Та амархан өвчин тусч байна уу

Одоо үед чинь бид хүүхдээ ханиад хүрэх сургаар л эмийн сан руу гүйж, эмийн санчийн мэдэмхийрч санал болгосон мэдэх мэдэхгүй олон эмээр үр хүүхдээ бөмбөгдөх болжээ. Олон ч таних танихгүй эм гарч. Гэвч тэр бүр тэд эм болж хүүхдүүдэд маань үйлчлэхээсээ илүү тэдний дархлаажуулалтыг сулруулж, ирээдүйд эмнээс хамааралтай сулбагар нэгэн болгохоос цаашгүй юм. Хоёр гурван жилийн өмнөөс чухам ийм шалтгаанаар АНУ-ын бүх бага насны хүүхдэд зориулсан ханиадны эмнүүдийг зарахыг хориглосон байдаг. Хамгийн чухал нь та хүүхдээ ханиад тусахаас нь өмнө урьдчилан сэргийлж дархлааг нь сайжруулах хэрэгтэй. Хүн дархлаагаа хэрхэн сайжруулж аливаа өвчнөөс өөрийгөө хамгаалж болох талаар Баянзүрх дүүргийн Эруул Мэндийн Нэгдлийн ахлах зэрэгтэй эмч, анагаах ухааны магистр Н.ОЮУНХИШИГЭЭС тодрууллаа.

ДАРХЛАА ГЭЖ ЮУ ВЭ?

Юун түрүүнд дархлаа гэж юу болохыг тайлбарлаж өгье. “Энэ нь эмгэг төрүүлэгч, микробууд түүний ялгаруулдаг хорт бодисын үйлчилгээнд нэрвэгдэхгүй байх бие махбодын чанар юм.” Дархлаа төрөлхийн, байгалийн, олдмол, идэвхитэй, идэвхигүй гэх мэтээр ангилдаг. Хэрвээ таны хүүхэд дархлаа султай бол юун түрүүнд хоол хүнсээр нь дамжуулан амин дэм өгөх хэрэгтэй. Хавар болоход хүүхэд нойрмоглох, өвчин тусамтгай болдог. Энэ нь мэдрэл болон бие махбодийн тамир сулъдах хэт ядарсантай холбоотой юм. Хаврын урт өдрүүдэд хүүхдээс гадна хөгшчүүл хүртэл өөрөө ч мэдэлгүй ядарч сульдан өвчин тусамтгай болдог. Хөгшчүүлийн хувьд элдэв хууч өвчин нь сэдэрдэг ч тал бий. Мөн сэтгэл санааны тогтворгүй байдал, байгаль орчны бохирдол, үр хүүхэд гэр орны таагүй уур амьсгал зэргээс болж ядарч сульдах, амархан уурлаж бухимдах, толгой өвдөх, ханиад хүрээд эдгэхгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол та ядаргаанд орж, дархлаа суларсан байгааг илтгэж буй юм. Тиймээс хүүхэд хөгшин гэлтгүй бүх хүмүүсийн дархлааг сайжруулж, өвчин тусахаас хамгаалдаг хэдэн аргыг танд зөвлөе.

АМИН ДЭМЭЭР ХАНГАХ

Хавар бие организмд витамин их дутагддаг. Сайн чанарын поливитамины комплекс асуудлыг шийдэхэд тустай. Хүүхдийн бие сэргэж, илүү тамир тэнхээ орох боловч хаврын ядаргааны бүх шинж витамин ууснаар арилна гэж бүү найдаарай. Хүүхдийн биеийн байдал сайжрах ч хаврын нозоорол бүрмөсөн арилахгүй. Тиймээс нүүрс усаар баялаг /цагаан талх, гоймон, эрдэнэ шиш гэх мэт/ бүтээгдэхүүн хоол хүнсэнд оруулаарай. Тархи 75 хувь усаар бүрддэг тул шингэн зүйл аль болох их хэрэглэх сайн. Сургуульд явахад цүнхэнд нь жижиг савласан буцалсан ус хийж болно.

БАЙГАЛИЙН ГЭРЭЛ ХАМГААС ЧУХАЛ

Нарлаг өдөр эрүүл агаарт гарахыг чухалчил. Өвөл цонх хаалттай үед нүүрсхүчлийн хий их болдог тул тархины ажиллах чадварыг үлэмж бууруулж, нойр хүргэж ядрах шалтгаан болох нь бий. Иймд тогтмол салхинд гарах, тасалгаандаа нойтон цэвэрлэгээ хийж агаар оруулж байх хэрэгтэй.

БИЕИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ИДЭВХЖҮҮЛ

Спортын секц, бассейн, бүжгийн дугуйланд явдаг хүүхдүүд өвдөх, ядрах нь ховор байдаг. Хавар дулаан цагт гадаа нарлаж, хүүхдийг гадаа их тоглуулах нь стресс үүсч өвчин тусахаас сэргийлдэг.

Т.Дөлгөөн