Манай клубын блог хаяг - http://2x1club.blogspot.com/

Цахим шуудангийн хаяг -  mglwritersclub@yahoo.com

Солонгос дахь Монголчуудын Уран бүтээлчдийн клубын хамт олон маань Утга зохиолын буланд Монголын шилдэг зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийн болоод товч намтар түүхийг танилцуулж байх болно. Энэ удаагийн манай ЗОЧИН-оор

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч

 ХАЙДАВЫН ЧИЛААЖАВ

Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 1967 онд төрсөн. ХААИСургуулийг 1993 онд, Удирдлагын хөгжлийн аккадемийг 2002 онд тус тус төгссөн. 1980-аад оноос уран бүтээлээ эхэлж “Алтайн сар” – 1994 он, “Би эх оронтой хүн” – 2001 он, “Тэнгэрийн цаана нисэж яваа шувуу” – 2005 онд хэвлүүлсэн түүврүүдээсээ сорчлон эмхэтгэж “Хуучин ертөнцийн шинэ зам” номоо 2009 онд хэвлүүлсэн . “Найргийн даага-1992” яруу найргийн наадамд түрүүлсэнээсээ хойш нэг ч удаа яруу  найргийн наадамд оролцоогүй юм. “Хурд” хамтлагыг шилдэг 30 дуутай гэж тооцвол тухайн гучин дууны 20-ийнх нь шүлэг манай хүнийх байдаг гэхэд нэг их хэтрүүлэг болохгүй байхаа. Чилаажав маань залуу хүн гэхэд өөрийн хүсэлтээр илгээлтийн эзэн болон тэмээчин, Био комбинатад малын эмч, Монголын Үндэсний Радиод сэтгүүлч, Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захиралын алба хашиж байсан түүхтэй. Одоогоор МҮОНРадио телевиз болон Монголын Зохиолчдын Эвлэл хоёр том байгууллагын удирдах зөвлөлийн даргын албыг хашиж байна.

За ингээд яруу найрагч Чилаажавын уран бүтээлтэй та бүгдийг танилцана уу.

 

*           *           *

Үзэсгэлэн гоо чиний дэргэд би

Намрын нуур шиг санагдана

Өөдөөс минь чи хааяа мишээх нь

Өглөөн нар нуурын уснаа тусах шиг

Өөрөөс минь хааяа нэгийг асуувал

Өчнөөн олон шувууд гангананхан ирэх шиг ээ

Үзэсгэлэн гоо чиний дэргэд би

Намрын нуур шиг санагдана

Нүдэнд үзэгдтэл чамайгаа мөрөөдөн бодоход

Нүцгэн бүсгүй нуурын дунд руу орж ирэх шиг

Нүүрээ бууруулан тэнгисийн хаяа руу ширтэх чинь

Нүүрээ буруулан тэнгисийн хаяа руу ширтэх чинь

Нүүдлийн шувууд нуурын дээгүүр өнгөрөх шиг ээ

Үзэсгэлэн гоо чиний дэргэд би

Үнэндээ л намрын нуур шиг санагдана.

                              *           *           *

 

ААВДАА БИ ХАЙРТАЙ

 

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь дуртай

Насыг нь зөөж буцсаар л байгаа шувуудад хайртай

Өөрөө өтлөвч, орчлонд үлдэнэ гэж надад хайртай

Өдрөөс өдөрт холдсоор л байгаа аавдаа би хайртай

Шар наран улам улам алслаад л

Саяхан ногоон байсан өвч наьч гандаад л

Алсын зам аавын харц шиг сүүмийгээд л

Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юү

Нэг л намар миний адил залуу явсан аав минь

Эгэл хоногуудын эргэлтэд элэгдэж өтөлжээ

Эргэж тойрсон хорвоогийн шар намрууд

Эцгийн минь магнайг зуран зуран оджээ.

Шувууд буцах болгонд нэг л насаа өгсөөр

Шулуун байсан нуруу нь намрын салхинд ганхсаар

Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг

Эх газартаа татагдан аав минь бөхийжээ.

Унах болтлоо их үай байгаа ч юм уу, үгүй ч юм уу

Усны шувууд дахиад ирэхэд байх ч юм уу, үгүй ч юм уу

Нүгэлтэй юм бодоход нүүр чимчирнэ

Нүүж яваа шувуудын цуваа нулимсан цаагуур орчихно...

Үхлээс өрсөөд л шувууд буцчих шиг санагдана.

Үл үзэгдэх муу совин “үнэн байвал яана” гэж би бодчихно

Шувуудын цуваа ганганасаар холдож одлоо

Суугаад л босоход шүүрс алдлаа, аав минь ийм байгаагүй

Бичигтэй уул шиг царайг нь харахад

Би өөрөө л өтөлчихсөн юм шиг санагдлаа

Залуухан модод гандана, ахиад л цэцэглэнэ

Зайлуул аав минь өглөө сэрэхдээ ч улам л өтөлнө

Он цаг хэлж ирэвч, хорьж үл болно

Олон сайхан үртэй атлаа, аав минь бөхийсөөр л

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь дуртай

Насыг нь зөөж буцсаар л байгаа шувуудад хайртай

Өөрөө өтлөвч, орчлон үлдэнэ гэж надад хайртай

Өдрөөс өдөрт холдсоор л байгаа аавдаа би хайртай.

 

Жаргалант 1990,09 сар

Найргийн даага-1992 оны яруу найргийн наадмын тэргүүн байранд орохдоо энэхүү шүлгийг уншиж байжээ.

 

*           *           *

МИНИЙ ЦЭЭЖНИЙ АЛТАН АНГИР ГАНГАНААД Л...

Миний цээжний алтанхан ангир ганганаад л

Сууж босмоор, босож суумаар гэгэлзээд л

Хөх уулын нутгийн хар нүдэн бүсгүй

Хөөрхөн дөлгөөн төрхөөр дуу зохиомоор санагдаад л

Миний цээжний адтанхан ангир ганганахаар л

Цагаахан нууртай нутгийн хар нүдэн бүсгүй л

Цамцгүй суугаа юм шиг хун шувууд харагдаад л...

Миний цээжний алтанхан ангир ганганаад л

Нарийн зөрөг даган шүлэг бодон алхмаар л

Хур ихтэй нутгийн хар нүдэн бүсгүйн

Хараад өнгөрсөн газраас нялх ногоо ургамаар л...

Миний цээжний алтанхан ангир ганганаад л

Чиний тухай бодохоор тэнгэрийн наагуур манантай

Алсхан сартай нутгийн хар нүдэн бүсгүйн

Амь шигээ их хайртай ах нь явмаар бодогдоод л...

1994, 1999 он

 

*           *           *

 

Тэнд чи очвол ганцаардана

Амраг минь шүлэг битгий сонс

Аялгуу нь сайхан байвч бүү итгэ

Аз жаргал энгийн хүнд л байдаг юм

Яруу найраг зовлон дунд оршдог юм

Янаг минь чи тийшээ очих хэрэггүй

Шүлэгчийн цээж мөнхийн манан дунд

Шөнийн тайгын эзгүй нуур шиг оршдог юм

Бүргэд шиг эрэмгий зориг хэрэггүй

Бүсгүй хүн аймхай байх нь дээр

Бүгдийг мэдэх гэж дурлах хэрэггүй

Бүсгүй хүн тэнэгдүү байх нь дээр

Яруу найраг гэдэг чихэр жимс биш

Ямар ч хамаагүй хүн эдэлдэг тавилан биш

Эрх чөлөө шиг задгай цагаан орчлон

Эр хүн л тэнэж явмаар газар аа

Сартай шөнийн тэнгисийн мандал шиг

Сайхан атлаа аймаар юм тэр чинь

Жирийн нэгэн бүсгүй сэлж барамгүй

Живж орхих далай юм тэр чинь

Тийшээ чи очих хэрэггүй

Тэнд чамд жаргал байхгүй

Миний шүлгийг ч сонсох хэрэггүй

Хүний шүлэг бүсгүй хүнд хэрэг болохгүй ээ

АМРАГ МИНЬ

 

1995-1996 он