Оруулсан bataka

              
Зөв л амьдрахгүй бол горьгүй дээ
Зүүдэнд аав минь уйлах байх
Зүсрээд ордог борооноос ч илүү
Зүрх сэтгэлийг минь норгох байх

Хацрыг минь үнэрлэчихээд одсноос чинь хойш
Хорин жил хайлаа, зон олны дундаас
Өчигдөр, өнөөдрийг заагласан хоёр өөр ертөнцөд
Өсөж, үгүйрч хорин жил тусдаа байлаа

Даахь минь ижийн сүүтэй байхад та явсан
Даль жигүүр шиг жаахан гараараа даллаж таныг үдсэн
Өөрөөсөө өөр ертөнцийг ухаараагүй байхад та явсан
Өлгийн гурван бүсний уяагаа тайлж  таныг үдсэн


Харууссан олны нулимс үерлэж байхад
Хар нүдэн ижийдээ зулын цөгц авчирч өгсөн, би
Бойтогны хонх жингэнэж зул бадамлан ассан
Бор борын шувуу шиг шулганаж хэлд орсон, би

Элгэндээ шингээсэн эх газрын чинь шороог илэхдээ
Ижий чинь болно гэж цухирсан сүүлчийн нулимс
Хөрсөн дээр чинь цэцгийн үр болж үлдсэн
Хөр цасан дор ч гал улаанаараа байдаг юм аа

Буруу эндүү л гишгэж болохгүй дээ
Буян заяа нь аавыг минь зэмлэх байх
Будан татаж  сэрүү унаад
Буурал орчлон жиндэх байх

Даахийг чинь үнэрлэж ижий болно оо
Даль жигүүр шиг жаахан гараараа даллаж ир
Өлгийн гурван бүсийг дутуу зангидаж хүлээнэ ээ
Өнгөт орчлонд ижий нь бүүвэй аялж угтая
 
Үндэс нь төлжиж цэцэг нь хагдардаг
Үйлийн лайтай орчлон хойно
Үргэлжлэх амь тасарч болохгүй
Үүд хаалгаа олохгүй гоморхож болохгүй

Санаж бэтгэрээд л хэрэггүй дээ
Сайхан аавын минь сүнс төөрөх байх
Саруул уудам ертөнцөө олохгүй
Сандарч тэвдээд гомдох байх

Энхэлтэй донхолтой орчлонгийн
Элгэнд нь нойрсох аавынхаа
Дэрнийх нь чулуунд хайр ивлээ
Дээлийн хаваас тасчин үр минь болж ирээрэй
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...