Өрөөлд би чөтгөр байг хамаагүй ээ

Өөртөө л харин бурхан байдаг

Ярих харах инээх уурлах

Явах суух согтох шогтох

Дурлах минь хүртэл хэн нэгний

Дургүйг хүргэж болноо 

Дуу шүлэг минь хүртэл бусдад

Дурсагдахгүй байж болноо

Зүрхэндээ нартай сэтгэлдээ галтай

Зүгээр л хүн байвал боллоо

Хэн нэгэнд таалагдах гэж амьдардаггүй болохоор

Хиймэл зан худал инээд хоёрт

Хэлээ хазаж чаддаггүй болохоор

Өрөөлийн төлөө шаналж

Өөриийнхөөрөө л амьдардаг

Мөнгөний хорвоо өнгөний амьдралд

Мөн чанартай явахсан гэж боддог

Би төрөгсөдтэй дуулж үхэгсэдтэй уйлж

Төөраг тавилангийн мананд

Төөрч амьдарсан

Төрмөл энэ заяандаа

Задарч амьдарсан

Уруу өөд амьдралын нугачаанд

Буруу зөв явсан ч

Зүүдэндээ сартай зөв явсан

Зүрхэндээ нартай хүн явсан

Бусдын төлөө амьдрах тавилан хайрласан

Бурханд би баярладаг

Бузрын шалбаагтаа татаж оруулаагүй

Чөтгөрт ч бас баярладаг ...............................