Давсагны үрэвслээс сэргийлэх тухай

Эрүүл мэнд  | 2009 / 04 / 17

Давсагны үрэвсэл буюу цистит гэдэг нь шээсний замын цочмог үрэвсэлт өвчинд багтдаг давсагны салст бүрхэвчийн үрэвсэл юм. Эл эмгэг нь ихэвчлэн доороосоо даарснаас, хэт ядарснаас болон хувийн ариун цэврийг муу сахиснаас үүсдэг. Илрэх гол шинж тэмдэг нь ойр ойрхон, бага багаар өвдөлттэй хорсож шээх, умдагны орчмоор өвдөх, шээсээ барьж чадахгүй зэрэг болно. Зарим тохиолдолд шээсний өнгө, үнэр өөрчлөгдөх ба цусны хольцтой байх тохиолдол ч бий.


Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Эл өвчнөөр хэн ч өвдөж болзошгүй учир доорх дэглэмийг чанд сахих нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

  • Шээсээ удаан барихгүй байх. Чинэрсэн давсагны судас нь татагдаж нарийссанаас цусан хангамж муудаж улмаар цусаар халдварлах эрсдэлтэй юм. Үүнээс гадна шээсээ удаан барих нь шээсэн дэх элдэв бактери, бичил биетний үржих таатай нөхцөл болдог байна.
  • Хувийн ариун цэвэр маш чухал. Ямар нэг угаах бодис, саван, хөөс зэргийг хэрэглэхгүйгээр өдөрт 2 удаа буцалсан бүлээн усаар эсвэл содтой бүлээн усаар угаах.
  • Өдөрт 6-8 аяга буцалсан ус уух.
  • Бэлгийн харилцааны өмнө давсгаа сулласан байх.
  • Нийлэг эдээр хийсэн дотуур хувцаснаас татгалзах.
  • Хэзээ ч даарч болохгүй.
  • Хэт ядрахаас сэрэмжил.
  • Сайн унтаж амрах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх.
  • Гэрийн нөхцөлд хийж болох зарим эмчилгээ:

    • Шарсан хуурсан, халуун ногоо, нөөшилсөн хүнс болон хийжүүлсэн ундаа хэрэглэхээс зайлсхийх. Харин сүү сүүн бүтээгдэхүүн, жимс ногоо, шинэхэн өргөст хэмх, байцааг түлхүү хэрэглэх нь зүйтэй.
    • Балжингарамын ханд бүхий 37-38 хэмийн халуун усны ууранд 10 минутаар 2 удаа суух нь үр дүнтэй.
    • Өдөрт 1.5 литрээс багагүй шингэн уух. Тэхийн шээг, аньсны хандыг өдөрт 3 удаа уух.
    • Хэсэг газар халуун бүлээн жин тавих нь эерэгээр нөлөөлнө. Үүнд нэг жинг бүсэлхийн доогуур, нөгөөг нь хоёр хөлийн хооронд гэх мэт.
    • Үргэлж хуурай, дулаан байх хэрэгтэй. Даарахаас сэргийлж дулаан хувцаслаж байх нь чухал