Хутагт Нагаржунай
Лкаарамба Лувсан Жинба
Тайлбар*
Бурхан Бурхан гэдэг үг нь "БУДДХА" гэсэн санcкрит үг юм. Энэтхэг хэлэнд дараалан орсон хоёр " д" үсгийг " р" үсгээр дууддаг тул "буддха" гэдэг үгийг "бурха" гэж дууддаг байжээ. Энэ нь сунжирсааар Монгол хэлэнд Бурхан гэж дуудагдах болсон байна. Үүнийг үгчлэн орчуулваас "ариусан дэлгэрэгч" гэж орчуулдаг. Тиймээс Христийн шашинд хэрэглэх буй бурхан гэдэг үг нь "ертөнцийн эзэн" -ий нэр бус, Бурхан багшийн Буддха гэсэн нэр болохыг энд тодруулах нь зүй.
МБШИС- н багш, гэвш А.БАТЦЭНГЭЛ
-----------------------------
Монгол хэлний бурхан гэсэн үг Будда гэсэн утгатай юу, этимологийн хувьд тэндээс орж ирсэн эсэх нь тун ч ярвигтай, маргаантай асуудал билээ. Манай зарим нэртэй эрдэмтэд энэ үгийг гаднаас орж ирээгүй, язгуурын Монгол хэлнийх гэж үздэг. Бөө мөргөлийн зан үйлтэй холбоотойгоор тайлбарласан нь ч бий, хожуу үеийн Шарын шашин дэлгэрсэнтэй холбоотой гэж үзсэн нь ч бий. Ямартай ч эцсийн дүгнэлтийг аль ч тал гаргаж чадаагүй.
Орчин цагийн хэрэглээ
-------------------------------------
Ардын хувьсгалаас өмнө шарын шашинд нэвт орсон монголчууд бурхан гэх үгийг нэг л шашны утгаар нь ойлгож хэрэглэж ирсэнтэй хэн ч маргахгүй. Харин Коммунист он жилүүдэд шарын шашны гэгдэх бүхэн устгагдаж, хожмын үеийнхэн судар ном зан үйлийг нь ч танихаа байсан. Шашны олон нэр томъёо хэрэглээнээс арчигдсан, үүний дунд бурхан гэх үгийг зөвхөн шарын шашны шүтлэг бишрэлтэй холбож ойлгохоо больсны бэлээхэн том илрэл бол хуучин цагийн европын сонгодог бүтээлүүдэд олонтаа дурдагддаг Орос хэлний Бог, Англи God, Франц Dieu, Герман Gott гэсэн үгсийг бурхан - тэнгэр гэж орчуулахдаа бичгийн их хүмүүс маань, 1-рт өөрсдөө Европийн соёл Буддын соёл тэс өмнөө гэдгийг мэддэг төдийгүй, 2-рт уншигч олон нь энэ үгийг Будда гэж буруу ойлгоод дундан зууны францчууд буддист байжээ гэж хэрхэвч санахгүй гэдгийг мэддэг байсан бизээ. Зөвхөн тэр цагийн уран зохиол бүү хэл, манайхны барууны кино хөрвүүлэгт ч бурхан гэсэн үгийг хэрэглэж байгаад ямар ч асуудал гарахгүй байгаа нь энэ үгийн утга зөвхөн Буддын шашинд хамаатай гэсэн явцуу ойлголт ташаа болохыг харуулна.
Бусад улс орнуудын туршлага
-------------------------------------------------
Библи бол дэлхийн номер нэг гүйлгээтэй ном. Дэлхийн хамгийн олон хэл дээр орчуулагдсан ном бол зөвхөн Библи. Одоогийн байдлаар Библийн ямар нэгэн хэсгийг 2000 гаруй хэлээр хөрвүүлэн буулгасан гэсэн мэдээ бий. Тухайн орчуулагч бүрт тулгардаг томоохон бэрхшээл бол Библийн түлхүүр үгсийг утга санааг нь гажуудуулалгүйгээр буулгах явдал. Библи орчуулгын онолоор, нэг бол хуучин үгийг хэрэглэж шинэ утгыг хэвшүүлэх, эсвэл тухайн утгыг илэрхийлж чадахуйц шинэ үгийг бүтээх, эс бөгөөс хамгийн эцсийн арга болох гадаад үгийг нутагшуулах. Манай Монголд бурхан гэсэн үгийг хэрэглэж байгаа нь тийм ч бузар булай ёсонд үл нийцэх явдал биш, харин гол анхаарах асуудал нь уг үгийн цаадах утга санааг сайтар тайлбарлан таниулах ёстой гэж санадаг.
Эцэст хэлэхэд
----------------------
Дээрх товчхон тайлбарыг уншаад, эрхэм уншигч та Христэд итгэгч ч бай, итгэдэггүй ч бай нэгийг тунгаах буйзаа хэмээн хүснэ.