Энэ уйтай цаг мөчид би чи байгаагүй ээ
Эхлэл төгсгөлгүй хорвоогийн гадаа
Үхэх төрөх салах хагацахын алинг ч мэдэхгүй
Үүрдийн жаргалд инээмсэглэн зогсож байсан

Эх нь үрээ голоод хөхөө шиг хөндий  аашилжээ
Эхдээ гологдсон үрийн сэтгэл ууланд төөрч будилжээ
Хүнээ хүнээ байгаад араатнаас ч дорж болжээ
Хэн нэгнийхээ зовлонгоор жаргал хийн хүн чанар үгүй болжээ

Энэ уйтай цаг мөчид би чи байгаагүй ээ
Эхлэл төгсгөлгүй хорвоогийн гадаа
Хууран мэхлэлт, үзэн ядалтын алиныг ч мэдэхгүй
Хүний сайхан нинжин сэтгэлд халууцан зогсож байсан

Эцгийн бадраасан голомтын чучил унтраагүй байна
Эхийн амлуулсан цагаан сүү цээжинд амтагдаж
Энхрий хонгор амрагийн минь дүр зүрхэнд тодхон
Энэ л бие минь энэ орчлонгийн будант мананд төөрөөгүй байна

Энэ уйтай цаг мөчид би чи байсан
Эхлэл төгсгөлтэй хорвоогийн эргүүлэгт арчигдчих гээд
Өөрөө өөрийнхөөрөө үлдэх тэмцэлд ялаад
Өчүүхэн орон зайг минийх гэж дархлаад хашгирч байна

Хамаг нандин сэтгэл минь чихран арчигдах гээд
Хүнлэг сэтгэлийн хаалга тогшоод зогсож байна