Голын ус урсаж чимээнд нь чулуу уйлагнах 
Гоо бүсгүй дэргэд нь суухуй алганы хээ нь торгон элсэнд гарч 
Голомтоо бэдэрсэн шоргоолж хөлий нь уланд хэсүүчлэх 
Гоолиг охидын бие ширэг зүлгэн дээр цайрах 
Зуны сарын сайхныг би мэднэ 
     Хайлган намраар цас орж бодол хайрлах 
     Хатсан өвс буцах шувуудын нулимс даалгүй хугарах 
     Хавийн хүмүүс өвөөгий минь ярьж намайг энхрийлэх 
     Хаа байгаа хол эгчээс зурагтай захиа ирэх 
     Намрын сарын гунигийг би мэднэ 
Өвөр дээр минь цасан ширхэг унаж хайлах 
Өвөг аав минь гаансныхаа толгойд дулаацаж толгодын энгэрт сууж 
Өнжин хүлээсэн ижий минв малаас ирээд намайг үнсэх 
Өвлийн сарын бүлээнийг би мэднэ 
     Халуун нүдэн дээр сэрүүн бороо дусах 
     Харьж буцсан шувууд чамд хэлэх үгийг минь тээж авчирах 
     Хадганд боосон сэвлэг үс мэт ногоо үнэрлэх 
     Хаанаас ч юм ирсэн шинэ охид цэцэн шиг санагдах 
     Хаврын сарын зөөлнийг би мэднэ 

Бүх л насаараа нэг хүнд дурлах 
Буй биеэрээ сэрүүн зүүдэндээ итгэж саран доор орших 
Бүр холын одноос хүн ирэхийг хүлээж өөрсдөө бас угтах 
Бүрэг даруу энэ л заяандаа баярлаж олон жил амьдрах 
Орчлонгын сайхныг би мэднэ...

анар