Умайн хүзүүний хорт хавдар болон түүнээс урдчилан сэргийлэх нь

 

Эмэгтэйчүүдийн үржлийн эрхтнүүдийн дотроос хамгийн хорт хавдранд өртөмтгэй нь умайн хүзүү байдаг.

Умайн хүзүүний хавдар гэдэг нь умайн хүзүүний эд эсэд өөрчлөлт орохыг хэлнэ. Жирийн үед эс нь хуваагдан төлжих замаар бие махбодид шаардлагатай шинэ эс бий болж байдаг. Өөрөөр хэлбэл хөгширч үхсэн эсийн оронд дахин шинэ эс нөхөгдөн бий болж байдаг тасралтгүй үйл явц юм. Хүний папилома вирус (HPV)  умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг болохыг шинжлэх ухаан баттайгаар тогтоогоод байгаа юм. Энэ вирус бэлгийн хавьтлын үед умайн хүзүүнд нэвтрэн орж  тэнд вирусийн сүрэг бөөгнөрөл үүсгэн суурьшдаг. Эдгээр вирусын нөлөөгөөр хэвийн эсүүд өөрчлөлтөнд орж эсийн гаж хувирал явагдаж  хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хавдар үүсэхэд нөлөөлдөг шалтгаанууд гэвэл:

 

-Бэлгийн харьцаанд хэт эрт насанд орох

-Тамхи татах зэрэг хорт зуршил

-Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх

-Ариун цэвэр сахихгүй, бэлгэвч хэрэглэхгүй байх

 

Умайн хүзүүний хавдрыг ямар ямар аргаар эрт оношилж болох вэ?

-Эмэгтэйчүүдийн үзлэг

-Умайн хүзүүний дурандалт \кольпоскоп\ - Энэ нь умайн хүзүүг томруулан харах --шинжилгээний арга бөгөөд телевизийн дэлгэцээр үйлчлүүлэгчид өөрт нь илэрч байгаа өөрчлөлтийг харуулан тайлбарлах боломжийг олгодог.

-Умайн хүзүүний эсийн шинжилгээ (пaп тест) - Энэ нь умайн хүзүүний сувгаас тусгай зориулалтын сойзоор дээж авч шинжилдэг арга. Маш энгийн ажилбар, эмэгтэйд ямар нэгэн таагүй мэдрэмж төрдөггүй.

Умайн хүзүүний эдийн шинжилгээ - Энэ нь эсийн шинжилгээ эргэлзээтэй гарсан тохиолдолд умайн хүзүүнээс жижиг эд таслан авч шинжлэх арга.

НPV-ийн шинжилгээ.  Хавдар үүсгэж байгаа хүний папилома вирусыг нүдээрээ харан оношлох боломжгүй учраас зөвхөн эсийн шинжилгээгээр энэ вирус байгаа үгүйг, хэрвээ байвал хавдар үүсгэх өндөр эрсдэл байгаа эсэхийг тогтооно.

 

Эсийн шинжилгээ өгөхдөө ямар шаардлагыг хангах ёстой вэ?

-Шинжилгээ өгөхөөс  48 цагийн өмнө усанд, шүршүүрт орж болохгүй

-Шинжилгээ өгөхөөс  48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй

-Шинжилгээ өгөхөөс  48 цагийн өмнө тампон, жирэмснээс хамгаалах эм мөн -эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэж болохгүй

 

Хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Хавдрын эхэн үед ямар ч шинж тэмдэг илэрдэггүйд хамаг аюул оршино. Энэ өвчнийг зөвхөн эмчид үзүүлж эсийн шинжилгээ өгснөөр илрүүлэх боломжтой. Өвчин  хүндэрч хожуу шатандаа орсон үед бэлгийн харьцааны үеээр цусархаг ялгадас гарах, мөн үтрээнээс махны шүүс шиг ялгадас гарах, хэвлийн доод хэсгээр өвдөх, гуя цавь руу өвдөх, ядарч сульдах шинж илэрнэ.

 

Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой юу?

Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Мөн хавдрыг эрт үе шатанд нь илрүүлбэл төгс эмчлэгддэг. Хожуу үе шатанд орсон хавдрыг зөвхөн мэс заслын аргаар эмчилнэ.

 

Анхдагч урьдчилан сэргийлэлт 

-Бэлгийн тогтвортой харилцагчтай байх (эхнэр, нөхөр)

-Бэлгийн харьцааг хэт эрт эхлэхгүй байх

-Бэлгийн ариун ёс журам болон ариун цэврийг сахих

-Тамхи татах зэрэг хорт зуршлаас татгалзах

-Хоол хүнсэндээ жимс, ногоо, витаминлаг хүнс хэрэглэх

-Умайн хүзүүний эсийн шинжилгээ тогтмол өгч байх

 

Хамгийн баталгаатай  урьдчилан сэргийлэлт

Умайн хүзүүний хорт хавдрын 70%-ийг үүсгэдэг хүний папилома вирусын (HPV) эсрэг вакциныг гаргаж авсан байгаа билээ. Вакциныг барууны өндөр хөгжилтэй (АНУ, Герман) орнуудад 11-12 насны бэлгийн харьцаанд орж эхлээгүй охидуудад хийдэг. Вакциныг  гурван үе шаттайгаар хийх ба эхний тунг хийлгэснээс хойш 3 ба 6 сарын дараа хоёр, гуравдугаар тунг хийдэг. Вакцин хийлгэснээрээ HPV-ын халдвараас бүрэн сэргийлэх боломжтой. Вакциныг 2006 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд HPV-ийн вакцины 3 удаагийн тунгийн үнэ нь 360 доллар байдаг. Манай улсад мөн орж ирээд байгаа.

 

Бүсгүй танд захихад 35-аас дээш насандаа жилд 1 удаа, үгүйдээ 2 жилд 1 удаа өөрөө, сайн дураараа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж хавдрын шинжилгээнд хамрагдаад  сэтгэл тайван алхаж байгаарай. Хавдраас сэргийлэх тийм хэцүү биш шүү. Хорт хавдар заавал ямар нэгэн эмгэг дээр суурилж  үүсдэг учраас архаг өвчнөө сайн эмчлүүлж байхаа мартуузай. “За яахав, зав болохгүй байна” гэж хойш нь тавьж болохгүй шүү. Цаг алдалгүй үзүүлж шинжилгээ, эмчилгээ хийлгэж сураарай. Өвчилсөн хойно их мөнгө барьж гүйх биш, өвчнөөс урьдчилан сэргийлэхдээ багахан мөнгө зарцуулбал дээр буйз аа.

 

Сөүл хотын Каннам болон Кансо дүүрэгт байрлах Миз Мэди эмэгтэйчүүдийн эмнэлэгт Монгол орчуулагч ажиллаж байна.

 

Утас: 010-5510-4494

www.mizmedi.com