Оруулсан bataka


Манай анги нэгтгэл шинэ цэргийн баазаа нүүлгэж ирээд удаагүй байсан намар цагсан. Салаан дарга маань бүрээн дуутай зэрэгцэн өөрийн салааны шинэ цэргүүдийг түргэхэн жагсаах гээд гарахдаа малгайгаа орхисноо мэдээд буцаад өрөө рүүгээ гүйж явахдаа, хн сандарч ядаж байхад миний энэ адгууг яанаа хэмээн өөртөө бурууг өгөн цэргүүд рүүгээ гүйлээ.

Түүнийг ирэхэд нь будилуу мунгинуугаараа дуудуулдаг хэдэн цэргүүд нь жавхайтал эгнэн жагссан буйг ажаад маадгар маадгар алхсаар тэргүүн эгнээнд очин зогслоо. Хажуу салааны хэдэн нөхдүүд хүн нь гүйцэхгүй нааш цаашаа сандран байхыг хараад дотроо яасан ч их удах юм бэ дээ хэмээн ундууцан бодон зогслоо.

Тэгээд өөрийн хэдэн хүүхдүүд рүүгээ хараа билчээн сэтгэл ханамжтай нь аргагүй толгой дохин нүдээ онийлгон намрын шаргал наранд нүүрээ ээн зогсож байлаа.
Ротын захирагч өндөр дуугаар шинэ цэргүүдээс шалгалт авах болсон тухай зарлан бэлтгэлээ базаахыг сануулж бас хэд хэдэн даалгавар нэмж өглөө. Би ч хувьдаа за хэдэн хүүхдүүд маань бэлтгэл нь овоо ханасан даа гайгүй дүн үзүүлчих юмсан хэмээн ажлаа төлөвлөн байлаа.
Бүхий л талаар онц дүн үзүүлчихвэл гэсэн бодол толгойноос эргэлдээд гардаггүй.

Маргааш өглөө нь эрт хэн хэн юу хийх ажлын төлөвлөгөөг гарган ажилдаа шамдан орлоо доо. Манай салаанд хөдөөнөөс ирсэн хүрэн бор царайтай, өндөр нуруутай хүнгэсэн сайхан дуутай хүү байдаг байлаа. Бусдыгаа бодвол гэр бүлтэй дээд сургууль төгссөн болоод тэр үү их л дөлгөөхөн хүү . Бараг дуугарна гэж үгүй харин нэг яриад эхлэхээрээ нутаг усныхаа тухай, амраг хань, алаг үрээ санаж байгаа талаараа нүдэнд харагдтал ярина. Түүний ярихыг сонсох нь гэртээ очоод ирсэн мэт тийм яруу тунгалаг, итгэл зоригтой, нинжин хайр амтагдсан ярианаас болоод манайхан гэрээ маш их санаж буйгаа мэдрэн дор дороо дуугаа хураацгаадагсан. Даанч хаяахан жинтэйхэн үг дуугардаг түүнийг их л хүндэтгэн элдэв зөвөлгөө авах гэцгээдэг байлаа.

Аан харин манай алаг нүдэн бол өөрөө ботго шиг том алаг нүдээ эргэлдүүлээд л алиа хошин зангаар биднийг хөгжөөн ёстой элэг хөштөл инээлгэнэ гээч. Заримдаа жагсаалын бэлтгэл хийж байх үед манай хүн нөгөө инээдтэй сэдвийнхээ аль нэгнээр дуу авиаг гаргаж дэггүйтнэ. Дарга нар энэ дуу авиаг хэн гаргасныг нягтлан шалгах гээд ширүүн нь аргагүй эргэн хараад зогсоно. Тэр үед бид хэд хэрэндээ л хичээн инээдээ барьж ядан байхад харин манай хамгийн инээд муутай бүдүүнээ маань бидний өмнөөс дуудагдан гарч гар дээрээ сууниалгах шийтгэл хүлээнэ. Битгий инээж бай гэж хичнээн хэлээд нэмэр байхгүй бүхний түрүүнд инээмсэглэл тодруулан булцаг булцаг гэж гүйж гараад л суниах гээд мэрийн мурилздагсан. Бид нарын хувьд суниах бол хамгийн амархан зүйл. Харин манай бүдүүнээгийн хувьд бол ямар байдаг байсан юм бол доо зайлуул. Биедээ багтамгүй цагаахан сэтгэлтэй, байнга инээд хөөртэй байдагсан .

Манай гозгор байна. Яс нь цамцных нь цаанаас ёрдойгоод л байхад марш тактикт өөрийнхөө хэрэглэлийг үүрээд тэгээд манай бүдүүнээгийхийг нэмж үүрээд түрүүлээд хамгийн түрүүнд манлайлаад ороод ирдэг. Тэгээд ч юу ч болоогүй юм шиг нааш цааш холхиж байснаа тэсэхгүй буцаад гүйнэ. Бид хэд ээлж ээлжээр бүдүүнээгээ арай л үүрэх нь холгүй гүйлгэсээр ирэхэд бүдүүнээ хоолны бүрээ дуугарлаа түргэлээрэй гэж хэлнэ. Өнөөх маань саяхан л түлхүүлж нудчуулж байсны ямар ч ул мөргүй урд гараад гүйсээр ирдэгсэн. Энэ бүхэн марш тактикийн бэлтгэлд дандаа л давтагдана. Гозгор түрүүлээд л гүйнэ, тэгээд эргэж очоод бүдүүнээг хоолоор урамшуулна. Бид нар ч үүнд нь дасаж дээ. Нээрээ холд гүйж байхад атга жамц давс аваад гардаг. Бид хэд чимх чимхээр нь халаасандаа хийгээд хоолой гашуу оргиод, нүдээ манарах үедээ долооно тэгээд л гүйгээд өгнө дөө. Хэн хэзээ ингэдэг гэж хэлсэн юм бүү мэд. Яагаад ч юм өвөл л тэгэж байснаа санадаг юм.

Манай салаан даргын найз охин гэж хөөрхөн охин бий. Манай тогоочийн охин л доо. Салаан дарга маань аж ахуйн няравыг төв рүү бараа татах гээд явсан үед орлодог юм. Тэгээд л ангийн нарийн ширийн бүхний эзэн шиг олон түлхүүрээ наранд гялалзуулаад малгайгаа хазгайдуухан тавиад исгэрэн араасаа агуулах цэвэрлэх цэргүүдийг дагуулан явна. Тэгээд л ээж охин хоёрын өмнө ёстой том эр болохоо харуулж өгнө дөө. Гэхдээ бид нар дараа нь үзэмни й шүүс, амттанаар шагнуулдаг болохоор цуг явах дуртай байдаг байлаа. Даанч энэ маань хоёр сард нэг л өдөр болдог байлаа.

Бид анх ирж байсан үеээ бодвол овоо эр хүн болж байна даа. Цээж түхийгээд л, булчин шөрмөс чангараад л урьд нь хүйтнээс айдаг даардаг байсан бол одоо дотроос халуу дүүгээд их бардам хараа дээгүүр алхдаг гээч.
Бидний юм бүхэн ижил, эр улс олуулаа байхдаа маш их эрч хүчтэй, тэнгэрлэг байдаг юм шиг санагддаг даа.

Манай нүдэн бор байна. Манай ангийг ёстой гоё болгож байгаа алтан гартай хүн. Түүний гараас гарсан бүхэн цэцэг болгон дэлгэрч байгаа адил тийм их сэтгэл шингэсэн гүн нарийн утга агуулгатай байдагсан. Хэний ч санаанд оромгүй зүйлийг гайхамшиг болгон хувиргадаг. Манай хашаанд байсан хэдэн төмөр утсаар нэг өдөр шувууны үүр шиг юм хийсэн байж билээ. Бид хэд яаж ч оролдоод дотор нь хийсэн тэр алимыг авч гаргаж ирээд идэх гээд чаддаггүй ээ. Долоо хонолоо. Манай бүдүүнээ бүр хажуудаа авч гаднаас нь үнэрлэж унтсансан. Нэг өдөр нүдэн бор маань бүдүүнээгээ өрөвдөөд нэг талаас нь татах шиг болсон өвөр дээр нь өнөөх амтат алим унаж билээ. Олон хоног болсон алим маань амт нь жаахан сул байсан боловч бид нар хуваагаад идсэн л юм даа.

Түүнээс хойш бид нар нүдэн борынхоо хийж байгаа бүхэнд цаг зав гарах бүрийд хичээнгүйлэн тусалсаар манай анги модны үндсээр хийсэн томоо ширээ дээр суурилуулсан шатартай, монгол ардын оньсон тоглоомын булантай, ханандаа эр цэргийн алдарыг магтан дуулсан сүрлэг зургуудтай, алдрын танхим маань тэр чигээрээ монгол эрийн нарийн арга ухаан шингэсэн бүтээлүүдээр дүүрсэн их л тохилог өргөө гэр маань болж хувирсандаа.

Бид оройн тооны дараа жаахан чөлөөт цаг гарахаар л ээлж дараалан өөрсдийн мэддэг үлгэр домог, түүхийг ярьдаг заншилтай болсон байлаа.

Гэтэл нэг удаа бид нар алаг нүдэнгийнхээ ярьсан түүхийг сонсоод их өрөвдөж билээ. Алаг нүдэн маань айлын бага хүү ихрийн өрөөсөн юм байсан юм байна лээ. Ээж нь сайхан хүүхэн тэрээр гурван хүүхдийнхээ хамт эр нөхөртэйгээ сайхан амьдарч байтал аав нь цэргийн хүн нэг удаа ажилдаа яваад ирээгүй юм байж. Сүүлд сургийг нь сонсоход тэр жилийн их түймэртэй тэмцэж байгаад тэнгэрт одсон байсан юм байж дээ. Ээж нь тэр жил том гэдэстэй, ядруухан байж хоёр ихрээ гаргах гэж сандарч байгаад биеийнх нь зарим хэсэг мэдээгүй болон хэвтрийн болоход хамгийн том охин нь дөнгөж долоохон настай үлджээ. Тэгээд л сургуулиас гаран ээжийгээ асрах, дөрвийн дөрвөн дүүгээ асрах гэж өөртөө ахадсан ачаанд жижигхэн бор ааруул шиг амьтан болсон юм гэнэ лээ. Тэгээд анх иргэний үнэмлэх авах гээд очиход нь эгчийгээ явуул энд юу хийж яваа юм гэж гологдож байсан юм байх . Тэрээр ажил хийн бид нарыг энд тэнд тараалгүй бүгдийг нь мөр бүтэн гэдэс цатгалан байлгах гэж бөгтөр жаахан болсон юм даа миний эгч. Долоо найман жил ээжийгээ асран тэнхрүүлж чадахгүй байхад нь муу ээж минь чамайгаа ингэж зовоож байдаг намайг уучлаарай би сайн ээж байж чадсангүй гэхэд ээжээ та энэ хорвоогийн хамгийн сайн сайхан ээж минь шүү дээ. Бид нар том болж байна, дүү нарын маань нэг нь эмч болно тэгээд таныгаа алхуулнаа та тэр болтол тэсээрэй дээ гэхэд тэгнэ тэгнэ тэгэлгүй яах вэ хэмээн нулимстай нүдээр охин руугаа харан гэрийн тулга тойрон суугаад шагай тоглох хүүхдүүдээ харан баярын нулимс унаган хэвтэж байсан юм. Би тэгэхэд ээжээс амттай юм авч өг гэж чангаахад ээж өгнө өгнө хүү минь өгнө тайвшир миний хүү чинь ухаантай шүү дээ гэж толгойг минь үнэрлэхэд би ээж муухай худалч гэж гарыг түлхэн гарч гүйж байсан юм. Харин эгч маань ээжийн ам дандаа хатдаг болохоор хэдэн ширхэг хатуу чихэр амьнаасаа илүү харамлан ээжид минь нэг чихрийг олон арав хуваан бага багаар нь хүлхүүлдэг байдаг байсан байгаа юм. Би тэгэхэд тэнэг хүү тэр амттаныг нь дандаа булаадаг байсан гээд л нулимсаа арчив. Тэгээд л нөгөө л хөөрхөн алаг нүдээ эргэлдүүлэн байж одоо ээж минь хэдэн хүүхдүүдийнхээ буянаар гэртээ биднийгээ хараад сэтгэл тэнэгэр хэвтсэн хэвээрээ байгаа. Би гол нь аав шигээ хүн болох гэж энд ирсэн юм шүү дээ. Тэгээд албаа хаасныхаа дараа муу ээжийгээ шагай шиг жаахан эгчийгээ гар дээрээ өргөнө тэд нарыгаа их санаж байна шүү. Дээр та нар санаж байна уу нэг цагаан даашинзтай бүсгүй ирээд намайг тэврээд байсныг та нар юу гээд байлаа тэр нөхөр чинь миний ихэр байхгүй юу.

Хн одоо найз нь та нартайгаа байгаадаа маш их баян байна. Ямар их бардам байна гээч. Анх чадах юм бараг байхгүй байлаа. Одоо юм бүхний дөртэй болж байна. Энд ирсэндээ цэрэгт явна гэж шийд гаргасан даа их баяртай байна даа гэж билээ.

Эр цэрэг байна аа гэдэг их сайхан. Ижилхэн хувцастай эгэл бор залуус. Нэр зүс ондоо ч эх орныхоо төлөө сэтгэл зүрх нь нэгдэн цохилдог юм. Манай ротын захирагчыг анх харахад их ширүүн төрхтэй. Харин хайр нь бол далд байдаг юм. Нэг удаа манай эмч төрөх гээд хот явсан бид эмч гүй байсан юм. Тэгэхэд манай нэг цэргийн бие муудахад жинхэнэ эцэг хүний ёсоор энэрэн асран байж тэнхрүүлсэн. Сүртэй төртэй ширүүн гэлээ ч сүүн цагаан сэтгэлтэй ёстой төрийн алтан багана шиг түшигтэй хүн дээ.
Бид нар цэрэгт ирснээс хойш юм бүхнийг ойлгох гэж, нарийн утга учрыг мэдрэх гэж өөрийгөө албадан хэл усанд хүртэл суралцаж байна даа.

Зарим ангид нэгнийгээ гоожуур энэ тэр гэж хочилдог гэсэн харин манай ангид бол тийм асуудал огт байдаггүй. Яагаад вэ гэвэл бид бүгд монгол аавын хүүхдүүд, хэдий зарим нэг нь сул дорой анхиагүй байдаг л даа нуугаад яах вэ байдаг л үзэгдэл. Харин энэ бүхнийг бидэнд зөвөөр ойлгуулсан хүн маань манай ротын захирагч.

Манай ангид туяхан согооноо гэдэг хочтой цэрэг байх. Бид хэд хаяа түүнийг гоочлоно. Галуун цуваагаар алхуулна. Жа нараас нууцаар хүнгүй үед л дээрэлхэнэ л дээ. Яаж дооглож байсан ганц ч үг дуугарахгүй хүрэнтээд л гүрдийгээд л байдаг сонин хүүхэд. Нэг удаа бид нарыг ротын захирагч харжээ. Тэгээд бид нарыг маргааш нь бүгдийг нь суулгаж байгаад монголын түүхийн шалгалт авдаг юм байна. Бид нарт мэдэх зүйл маруухан байлаа. Тэгтэл харин манай ротын захирагч бидний нөгөө туяхан согооноогоос маань олон хүнд хэцүү урьд нь сонсож ч байгаагүй асуултуудыг асуусан юм. Гэтэл бидний нөгөө дандаа дээрэлхүүлж байсан нусан жур маань улсын түүхийн олимпиадын аварга, самбо жу-догийн зэрэгтэй лут хүн байсан байгаа юм даа. Тэгээд бид нарт яагаад ингэж дээрэлхүүлээд байсныг нь асуухад хэрвээ хэн нэгэн надад уурлах юм бол би өөдөөс нь уурлалаа хэрэлдлээ зодолдлоо гэж бодъё л доо энэ яахав болоод өнгөрлөө гэж бодоход дараагийн удаад бид нар улам их өшөө хорсолтойгоор бие биеэнээ харах болно. Түүний оронд номхон хүлцэнгүй байснаар дайснаа ч хүртэл номхруулж болно гэж өвөө минь зааж сургасан юм. Тэгээд ч би өвөөгийн хүүхэд багаасаа эхгүй өнчин өрөөсөн өссөн. Өвөө минь намайг хүн хийх гэж бор цайнд чихэр хийн угжсаар өдий хүргэсэн юм. Миний ясан хэдрэг байгаагийн учир бол би эхийн сүү хөхөж өсөөгүйгийнх юм шүү дээ. Гэхдээ би та нарыгаа хэзээ ч буруу нүдээр харж байгаагүй, залуу байхад хүнд юу ч тохиолдож болно шүү дээ найз нараа гэхийг сонсоод бид нар өөрсдөөсөө их ичиж түүнээс хойш их мөрөн дөлгөөн , эрдэмтэй хүн даруу гэдэг ардын үг хичнээн үнэн болохыг мэдэрч найздаа шавь орон ангидаа анх удаагаа “Монгол нударга” гэж бүлгэм байгуулж байх вэ дээ.

Цэргийн алба биднийг эр хүн болгож, эвтэй хүчтэй, энэрэнгүйн ухаанд сурган, төрөө дээдлэн түмнээ халамжлан, өрх гэрээс өргөн монгол минь улбаалдагыг ухааруулж өгдөг дөө. Армийн гэсэн тодотголтой бүх хүмүүс ар гэр, эмнэлэг, сургууль гээд бүгд л дэг журамтай , тэнгэрлэг тэнхээтэй яваа зүрхэндээ тэнгэртэй, зүүдэндээ эх нутгаа харамладаг зөрүүд эх орончид байдаг юм.

Цэрэг эрс бид энхийн харуулд зогсоод чихээ ус гүйлгэчихээд маргааш нь дахиад л харуулд гардаг. Муу чих минь намрын навч шиг хэдэн ч удаа хөлдсөн юм гэссэн юм бүү мэд. Чих бол юу юм бэ, хөх мөнх тэнгэрээ шүтэн, хөрст алтан шороогоо хямгадан, сайхан монгол нутгаа харж, хамгааалж зогсох эр хүн болж төрсний бахархал минь байдаг юм.

Ер нь одоо бодоод байхад манай ротын захирагч их ухаантай хүн байж дээ. Биднийг өдий зэрэгтэй хүмүүжүүлж, бие биедээ дэмтэй нэгэн халуун ам бүл шиг болгосон ачтан минь юм шүү дээ.
Тэр жил цэрэг халагдах дөхөхөд бид хэд ангиасаа явмааргүй санагдаж байж билээ. Тэр шөнө сар ингээд хоноосой. Өглөө удаж ирээсэй хэмээн хэдэн биеэтэйгээ ижилдсэн бид хэд цурам хийлгүй хонож билээ.

Өглөө нь баярын жагсаал болон цэрэг халагдах үед манай ротын захирагч бид нарын өмнө ёслоод монгол эрийн босоо хийморь, морьтон монгол эрс минь, та нар одоо эх орны хүү, та нар одоо эх орны тэнгэр боллоо, амгалан үед энхийн харуул, азтай монголын ирээдүйн баатрууд, эх орныхоо атга шороо ариун агаар, эрх чөлөөний төлөө амиа алдраа өргөх эрэлхэг хүүхдүүд минь та нараараа бахархаж байна. Нүдэндээ галтай, сэтгэлдээ замаа олсон, чин хүсэлдээ эх нутгаа монгол эрдэм ухаанаа дээдэлсэн эр цэрэг та нарынхаа өмнө хүндэтгэн ёсолж байгаадаа би та нараараа бахархаж бардамнаж байна.

Эзэн Чингисээс улбаалсан энэ уудам сайхан нутгаа харийн гарт алдалгүй, хацар гоо охидоо хамгаалан , эх нутгийнхаа атга шороог ч атаатанд бүү алдагтун. Амарж хэвтээд алжаах аваас тэртээ дээрээс тэнгэрийн ташуур харвасан сум шиг шунгинан ирж хайр найргүй хариу нэхэх болно. Хамаг оршнол нь тэнгэртээ гагнагдсан эрэлхэг монгол эр цэрэг, эх орны хүү та нартаа энэ сайхан уудам нутгаа даатгалаа шүү гэж билээ.

Тиймээ , тэр үг өнөөдөр үр зүрхийг минь дэлдэн, өвчүү цээжийг минь галын дөлөөр хайран, ташуураа барин босож ирэх шалтгаан минь болж байна. Би эр хүн, эгэл жирийн эх орондоо хайртай хүү , эрин зууныг гатлан эрэлхэг суман ташуур шуурга мэт шунгинан айсуй. Эх орон минь таньдаа мөргөмү.

Төрөө дээдэлсэн тэнгэрлэг Монголын
Түшиг тулгуур эрэлхэг монгол дайчид минь ээ
Эх орондоо чи хэрэгтэй, Энд чи байсан байх болно

Монголын эрэлхэг хөвгүүдэд зориулав
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...