Багадаа байсхийгээд л зүггүйтдэгсэн

Байг боль  гээчийг нь

Нэг чихээрээ оруулаад

Нөгөө чихээрээ гаргадагсан

 

Эжий минь арга ядаад

Эцэгт минь учирлаж

Ярьж хэлээд дийлэхгүй нээ

Яс маханд нь мэдрүүл гэжээ

 

Мэдээж нөгөө л ээлжит зүггүйтэл

Мөдхөн намайг тойролгүй дайрав

Түмэн олны хүндэт багш

Түүртэж хэзээ ч огт бухимдаагүй

Хамгаас хайртай аав минь

Харин энэ удаа ундуйцлаа

 

Нээрээ л яг ундуйцан  бухимдаа аж

Нэг гараараа  нөгөө гараа бариад

Хайр нь далд хал нь гадна зангаараа

Халаа жаахан амсуулах гэтэл

 

Эжий минь өөрөө тэвдэж

Энхрий хүү намайгаа

Элгэндээ нэг тэвэрч

Эргүүлж тойруулж хаацайлж

За одоо боль , боллоо гэсээр

Загнах учирлахыг хослуулж  билээ

 

Зэмлэж хайрлахын ухаанаар

Зэрэгцүүлэн  бойжуулан өсгөсөн

Энэ л сайхан Монгол хүмүүжил

Элэг зүрхэнд нэвт шингэжээ