Өнөөдөр Монголд төдийгүй дэлхий нийтэд хүнсний аюулгүй байдал гэдэг хам­гийн том тулгамдсан асуудал болоод байна. Бид өдөр тутам хүнсэндээ эрүүл бүтээгдэхүүн хэрэг­лэж байгаа эсэхдээ эргэлздэг, айдаг боллоо… Гэвч энэ талаар төрийн бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлсэн дорвитой арга хэм­жээ үгүйлэгдсээр. Энэ сэдвээр мэргэжилтнүүд өгүүлж байна.
Төрийн бодлогын тулгуур, үнд­сүүдийн нэг нь хүнсний бодлого бөгөөд энэ нь хүн амын хүнсний хангамж, хүнсний эрүүл ахуй, хүнсний тэжээллэг чанар, шимт байдал гэсэн зүйлд төвлөрч байх ёстой.
Дэлхий нийтийн анхаарлын төвд хурдацтай өсөн нэмэгдэж буй хүн амыг тэжээллэг, шимт байдлаа алдаагүй, эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангасан хүнсээр хангах асуудал тулгараад байна.
Энэ асуудлыг шийдвэрлэх янз бүрийн боломж, гарцыг дэлхийн улс орнууд олохыг хичээж байна. АНУ, Аргентин, Канад, Хятад зэрэг орнууд генетикийн өөрчлөлттэй хүнс (GMF-genetically modified foods) үйлдвэрлэх замаар хүн амын хүнсний хангамж, хүрэлцээг нэмэг­дүүлэхийг зорьж байна. Генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 99% нь эдгээр орнуудад ноогддог .
АНУ-ын Хүнс, ХАА-н байгуул­лага (FAO)-аас хийсэн судал­гаагаар дэлхийн нийт хүнсний бүтээгдэхүүний зөвхөн 1% нь ямар ч химийн орц найрлагагүй, жинхэнэ цэвэр байдаг ажээ.
Генетикийн өөрчлөлттэй хүнс­ний үйлдвэрлэл газар тариалангийн салбарт түлхүү ашиглагдаж байна. Энэ нь урьд өмнө байгаагүй ашигтай шинж чанарыг бий болгож чадах генийг ургамалд нэмэх замаар тухайн ургамлын болцыг түргэсгэн хэмжээ гарцыг нь нэмэгдүүлж, ган гачиг болон хортон шавьжийг тэсвэрлэх чадварыг нь сайжруулсан хүнс юм. Эрдэнэ шиш, шар буурцаг, улаан лооль, төмс зэрэг хүнс генийн өөрчлөлтөд хамгийн их өртсөн байдаг гэсэн судалгааг эрдэмтэд хийжээ.
Хамгийн анх 1992 онд АНУ-д Калифорнийн Калжина компани Flavr Savr гэж нэрлэгдсэн улаан лоолийг генетикийн өөрч­лөлтийн тусламжтайгаар гарган авчээ. Ердийн улаан лоольтой харьцуулахад том, болц сайтай зэрэг давуу талтайгаас хэсэг хуга­цаанд борлуулалт нь маш сайн байв. Удалгүй амт муутай гэсэн шалтгаанаар хэрэглэгчдийн худал­дан авалт эрс буурахад түүнийг даршлан лаазлах, кетчуп хийх замаар борлуулах болжээ.
Генетик организм агуулсан хүнсний үйлдвэрлэл 1995 оноос хойш эрчимжиж эхэлсэн бөгөөд Америк­чууд хүнсэндээ зориулж байгаа нийт мөнгөнийхөө 90%-ийг бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнд зарцуулж, тэдгээрийнх нь 70% нь генетик өөрчлөлттэй хүнс байдаг байна .
2000 онд дэлхийн 13 орон генетикийн өөрчлөлттэй хүнс, ургам­­лыг худалдаанд гаргасны 68%-ийг АНУ, 23%-ийг Аргентин, 7%-ийг Канад, 1%-ийг Хятадад үйлдвэрлэжээ. Мөн энэ онд Авст­рали, Болгар, Герман, Мексик, Румын, Испани, Өмнөд Америкт бага хэмжээгээр үйлдвэрлэж бай­жээ. Генетикийн өөрчлөлттэй хүнсний үйлдвэрлэлийн 82%-ийг шар буурцаг эзэлдэг ба тэдгээрийн 74% нь зэрлэг хогийн ургамлыг тэсвэрлэх, 19% нь хортон шавьжийг эсэргүүцэх чадвартай нэмэлт гентэй байсан байна .
Өнөөдөр генетикийн өөрчлөлт­тэй хүнсний бүтээг­дэхүүний хэрэг­лээ, хүний бие махбодид хэрхэн нөлөөлөх талаар санал зөрсөөр.
Үүнд:
Хүнсний бүтээгдэхүүнд гене­тикийн өөрчлөлттэй организм хэрэглэхийг хориглох
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд уламжлалт болон биотехнологийн ололтыг хамтад нь хэрэглэх
Экологийн цэвэр бүтээг­дэхүүнээс ялгаж салган, гене­тикийн өөрч­лөлттэй организм агуулсан талаар тэмдэглэгээ хийж, тэгснээр энэ төрлийн мэдээллийг үндэслэж сон­голт хийх эрхийг нь хэрэглэгчдэд эдлүүлэх
Европын холбоо, Австрали, Япон, БНСУ зэрэг орнууд гене­тикийн өөрчлөлттэй хүнсийг хүний генд, цаашлаад үр удамд нь сөрөг нөлөөтэй гэж үзэн үйлдвэрлэл, тариалалтыг нь хязгаарлах, хүнсний бүтээгдэхүүний орцод гене­тикийн өөрчлөлт­тэй организм 0,9-өөс дээш хувиар орсон бол генетикийн өөрч­лөлт­тэй хүнс гэсэн тэмдэглэгээ, хаяглалт хийхийг шаардаж, эколо­гийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэр­лэлийг дэмжих чиглэлтэй байна.
АНУ болон хөгжиж буй зарим орнууд хүнсний хангамжийг нэмэг­дүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэр­лэлийн бүтээмжийг дээш­лүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзэж, хүний биед сөрөг нөлөөтэй нь нотлогдоогүй гэсэн тайлбарыг хийж генетикийн өөрчлөлттэй хүнсний үйлдвэрлэл, тариалалт эрхэлсээр.
Ихэнх улс орнууд генетикийн өөрчлөлттэй хүнсний талаарх төрийн бодлогыг тодорхойлж, хол­бог­дох арга хэмжээг авсаар байна.

Хэрэглэж буй хүнснийхээ дийлэн­­хийг нь импортоор хангадаг манай орны хувьд төрөөс энэ асуудалд хэрхэн яаж хандах нь тодорхойгүй, ард иргэд нь энэ талаар мэдээлэл, мэдлэг муутай байсаар л ..