"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
"Анод" банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр хоригдохоосоо өмнө Засгийн газраас 40 тэрбум төгрөгийн авлагаа нэхсэн нэгэн захиаг Ерөнхий сайдад илгээсэн гэсэн яриа бий. Энэ талаар сэтгүүлчид холбогдох хүмүүсээс лавласан боловч тэд "Тийм юм байхгүй" гэсээр өнөөг хүрэв. Өөрөөр хэлбэл, Монголбанк "Анод" банкинд төлөөлөгчөө суулгаж цагдаагийнхан захирлуудыг нь барьж хорьсноос хойш Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нар хангалттай худлаа ярилаа. Одоо боллоо.
Тэднийг цаашид дахин худлаа яриулахыг хүсэхгүй байна. Тиймээс дараахь баримтыг дэлгэж байна.
Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр Ерөнхий сайд С.Баярт дараахь захидлыг илгээжээ. Захианы он сар өдөр 2008 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийг зааж байна. Тэрбээр захидлаа "Монгол Улсын Ерөнхий сайд танаа" гэж эхлээд "2008 оны гуравдугаар сараас эхэлсэн Монголын банкны системд үүссэн бэлэн мөнгөний хомсдол туйлдаа хүрлээ. Үүн дээр янз бүрийн эх сурвалжаас гарч буй банкуудын эсрэг сөрөг үйл ажиллагаа улам ташуур өгч байна.
Өнөөдрийн байдлаар 10 тэрбумыг гаргаж чадаагүйгээс нэг банк унавал 146 тэрбумын өрөнд төр орно. Нэг банк унаснаас бүх банк унавал 1.3 триллионы өрөнд төр орно. Бүх банк унавал Монголын эдийн засаг сүйрнэ. Эдийн засаг хямрахад иргэний дайн үүсэх аюул байна.
Та Засгийн газрын тэргүүний хувиар яаралтай арга хэмжээ авахгүй бол Монгол Улсын банк санхүүгийн хямрал эхлэх хугацаа өдрөөр бус цаг, минутаар хэмжигдэж байна.
Манай банкны хувьд 140 орчим тэрбумын найдвартай авлага байгаагаас Засгийн газраас 40 тэрбумын авлагатай.
Та дэлхий дахинаас, урд хойд хөршүүдээс жишээ авна уу.
Маргааш 40 тэрбумыг өгөх боломжгүй тохиолдолд бид банкаа төрд хүлээлгэн өгье. Хүндэтгэсэн "Анод" банкны Гүйцэтгэх захирал Д.Энхтөр" гэжээ.
Энэ захидалд хэд хэдэн анхаарал татам асуудлыг хөнджээ. Тухайлбал, Монголын банкны системийн хямрал аль гуравдугаар сараас эхэлсэн байж. Өөрөөр хэлбэл эрхэм Ерөнхий сайдыг Ерөнхий сайд болсны дараахнаас гэсэн үг.
Гэвч Ерөнхий сайд сонгуульд намаа ялуулахын төлөө бүх юм сайн сайхан байгаа гэж худлаа ярьсаар өнөөг хүрсэн бололтой. Мөн "Анод" банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр "Засгийн газар манай банкинд 40 тэрбумын өртэй" гэдгийг хэлээд ганцхан өдрийн дотор өгнө үү хэмээн тулгажээ. Мэдээж ингэж тулгах шаардлага байсан байх. Мөнгөө авахаар хангалттай хөөцөлдөөд эцэстээ энэ захиаг бичсэн байх. Гэтэл Ерөнхий сайд өрөө төлснөөс харин банкийг нь дампууруулж өөрийг нь шоронд хорих нь илүү амар гэж боджээ. Тэр ёсоор ч болж. Захиа Ерөнхий сайдад очсоноос хойш хэдхэн хоногийн дараа Монголбанк "Анод" банкны үйл ажиллагааг тогтворгүй болгосон гэж үзээд үйл ажиллагааг нь хязгаарлаж "яс баригч"-аа илгээв. Үүнийгээ Монголбанк "Бидний хийсэн шалгалтаар ийм зүйл илэрлээ" гэсэн байсан. Гэтэл ердөө л өмнөхөн нь "Анод" банк бол Монголын арилжааны 16 банк дотроосоо эхнээсээ дөрөвт ордог сайн банк гэж тунхаглаж байснаа мартчихаад "Бид илрүүлэв" хэмээн сайрхдаг байгаа. Д.Энхтөр захирлын хэлснээр бол "Маргааш Засгийн газар 40 тэрбумаа өгөхгүй бол бид банкаа төрд хүлээлгэж өгье" гэсэн амандаа хүрсэн байж. Мэдээж Монголбанк Ерөнхий сайдын мэдэлд байдаггүй учраас шууд захиргаадаж чадахгүй. Харин цагдаагаар бол хүссэн бүхнээ хийлгэж чадна. Хууль зүй, дотоод хэргийн яам ЦЕГ-ыг удирддаг бол ЦЕГ-ын даргыг Ерөнхий сайд шууд томилдог. Тэгэхээр Д.Сандаг-Очир генералыг С.Баяр томилсон. Тэгэхээр юу хүссэнээ Ц.Нямдоржоос гадна түүнд бас хэлчихэж болно гэсэн үг. Тэгээд ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ үйл явдал болохоос ганцхан долоо хоногийн өмнө МҮОНТ-ээр "Зарим нэг хүмүүсийг байх ёстой газар нь тавина. Нэр төрөө золиосолж байгаад ч хамаагүй" гэж ярьж байсан билээ. "Анод"-ын захирлуудыг баривчилсан нь түүнийх нь эхлэл ч байж магадгүй. Харин Засгийн газар "Анод" банкинд ямар учраас өртэй болсон тухай баримтыг одоо сөхье.
"ЭХБУТ" ХК цахилгаан дамжуулах агаарын ажлын гүйцэтгэл 500 сая төгрөг,
"Очир төв" ХХК морь барианы газрын ажлын мөнгө гэж 400 сая төгрөг,
Лүнгээс Улаанбаатарын хүртэлх замын ажлын найман тэрбум төгрөг
Завхан аймгийн Тосонцэнгэлээс Тэлмэн сумын ЦДАШ-ын ажлын гүйцэтгэл гэж 310 сая төгрөг,
Монроуд ХХК-ийн Лүнгээс Эрдэнэсант сум хүртэлх замын ажлын мөнгө найман тэрбум төгрөг,
Архангай аймгийн Хануйн гүүр-Халзан бүргэдэй чиглэлийн замын ажлын гүйцэтгэл 21 тэрбум төгрөг,
Булган аймгийн Дашинчилэн сумын Орхоны гүүрний замын ажлын хоёр тэрбум төгрөг.
Эдгээр мөнгийг Засгийн газар төлөх ёстой. Учир нь Засгийн газраас зарласан тендерийн дагуу хувийн компаниуд ажлыг нь хийж гүйцэтгэсэн байгаа. Харин "Анод" банк эхлээд компаниудад зээл олгож дараа нь мөнгөө Засгийн газраас эргүүлэн авах нөхцөлтэйгээр олгосон. Тэгэхээр хувийн компаниудын буруу гэж байхгүй. Харин мөнгөө төлөхгүй хувийн банкийг дампуурлын ирмэг рүү түлхэж байгаа С.Баярын Засгийн газар л буруутай. Тэгсэн атлаа мөнгөө нэхсэн захирлыг нь барьж авч хорьчихоод Сангийн сайдтайгаа нийлээд худлаа яриад суух нь үнэхээр хачирхалтай л юм. Хоёр сайдын худлаа яриад байгааг эгдүүцсэн ЗГХЭГ-ын нэгэн түшмэл энэхүү баримтуудыг задлахыг хүссэн юм. Нэг танхимд тохой залган суух атлаа хэнэггүй худлаа ярихыг чинь хармаагүй байна гэсэн шүү. Ямартай ч энэ баримтуудыг хараад дахиад худлаа ярихгүй гэдэгт итгэнэ. Ардчилсан оронд Засгийн газар нь хувийн бизнесийг дэмждэг болохоос хурааж аваад хорьж цагддаггүй. Тиймээс С.Баярын Засгийн газар "Анод" банкинд өрөө төлөх л ёстой. "Анод" бол Д.Энхтөрийнх биш, Н.Даваагийнх биш. Харин ард түмнийх учраас хэн дуртай нь хэмлэж тараагаад барьж хориод байж боломгүй л санагдана.