Бороотой үдшийн нууцхан шивнээг хайрт минь анирдаарай

Борхон зүрх шаналан хайлахыг хонгор минь сонсоорой !

Бодлын цагаан хүлэг шүлгэн сэвшээг салхи чамд хүргэг

Болзоот хайрын гэгээн гунигийг сэтгэл минь чамд дуулаг

Уулын цэцэгс зунаар дэлбээлдэг биш үү  амраг минь

Улаахан сарнайн цомирлог гудайх нь юу вэ хонгор минь ?

Талын цэцэгс зунаар хээнцэрлэдэг биш үү хайр минь

Танхилхан сарнайн өнгө гудайх нь юу вэ янаг минь

Одод орчих орчлонгийн буурал зулай дээр

Оршихуйн заяа хүмүүн тавиланг элээнэ эхлүүлнэ

Онгон цагаан сарны дор энэ л замбуулинд

Орь залуу насны зуурдын хагацал юусан билээ

Мөнхрөх биш дээ хоёулаа

Мөдхөн уулзахын төлөө салах хэрэг байл уу даа

Мөхөлгүй биш дээ хорвоо

Мөрөөдөж шаналсанаас хайрлаж жаргаахаа яав даа

Шүүдэр буух үүрийн зүүдээ хайр минь манаарай

Шүлэг шившин сэтгэл минь гансрахыг хонгор минь сонсоорой

Агсам огод хүлгээ дөрөөлөн ханхүү минь чамд очиг

Ариун хайрын гэгээн гунигийг зүрх минь чамд шивнэг!