Эмэгтэйчүүд үр тогтсон тодорхой огноог ихэнхдээ мэддэггүй ч гэлээ сүүлийн сарын тэмдэгийн мөчлөг эхэлсэн өдрөө мэдэж байдаг. Тийм болохоор жирэмсний хугацаагаа энэ өдрөөс эхлэн тоолдог. Дийлэнх эмэгтэйчүүд үр тогтох хамгийн өндөр магадлалтай үе буюу овуляц нь сарын тэмдэгийн мөчлөгийн дунд үед таардаг. Өөрөөр хэлбэл дараагийн мөчлөг эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө.
 
Ингэж үзвэл жирэмсний үргэлжлэх хугацаа нь жирэмслэхийн өмнө сүүлийн сарын тэмдэгийн мөчлөгийн эхлээс эхлээд 280 хоног буюу 40 долоо хоног. /Манайхан жирэмсний долоо хоногийг ихэвчлэн “нидээль” гэж хэлээд байдаг. Долоо хоног гэдгийг оросоор “неделя” гэдэг бөгөөд эмч нар тэмдэглэгээ хийхдээ оросоор бичдэгээс болоод ингэж хэлээд сурчихсан байх. / Тэгэхээр хөл хүнд болсон эмэгтэй сүүлийн мөчлөгийн сарын тэмдэг ирсэн өдөр дээрээ энэ 280 хоногийг нэмээд төрөх боломжтой огноог тооцон гаргаж болно.

 

Мөн сарын тэмдэгийн сүүлийн мөчлөгийн өдөр дээр 7 хоногийг нэмээд 3 сарыг хасвал дээрхий адилаар төрөх боломжтой огноог гарган авч болно. Жишээлэхэд, сүүлийн биеийн юм 2-р сарын 20-нд эхэлсэн бол төрөх боломжтой огноог энэ аргаар тооцвол 11-р сарын 27 болж байна.

 

Жирэмсний явцыг тооцох энэхүү арга нь ургийн гестациийн буюу сарын тэмдэгийн насыг тодорхойлдог. Эмч нар энэ цагалбарын дагуу ургийн хөгжлийн хянаж байдаг. Үүнээс өөр овуляцын буюу өндөгөн эс гадагшлах мөчлөгийн нас гэж бас байдаг. Энэ нас нь үр тогтох мөчөөс эхлэн тоологддог бөгөөд сарын тэмдэгийн наснаас хоёр долоо хоногоор бага байдаг.

Жирэмсний хугацааг долоо хоногоор хэмжих нь хамгийн тохиромжтой. Ингэхдээ тооцоог сүүлийн сарын тэмдэг ирсэн өдрөөс эхлэн тооцож гаргадаг гэдгийг мартаж болохгүй. Тэгээд хэрэв эмч үзээд 10 “нидээльтэй” жирэмсэн байна гэвэл жинхэнэ үр тогтолт нь 8 “нидээль”-ийн өмнө буюу 8 долоо хоногийн өмнө явагдсан бөгөөд жирэмсний нийт хугацаа нь 40 долоо хоног болохоор төрөлт нь 30 долоо хоногийн дараа явагдана гэсэн үг.

 

Аргын тооллын нэг сар 30 хоногтой байдаг бол билгийн тооллын нэг сар нь 28 хоногтой байдаг. Тэгэхээр жирэмсний үргэлжлэх 280 хоног гэдэг нь билгийн тооллын 10 сар болно.

 

Гэхдээ дээр дурдагдсан төрөх боломжтой огноо гэдэг нь ойролцоо өдөр гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлвэл дээр дурдсан аргуудаар тооцон гаргасан төрөх боломжтой огноо гэдэг нэг ёсны баримжаа өдөр юм. Нийт эмэгтэйчүүдийн 90 нь энэ баримжаа өдрөөс долоо хоногийн өмнө, эсвэл долоо хоногийн дараа төрдөг. Тэгэхээр эмэгтэй хүн баримжаагаар боломжтой өдөр төрнө гэж тооцоод шаардлагатай бүх бэлтгэлийг базаах хэрэгтэй гэсэн үг.

 

Солонгос улсад амьдарч буй Монголчуудын Сэван эмнэлэг

 

web site : www.sewanghospital.mn

tell : 02-2299-3589, 010-7743-6265