Үс /Өгүүллэг/
Яг одоо би үсээ ургахыг хүлээж байна. Энэ хүлээлтийг дагаад бүх амьдрал маань, миний үс миний санасан хэмжээнд хүртэл урт ургахыг хүлээгээд байна. Үснийхээ ард хүмүүсийн нүднээс нуугдах гэж л тэр. Өөрийгөө үргэлж эвдэхийг хүсдэг, өөрөөсөө уйдамтгай зан маань миний хүлээлтийг бусниулах гэж тун ч их мэрийж байна.

Үс эхлээд мөрөндөө хүрсэн. Гэсэн ч санаа амарсангүй. Залхмаар удаан энэ хүлээлт хэзээ зогсохыг бүү мэд. “Ерөөсөө тайрчихъя” гэж хэд хэдэн ч удаа хайч шүүрч авав. Гэсэн ч “Хүлээх хэрэгтэй” гэсэн өөр нэгэн бодол хайчийг байранд нь буцаан тавиулж байлаа. Дараа нь үс мөрөө даван дал хавьцаа очив. Тэвчээргүй араншин надад “Одоо болоо ш дээ” гэж сануулах бүрийд нүдэнд хайчны үзүүр харагдана. Гэсэн ч шүдээ зуун дахиад л хүлээв. Миний хүлээлтийг хүндэтгэсэн мэт, миний тэвчээрийг сорих гэсэн мэт надад юу ч тохиолдохгүй л байлаа. Бүх насаараа хүлээсэн маань энэ үстэй л холбоотой байх шиг. Үсээ уртын урт ургуулахгүй л бол миний хүсэл биелэхгүй байх мэт. Үсээ уртын урт ургахаас нааш миний сэтгэл санаа тогтож өгөхгүй юм шиг.

Одоо бол миний үс далаа даваад бүсэлхийнээс арай дээхнэ хүрчихээд байгаа. Гэхдээ “Арай л болоогүй байна даа” гэсэн дуу хоолой миний хүлээлт дуусах болоогүйг сануулна. Ямх ямхаар үс уртсах тусам тайтгарч, янз янзаар үсээ гоёсон бүсгүйчүүдийг харах тусам өнөөх тэвчээргүй араншин дотроос хатган хайчны ирийг гялалзуулна. “Үгүй ээ, миний үс минийх болохоос хайчинд зориулагдаагүй”.

Үс, хайч, тэвчээр, хүлээлт. Бас өөрчлөгдөхийг хүсэх тэвчээргүй араншин. Үс уртсах тусам тэвчээр барагдах хэрнээ үс ургах тусам ухаан санаа саруул сайхан болж байна. Үс ургаж байна. Би ч бас ургаж байна. Ургах тусмаа үс улам шингэрч, уртсах тусмаа үс улам ихээр ширэлдэн зууралдана. Би нуугдан нуугдсаар уртын урт хүрэн үсний ард үүрээ заслаа. Тэр үүрэнд миний өндөгнүүд хагарч, тэр үүрэнд миний хүсэл мөрөөдөл зөвхөн миний хэв маягаар мөчирлөн салаалав. Миний ертөнцийг одоо нэг л зүйл бусниулж чадна. Тэр бол “ерөөсөө тайрчихъя” гэсэн бодол. Би хайчийг далдын далд нуугаад үйл мэтгэхээ ч болилоо. Би үсчний газруудыг маршрутаасаа хасаж, огт өөр гудамжуудаар алхах болов. Би ургаж, үснийхээ ард өөрийн ертөнцийг нууцхан бүтээж байна. Миний хүлээж байсан өөрчлөлтүүд зөвхөн тэр үүрэнд л өрнөж эхэллээ. Өөр хэний ч биш миний адал явдлууд. Миний гишгэсэн мөрийг уртын урт ургасан үс минь шүүрдэн алга болгож, миний ургаж байгаа дэгдээхэйнүүдийг үс маань бусдын хар нүднээс нуун хадгалж байна. Миний үсний ширхэг бүрийг завсаар зөвхөн надад зориулагдсан нарны гэрэл урсан орж, ирээд надад зориулагдсан сарны гэрэлд байраа тавьж өгдөг. Тэр гэрлийн өнгө бусдын мэддэгээс огт өөр. Тэр гэрэл зөвхөн миний эд юмс дээр тусдаг. Тэр гэрлүүд миний өндөгнүүд дээр л тусдаг.

Одоо хүлээлт үргэлжилсээр л байна. Миний тэвчээр хэдийнэ үснийхээ цаанаа тухлан байраа засаад тэвчээргүй араншинг нэг л шөнийн сарны гэрлээр шахан гаргачихав. Би өөрчлөгдөж байна. Намайг өөрчлөгдөх хэрээр хүмүүс ч огт өөр болон хувирчээ. Тэдэнд миний урт ургасан үсний цаана чухам юу байгаа нь л сонин. Үс урт ургах хэрээр өнгөлзөх дайсан олширно. Үс уртсах тусмаа улам бат бэх хэрэм миний ширэлдсэн үсээр бий болов.
  Минийх гэж бардам хэлэх монголоо.  Үгүйлж яваарай анд миньУртын дууны уянгалаг шуранхай.  Унтах нойронд чинь эгшиглэхийн цагт.  Унаган нутаг монголоо чи.  Өөртэйгээ хамт гэж баяралаж сэрээрэй Хүний газар нэрээ хуглахгүй. Хүний сайнтай нь нөхөрлөөрөй.Өвөг нэрний чинь цаана. Онгон тансаг монголын минь нэр бий