэ мэтийг ярьж болох бол шинжлэх ухааны үүднээс ч бас ярьж болно. Дуу авиа гэдэг бол 17 гц-ээс / дуугаргах төхөөрөмж 1 секундэд 17 удаа хэлбэлзэх маш бүдүүн дуу гэсэн үг /20 кгц/дуу гаргах төхөөрөмж 1секундэд 200000 удаа хэлбэлзэх маш нарийн дуу гэсэн үг/-ийн хоорондох давтамжтай механик долгион юм. Өөрөөр хэлбэл  хүний чих давтамжийн энэ завсар дахь механик долгионыг сонсох чадвартай байдаг. Харин ямар ч аргил бүдүүн хоолойтон 17 гц, ямар ч цээл хоолойтон 20 кгц давтамжтай дууг гаргаж чаддаггүй билээ.

Дуу баргил бүдүүн болсоор сонсогдохгүй болох 17гц-ээс бага давтамжтай авиаг инфра авиа, нарийн болсоор сонсогдохгүй болох 20кгц-ээс цааш давтамжтай авиаг ультра авиа гэдэг юм. Энэхүү ультра авиаг бид хэт авиа хэмээдэг. Манай биофизикийн эрдэмтэд ургамлын үр, уургийн уусмалыг хэт авиагаар шарахад ургамлын болоод уургийн эс тэрхүү авианы энергийг хүлээж аваад илтэд сэргэн тэр байдлаа хэсэг хугацаанд хадгалан улмаар эргүүлэн цацаргаж байгааг тогтоосон байна.


Энд би шинжлэх ухааны сонофизик, сонохими, сонобиологийн маш нарийн ойлголтыг жирийн үгээр тоймлон хэлж байгаа билээ. Дуу хөгжим, хэт авиа ургамлын ургац соёололтыг хурдасгадаг гэж гадаадын эрдэмтэд хэлж байна. Эндээ дээрхи үзэгдлүүдтэй адилтган хэлж болох таамаглал гэвэл бидний сонсдог авиа нь уянгалаг сайхан аялгуутай байвал хүний эд, эсэд, ялангуяа мэдрэл сэтгэхүйн эд эсэд эерэг сайнаар нөлөөлж, түүнийг сэргээдэг, ийнхүү сэргэсэн эд эс тэрхүү сэргэлтийн энергээ орчиндоо буюу бусад эрхтнүүдийнхээ эд, эсэд дамжуулан цацаргадаг байж болох юм гэсэн санаа юм. Хэрэв ингэдэг бол хүн, амьтан, дуу хөгжимд дурлахаас өөр яах вэ? Нөгөө талаас Японы эрдэмтэн Масару Эмито усны дотоод бүтцийг дуу, хөгжим, тэр ч байтугай эергүү, зөв сайхан үг яриа сайхнаар өөрчилж байгааг тогтоогоод хүний биеийн 70-80 хувь нь ус тул хөгжим хүний биед сайн сайхнаар нөлөөлнө гэж үзсэн байна.

Энэ бол сайхан дуу, хөгжим сонсон хүний биен дэх ус зөв сайхан бүтэцтэй болох нь эд,эс эрхтэнд  аятай сайхан сэрэл мэдрэмжийг бий болгодог тул хүн бие, сэтгэлийн ийм таатай сайхан таашаалыг аяндаа хүсэмжлэн дуу, хөгжимд өөрийн эрхгүй татагдан дурладаг гэсэн үг юм.

Харин миний хэлээд байгаа ургамал, уургийн эд, эсэд хэт авиа нөлөөлсөн шигээр дууны авиа хүний эд, эсэд нөлөөлөх буюу сонохемилюминесцэнцийн үзэгдэл ажиглагдах эсэхийг судлан тогтоосон эрдэмтэд байдаг эсэхийг мэдэхгүй бөгөөд ийм санаа хэлэхэд манай эрдэмтэд ихээхэн сонирхож байсан  ч хэмжилтийн тоног төхөөрөмж, арга зүйн хувь боломж муутай гэх маягийн үг хэлдэг юм билээ.

Мал усанд цувдаг нь, хүн унд цай уудаг нь ус гэдэг шингэнийг амьд организмын эд, эс өөрийн эрхгүй шаарддагаас тэр бөгөөд хүн сайхан дууг сонсох гээд байдаг нь мөн хүний эд эс аялгуу төгс сайхан дууг өөрийн эрхгүй шаарддаг гэсэн үг мөн. Ус уусан амьтан хэрхэн сэргэдэгтэй адил дуу,хөгжим сонссон хүн мөн л тэгж сэргэдэг" гэж дүгнэхэд болох билээ.

Манайхан одоохондоо хөгжмөөс илүүтэйгээр дуучны хоолойг сонсох дуртай байгаа ч "Хэнтийн өндөр ууланд", "Жалам хар", "Уран хас", "Цагаан суварга", зэрэг дан хөгжмийн бүтээлүүдийг  сонсохоороо аяндаа алга нижигнүүлэн ташдаг билээ. Харин барууныхан чухамхүү дан хөгжим- симфони сонсох гэж театрт ирдэг нь сайхан хөгжим сонсохын амтанд орсон бие эрхтэнийхээ шаардлагыг ухамсартайгаар биелүүлж байгаа хэрэг юм. Ийнхүү дуу, хөгжим хүний эд, эс эрхтэн, сэтгэл санаанд  ус, агаар мэт хэрэгтэй тул  ямар насныхан ямар дуу хөгжмийг ямар давталттайгаар ямар хугацаагаар сонсоход  бие сэтгэлийн ямар таашаал амсаж байгааг жирийн асуулт, хариулт, ажиглалтын аргаар хангалттай сайн тогтоож болно. Ингэсэн нөхцөлд хүмүүст эмийн жорны оронд дуу хөгжмийн жор бичиж өгөх боломжтой болов уу? Сайхан дуу хөгжим сонссон хүн уур, уцаар, бухимдал түгшүүр, өвчин зовлонг огоорон, бие сэтгэлийн таашаал, тайтгарлыг амсан эдэлж, жарган цэнгэхийн хамт өөрөө дуу дуулахын бололцоог хүмүүст олгох нь маш буянтай сайхан үйлс болдог. Учир нь дуу дуулах нь уушигны юугаар ч орлуулшгүй сайн гимнастик гэдэг нь нэгэнт тодорхой билээ. Энэ бол юм бүхэн хэлбэлзэл гэдгийг тогтоосон квант физикийн онолоор хүн өөрөө дуулах нь өөрийн биеийн эд, эс эрхтний хэлбэлзлийг эрчимжүүлж, тэгснээрээ эд, эсээ сэргээн идэвхжүүлж, энэ хэрээрээ өөрийгөө эрүүлжүүлэн жавхаажуулдаг байна гэсэн үг юм. Иймээс ч дуучид, хөгжимчид, урлагийнхан урт насалж, удаан  жаргадаг ажээ. Дууны увидас гэгч энэ буюу.

  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий