Зөгийн балны ашиг тус

 

 

 

2010-02-18   Ардын эрх сонин

 Зөгийн балыг зөвхөн хүнсэндээ төдийгүй өөр олон төрлийн зориулалтаар хэрэглэх боломжтой юм. Тав, зургадугаар сард гаргаж авсан зөгийн бал хамгийн сайн чанарынх байдаг бөгөөд ийм зөгийн бал нь өтгөн бордуу өнгөтэй байдаг гэнэ.

Зөгийн бал олон төрлийн витамин, эрдэс, хордлогыг эсэргүүцэгч бодис агуулсан байдаг байна.

Зөгийн баланд ямар нэг өөх, тос, давс, хлостерин байдаггүй. Зөгийн бал муудна гэж байдаггүй. Заримдаа тундасжсан юм шиг байдаг нь зүгээр кристалл үүссэнтэй холбоотой ба бүлээн устай саванд хэдэн минут тавихад л яг шинэхэн юм шиг тунгалаг болдог байна.


Эрүүл мэнд

Зөгийн бал нь эмчилгээний шинж чанартай байдаг. Эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт гурван удаа 100-200 гр зөгийн бал хэрэглэж болно. Үүнийг бүлээн усанд уусган хоол идэхээс 1.5-2 цагийн өмнө буюу хоол идсэнээс хойш гурван цагийн дараа ууна. Зөгийн балыг шинэхэн сүү, ээдэмтэй хэрэглэж болдог. Хамрын ханиад, ханиадны үед нэг ширхэг нимбэгийг шахаж шүүсийг нь гаргаж аваад 100 г зөгийн балтай хольж, унтахын өмнө халуун цай, эсвэл сүүгээр даруулан ууна.

Бронхитын үед

Нэг шилэн аяга луувангийн шинэхэн шүүсийг таван халбага зөгийн балтай холиод, цайны халбагаар өдөрт 4-5 удаа ууна.


Биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор

Хушгыг нунтаглаад зөгийн балтай 1:1-ийн харьцаатайгаар холино. Өдөрт 3-4 удаа уугаарай. Өдрийн хэмжээ 100 г-аас хэтэрч болохгүй.

Ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний өвчний үед

Бүлээн усанд уусгаж хэрэглэх хэрэгтэй. Нэг удаад 50 мл зөгийн бал байхад хангалттай. Хоол идэхээс 1.5-2 цагийн өмнө уугаарай.

Толгойн өвчний үед

Хоолоо идсэний дараа хоёр цайны халбага зөгийн бал иднэ. Харин өдрийн хэмжээ зургаан цайны халбагаас хэтрэхгүй байх ёстой.

Нойргүйдлийн үед

Нэг хоолны халбага зөгийн балыг нэг шилэн аяга бүлээн усанд хийж хутгаад унтахын өмнө уугаарай.


Зүрх судасны өвчний үед

Зүрх судасны өвчтэй хүмүүс гэрээсээ холхон явах үедээ заавал биедээ ямар нэгэн эм, тариа авч явахгүй бол аюултай байдаг. Тэгвэл эдгээр хүмүүст зориулсан энгийн аргыг зөвлөе. Даралт огцом өсөж, дотор давчдах үед дараах аргыг хэрэглээд үзээрэй.


Зөгийн балтай тараг

Нэг аяга тарганд 1-2 цайны халбага зөгийн бал мөн ганц чимх халуун ногоо, лаврын үндэс хийж өдөр бүр ууна.


Зөгийн бал, хүрэн манжингийн шүүс

Үүний тулд нэг хоолны халбага зөгийн бал нэг хоолны халбага хүрэн манжингийн шүүс мөн нэг хоолны халбага үрж нунтагласан лууван, нэг аяга нимбэгний шүүс хэрэгтэй. Хольж бэлтгэсэн бэлдмэлийг хоолны халбагаар өдөрт гурван удаа хоол идэхээс 1-2 цагийн өмнө ууна. Хэсэг хугацаанд завсарласны дараа дахин хэрэглэж болно.


Нүдсэн кофе, зөгийн бал болон нимбэгний шүүс

50 гр нүдэж нутагласан кофе, 0,5 кг зөгийн бал мөн нэг ширхэг нимбэгний шүүсийг хольж хутгана. Үүнийг өдөрт 3-4 удаа буюу цайны халбагаар нэгийг хоол идсэнээс хоёр цагийн дараа хэрэглэнэ.