Шороонд сааралтсан хар хүрмээ гөвөх аядахдаа тэнцвэр алдан унасан залуу газраар нэвсийх хогон дундаас арайхийн бослоо. Энэ удаад хүрмээ гөвөх гэж хичээсэнгүй. Харин шонг налж байгаад сорви болсон гараараа халтартсан царайгаа илэх аж. Ийш тийш хэсэг харж, амандаа ямар нэг зүйлийг бувтнаж байснаа хашаа налан тэнтэр тунтар алхсаар булан тойрлоо. Түүний энэ байдал хүмүүст содон санагдаагүй бололтой. Хажуугаар нь өнгөрөхдөө архины эхүүн үнэр, бохир байдлаас нь сэжиглэж хамраа дарах охидыг эс тооцвол түүнийг хүн гэж анзаарах хүн алга. Ийм үзэгдлийг хотын төв вокзалын урд байрлах “Уянга” хүнсний дэлгүүрийн ойр хавиас харж болно. Мөн ‘‘тасарч’’ унаад тавтайхан хурхираад нойрсох нэгэнтэй ч тааралдана. Ийнхүү хэвтэх тэдэн рүү хогоо хээв нэг шидчих, эсвэл дээгүүр нь гишгэлээд гарах хүмүүс ч бий. Яагаад гэвэл тэд “архичин”. Харин хэн ч харсан мэдлэг боловсролтой, амьдралын боломжтой, өнгө зүс сайтай нэгнийг бол “архичин” гэж хэзээ ч хэлдэггүй.

Олон хүн өөрт тохиолдсон бэрхшээл, гуниг, зовлон зэргээ мартахын тулд архи уудаг гэх. Архи ууснаар хүний ой ухаан самуурч, өөрт тохиолдсон бэрхшээлээ мартдаг байна. Гэвч маргааш өглөө сэрэхэд урьдын бэрхшээлүүд  нь хэвээрээ л байдаг. Тиймээс архи гэгч ундаа хүний амьдралыг бэрхшээл, зовлон гунигаас ангижруулж чаддаггүй аж.

Архины хамааралтай хүн гэх хэнийг хэлэх вэ?  

Саяхныг хүртэл архидалтыг хувь хүний ёс суртахуунтай холбон тайлбарлаж архичин хэмээн нэрийдэн ад шоо үзэж нийгмээс тусгаарлах зэргээр тэдэнд зэмлэл шийтгэл хүлээлгэсээр ирсэн. Өнөөдөр шинжлэх ухаан үүнийг хүмүүсийн эрүүл мэндийн асуудал болгон тайлбарлаж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн Наркологийн есдүгээр тасгийн ахлагч эмч Б.Энхчимэг энэ тухай  “Согтууруулах ундааны төрлийн зүйлийг байнга хэтрүүлэн хэрэглэснээр хүний бие махбодь оюун санаа түүнээс хамааралтай болж улмаар сэтгэц, зан үйлд өөрчлөлт орохыг архины шалтгаант сэтгэц, зан үйлийн өвчин гэж нэрлэдэг. Уг өвчнөөр согтууруулах ундааны хэрэглээндээ хяналт тавьж чаддаггүй хүмүүс өвчлөх магадлал өндөр байдаг. Мэргэжил, боловсрол, мэдлэг чадвар, нас хүйс хамаарахгүйгээр энэхүү өвчинд нэрвэгдэж болно” гэв.

Архины асуудалтай хүний эргэн тойронд хэрүүл маргаан, айдас түгшүүр, эмх замбараагүй байдал, сэтгэл гутрал гэх мэт таагүй үзэгдлүүд дагалдаж явдаг аж.  Бид орон гэргүй, гудамж талбайд архи уудаг хүмүүсийг л архины хамааралтай хүмүүс гэж ойлгодог. Харин амьдралын боломжтой хүмүүс өөрийгөө архины асуудалтай болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх нь ховор байдаг аж. “Надад ажил төрөл, гэр орон, найз нөхөд, мөнгө төгрөг бүгд байна. Тиймээс би архины асуудалтай биш” хэмээн өөртөө болон өрөөл бусдад үгүйсгэн тайлбарлах хандлага элбэг тохиолддог. Түүнчлэн би бусдын адил уудаг, нийтээрээ, нийгмээрээ л ууж байна гэж тайлбарлах явдал ч ажиглагддаг. Үүнд тэмдэглэлт олон баяр ёслол нөлөөлдөг аж.

“Архидалт  мансуурлын эсрэг ассоциаци”-ийн тэргүүн Д.Баяраа хэлэхдээ “Архины хамааралтай хүмүүс гэж согтууруулах ундааны хэрэглээндээ хяналт тавих чадваргүй, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олноосоо архидалтын асуудлаар зэмлэл шүүмжлэл сонсох болсон, уурлах, үгүйсгэх, түрэмгийлэх, худлаа ярих зэрэг зан үйлд нь өөрчлөлт орсон хүнийг хэлнэ” гэв. Мөн архидалтыг аль болох эрт илрүүлнэ, архинд донтох өвчтөний эдгэрэх боломж төдий чинээ сайн байдаг аж.

ДЭМБ архидан согтуурсны улмаас согтох, хордох, архинд донтох євчтэй болохоос гадна зvрхний титэм судасны євчин, тархинд цус харвах, чихрийн шижин, элэгний хатуурал, улаан хоолой, элэгний хавдар, эпилепси, осол гэмтэл зэрэг 60 гаруй євчин архидалтай холбоотой байна гэж vзэж байна. Насанд хvрэгсдийн 51.2 хувь нь архийг хэтрvvлэн хэрэглэж байгаагийн найман хувь нь эмэгтэйчvvд байна. Мөн манай оронд сvvлийн 15 жилд архинд донтох өвчний эзлэх хувь 2.7 дахин өссөн аж. Хордлогын яаралтай тусламжийн vндэсний тєвийн албан ёсны мэдээ баримтаас vзэхэд сvvлийн таван жилд, жил бvр архины цочмог хордлого бvхий 180-200 өвчтөн ирж тусламж авч байгаагийн зургаан хувь нь нас барсан байна.

Архи нь дэлхийн олон улс оронд хэрэглэдэг мансууруулах бодис юм. Дэлхийн хэмжээнд жил бvр 1.8 сая хvн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж байна. Үүнээс үзэхэд өвчин эмгэгийн улмаас нас барсан нийт тохиолдлын 3.2 хувийг эзэлж байгаа юм. Архидалт нь хувь хүний хүрээнээс хальж гэр бүлийн бүх гишүүдийг давхар сэтгэл санааны хямралд оруулж улмаар өвчлүүлдэг. Нэг өвчтөний цаана 60 хүн санаа зовсон, айсан, зовнилтой хүмүүс байдаг гэсэн судалгаа гарчээ.

Архины хамаарлаас гарах арга зам бий юу?

Архины хор хөнөөлийг бууруулах, нийгэмд нүүрлээд байгаа энэ тахлыг бага ч гэсэн "эдгэрүүлэх" гэж хичээж зорьж байгаа хүмүүс олон бий. Гэвч алхам тутамд халаасан дахь хэдээ царайчлах манай нийгэмд архины эсрэг сурталчилгаа ч бас өнөөх мөнгө хэмээгч "ноёнтон"-оос болоод үр дүнд хүрэхгүй байна. Хөрөнгө мөнгө зарахгүй гэсэндээ ч тэр үү, бид өнөөх хэдэн архи уудаг хүмүүсээ ад үзээд, архи ууж болохгүй, "чи бол архичин" гээд тусыг эс олов. Архидалт багассангүй харин ч нэмэгдсээр. Тиймээс одоо арай өөр өнцгөөс нь харж, архи уулаа гэж үглэх биш, архины хор хөнөөлийн талаар ойлгуулж, зөв боловсрол олгоход анхаарал хандуулах нь чухал аж.

Мөн согтууруулах ундааны татварыг өндөрсгөж, спиртийн төрлийн зүйлийг мэдээллийн хэрэгслээр сурталчлахгүй байх, архинд донтогсдын эмчилгээ, эдгэрлийн төвүүдийг нээн ажиллуулах зэрэг зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Гадны жишээ дурьдахад Польш улс 1980-аад онд архины эсрэг үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулаад, архинаас авдаг онцгой албан татварынхаа гурав хүрэхгүй хувийг зарцуулсан байна. Ганц Польш ч биш, Дани, Герман зэрэг олон орон энэ аргаар архидалтыг тодорхой хэмжээнд буруулсан аж. Бидний хувьд "хадны мангаа" мэт хүлээж авдаг эрүүлжүүлэх байрыг жинхэнэ утгаар нь үйлчилгээний газар болгон, албадан эмчилгээ гэгддэг “айж зугтдаг” эмнэлгүүдийг чанаржуулах шаардлагатай байна.

Угтаа хүн бүр л архидалтын эсрэг тэмцэх юм бол энэ бүгд амархан шийдэгдэж чадна. Эс бөгөөс та ч гэсэн өөрөө “архичин ” хэмээн цоллуулах цаг ирэх аж.

 

Солонгос улс дахь Монголчуудын Сэван эмнэлэг

Web site : www.sewanghospital.mn

Email : medical_82@yahoo.com

Tell : 02-2299-3589, 010-7743-6265.