Сайн байна уу миний хайртай ааваа. Таньдаа олноос онцгой энэ өдрийн мэндийг хүргэе. Таньдаа захиа бичмээр санагдаад, холын холоос эрх шар охин нь мэндчилж байна. Хорвоод хүн болж төрсөний утга учрыг төгс харуулж буй таниараа хүүхдүүд нь үргэлж бахархаж явдаг шүү. Та минь байнга захидаг: " Хүнд худлаа хэлж, хулгай хийж л болохгүй. Аливаа зүйлийг том бага гэлгүй чин үнэн сэтгэлээсээ хийж яваарай " гэдэг үгийг тань үргэлж бодож явдааг.

Холбоо хэмээх их айлтай идэр залуу наснаасаа эхлээд бүх насаа холбон явахдаа бүгд таныг хүндлэн явж ирсэн нь таны минь энэ зарчимын л илрэл юмуу хэмээн охин бодож явдаг юм. Та санаж байна уу жаахан байхад зурагтын гудамжны нарийхан замаар дүүтэй гурвуулаа усанд яваад. Өвөл явах их гоё та бид хоёрыг чарган дээрээ суулгаад өөрөө чирээд гүйдэгсэн. Бас анх намайг нэгдүгээр ангид ороход та намайг хөтлөөд оруулж байсан, өөр сургуулиудруу шилжихэд та л хөтөлж очдог байсан. Мөн их сургуульд ороход хүртэл та минь л гараас минь хөтөлж оруулж байсан. Ямар нэг тэмцээн уралдаанд ороход та л мөн ажлынхаа хажуугаар ирээд үзчихсэн сууж байдагсан. Тэр ч бүү хэл алс холын энэ АНУ-д ирэхэд минь хүртэл та хоёр минь хүргэж ирсэн шүү дээ.

Таны минь гар дандаа халуун байдагсан. Таньдаа хөтлүүлээд алхах ямар гоё байдаг гээч. Бас жаахан байхдаа таныг автобусанд дуулахаар би ичдэг байж билээ...хэхэ. Харин өөрөө том болсон чинь бас дуулдаг болчихсон. Багадаа би аавынхаа гуравхан юмыг дуурайсан гэж их хэлдэг байжээ тэ. Тэгсэн ээж саяхан: Миний охин ээжийнхээ гадаад төрхийг л дуурайсан болохоос дотоод сэтгэл гээд бүх зүйл чинь яг аавыгаа дуурайжээ гэж хэлсэн. Би зөндөө инээсэн бас их баярласан. Таньдаа нэг сайхан үнсүүлэх юмсан. Яагаад ч юм таны үлдээсэн хоол их амттай байдаг шүү...Хаяа ажил дээрээ байхад чинь охиноо ганц үнсчих л дээ гээд эвгүй байдалд оруулдаг бол уучлаарай. Тэгэхдээ л та үнсдэг ш дээ тэ...хэхэ. Хар багаасаа л байнга үнсүүлсээр байгаад муу зан сурчихжээ. Яг одоо энийг бичиж байхад таны минь үнэр үнэртэх шиг.

Хөөрхөн гүнжээг минь надаас ч илүү харж, асарч, өсгөж өгч байгаа та хоёртоо охин нь зөндөө их баярлалаа. Намайг, дүү нарыг минь, ач, зээ нараа өөрсдөөсөө ч илүү хайрлаж, биднийхээ төлөө үргэлж явж байдагт тань баярлалаа миний сайхан ээж, аав хоёр минь.

Зээ охиныг нь гаргаж өгөх гэж байхад та минь л мөн хамгийн их хүлээж, надтай хамт зэрэг өвдөж билээ. Дэндүү уяхан аав минь дээ. Охин нь таньдаа ямар их хайртай гээч. Тусдаа амьдрал зохиож гарсан хойноо ч таниасаа мөн их авсан даа. Эр хүнийг би таниараа төлөөлөн, тань шиг минь л байх ёстой хэмээн бодож байсан ч та минь цор ганц юм байна гэдгийг ухаарсаан охин нь.

Хэзээдээ яаж амжуулж, яаж болгодог байна гэмээр гайхалтай хүн шүү та минь. Аав минь та охиныхоо хувьд яг л бүхнийг гүйцэтгэгч ид шидтэн шиг байдаг. Ямарч зүйлийг болгодог, бүтээдэг чинь үнэхээр агуу. Энэ нь магад таны минь хэр их нэр хүндтэй, хүний төлөө гэсэн сэтгэл гаргадагын чинь илрэл ч юмуу даа. Цэндийн охин хэмээн хэлүүлж байхдаа би хувь хүнээрээ байхыг хүсч байсаан аав минь. Таны нэрээр биш өөрийнхөө чадлаар явъя гэж их боддог байлаа. Харин одоо ингээд эргэцүүлээд байхад үгүй юм байна. Та минь миний дуудах нэрний минь тодотгол юм байна. Би аав шигээ хүн болоорой гэж хэлүүлэх хэрээрээ таныхаа нэрийг улам өөрийнхөө нэрнээс илүү хадгалж явах хэрэгтэйгээ ухамсарлаж байгаа. Та минь хэлдэг дээ: " Аав нь сайн ханьтай учирсан болохоор өнөөдөр өдий зэрэгтэй явж байна. Миний хүүхдүүдийн ээж хамгийн сайхан, ховор эмэгтэй шүү " гэж. Тиймээ та хоёр минь энэ хорвоогийн хамгийн гайхалтай ЭЭЖ, ААВ шүү.

Насны тоогоор, ухааны тань хэрээр үс нь бууралтаж яваа ч гэлээ аав минь та наддаа мөнхийн залуугаараа. Надаас хэн нэг нь чи азтай бүсгүй юу хэмээвээс охин нь ам дүүрэн << ТИЙМЭЭ БИ ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН АЗТАЙ БҮСГҮЙ >> гэж хэлнэ. Тиймээ зөвхөн таныхаа л охин болж төрсөнөөрөө би энэ ертөнцийн хамгийн азтай охион. Та минь урт удаан насалж үр хүүхэд, ач зээ, гуч дөч нартаа амьдралын ухаанаа харамгүй зааж сургаарай миний хайртай аав минь. Таныхаа удмыг булингартуулахгүй явна гэдгээ охин нь таньдаа амлаж байна.

ХАЙРТАЙ ААВ ТАНЬДАА ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. Сая утсаар ярихад та минь яг л намайг хамгийн түрүүнд мэнд хүргэнэ гэж харж хүлээж байсан байна. Тэгэлгүй яахавээ аав минь...би нь таныхаа хайртай эрх шар охин шүү дээ.

Ухааны тоогоор үс тань бууралтсан ч

Ухаант аав минь та наддаа л залуугаараа

Насны тоогоор санчиг тань мөнгөрсөн ч

Намхан буурал аав минь та бидэндээ л сүрлэг

Өөрийнхөө гараар бүтээсэн амьдрал тань

Үндэстэй мод шиг үржин тэлж

Үр ач, удам угсаа тань

Ургаа хад шиг бат бөх байх болноо

Санах л юм даа таныгаа гэвч

Зорьсондоо хүрээд удахгүй очиноо

Шар охиноо санан бэтгэрэхдээ

Сэмхэн дотроо мэгшдэгийг тань охин нь мэднээ миний сайхан ААВАА.


Түрүү жил хоёр хүү тань хөөрхөн ач хүү, ач охин хоёр гаргаж өгч бэлэг барьж байсан бол, энэ жил охин нь анхныхаа номыг гаргаж таньдаа бэлэг барьж байна.

                                                                                     Бичсэн Ц. Байгальмаа