ГАХАЙН ТОМУУГААС СЭРГИЙЛЭХ, ДАРХЛАА САЙЖРУУЛАХ ХООЛ ХҮНС
ГАХАЙН ТОМУУГААС СЭРГИЙЛЭХ, ДАРХЛАА САЙЖРУУЛАХ ХООЛ ХҮНС
Шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэ. Ханиадны вирус нь хуурай орчинд илүү өсөж үрждэг. Иймд буцалсан ус, ногоон цай, жимсний цэвэр жүүс, тослог багатай сүү зэргийг оролцуулсан шингэн ундааг өдөрт 8-10 аягыг ууж хэрэглэ. Энэ нь бие махбодийн шингэн төлөв байдлыг хадгалж вирус үржих нөхцлийг багасгана.

Жимс, хүнсний ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэ. Аливаа халдварын үед бие махбодид явагдах хэт исэлдэлтийн урвалын эсрэг үйлчилгээтэй антиоксидантууд болох аминдэм А, С, Е, цайр, селен нь жимс, хүнсний ногоонд их хэмжээгээр агуулагддаг. Антиоксидантуудын хамгийн сайн эх үүсвэрүүд нь ургамлын гаралтай хүнс болох жимс, ногоо, самар, үр ба тод өнгөтэй жимс, ногооны хальсанд их хэмжээгээр агуулагддаг.

Хангалттай хэмжээний уураг хэрэглэ. Уургаар баялаг, өөхгүй хар мах хангалттай хэмжээгээр хэрэглэ. Вирусын халдвараас сэргийлэх гол хамгаалах эсүүд болох цусны цагаан эсүүдийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь хүнс, хоолоор авч буй уураг юм. Хангалттай хэмжээний уураг хэрэглэх нь цусны цагаан эсийн тоог нэмэгдүүлж, вирусын халдварт өртөх эрсдлийг бууруулна. Загас, малын өөхгүй хар мах, тослог багатай сүү, цагаан идээ, аарц, өндөг зэрэг нь биологийн өндөр үнэ цэнэтэй уургийг агуулдаг.

Үл орлогдох тосны хүчлүүд. Үл орлогдох тосны хүчлүүд нь вирусын халдварын үед эсийн мембраны бүрэн бүтэн байдлыг хадгалахад онцгой үүрэгтэй. Эдгээр тосны хүчлүүд нь шингэн тосонд илүү их агуулагддаг. Загас, олив, коконат, төрөл бүрийн самар, үрийн тос нь маш чухал эх үүсвэрүүд юм. Бидний хэрэглэдэг таван хошуу малын махнаас адууны маханд үл орлогдох буюу ханаагүй тосны хүчлийн хэмжээ харьцангуй их байдаг.

Архи, согтууруулах ундаа. Архийг хэтрүүлж хэрэглэх нь бие махбодийн дулаан үүсэлт, эсийн дархлаанд чухал үүрэгтэй бичил тэжээлийн бодисуудыг хүний бие махбодоос гадагшлуулдаг. Архийг өндөр тунгаар хэрэглэх нь дархлалын эсийн үйл ажиллагааг алдагдуулж, бактер, вирусын эсрэг үйлдлийн түвшинг нь бууруулдаг.

ХООЛ СУДЛАЛЫН ТӨВ